![]() |
МАНАН-гийн тухай “Алтан Дорнод Монгол”-ын ерөнхий захирал Т.Ганболдын хэлсэн хоёр ноцтой баримт
"Алтан Дорнод Монгол” компанийн ерөнхий захирал Т.Ганболд өчигдөр "25 дугаар суваг” телевизийн "Ам нээвэл” ярилцлагад оролцож хэд хэдэн баримт дэлгэснээс хоёрыг нь онцолж байна.
Уг хоёр баримт нь улстөр,эдийн засаг, хууль,хяналтын байгууллагын сүлжээ болсон МАНАН бүлэглэлийг илчилсэн баримт байлаа.
БАРИМТ 1:
Т.Ганболдын ярьснаар 2013 онд ИЗН С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг гэсэн 3 даргатай байжээ. Тус нам 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бэлтгэж байсан ч С.Дэмбэрэл болон Т.Ганболд нарт хамаагүй шахам нэг асуудлаар шалтаглан эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тухайн үеийн УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нь Т.Ганболдын үеэл ах бөгөөд ах, дүү хоёрт эрүүгийн хэрэг үүсгэх нь ИЗН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шантааж байсан бололтой.
Т.Ганболдын хэлснээр, уг эрүүгийн хэрэг Ерөнхийлөгчид нэр дэвшигчид мандатаа авсны маргааш хүчингүй болсон гэнэ. Уг сонгуульд АН-аас Ц.Элбэгдорж, МАН-аас Б.Бат-Эрдэнэ,МАХН-аас Н.Удвал нар нэр дэвшиж, Ц.Элбэгдорж ялалт байгуулсан.
Эндээс дүгнэхэд МАНАН-гийн толгойлогч Ц.Элбэгдорж өөрөө дахин нэг удаа ялахын тулд өөрийнх нь саналыг хувааж магадгүй ИЗН-ыг тоглоомноос хасаад, харин МАН-ын саналыг хуваахаар МАХН-ыг нэр дэвшүүлэх ажиллагаа хийжээ.
Т.Ганболдын дүгнэсэнчлэн Монголын улстөр тоглоомын талбар болсон бөгөөд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль тэр зарчмаар л болжээ.
БАРИМТ 2:
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин сайдын албан тушаалаасаа буухаас өмнө Ерөнхий прокурор Д.Дорлигжавын дансанд "Алтан Дорнод Монгол”-оос дөрвөн сая ам.доллар шилжсэн гэх баримтыг гаргаж байсан. Тэгвэл Т.Ганболд энэ тухай өчигдөр анх удаа олон нийтэд ам нээлээ. Тэрбээр "Тухайн үед их хэмжээний мөнгө манай данснаас ерөнхий прокурорын төрсөн дүүгийн эхнэрийн дансанд шилжсэн. Энэ асуудал хууль,хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа учраас илүүг ярих боломжгүй” гэв.
Тэрбээр Х.Тэмүүжинг Хууль зүйн сайд байхад бухимдаж орж уулзаж байжээ.
Х.Тэмүүжинг дээрх баримтыг дэлгэсний дараа тухайн үеийн сөрөг хүчин буюу МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Т.Ганболдтой ирж уулзаад,”наад баримтуудаа өгөөч,сөрөг хүчнийхэн бид "алаад өгье” гээд явжээ. Гэвч намынхаа дарга нарт танилцуулаад л нам болсон хэмээн Т.Ганболд хэлэв. Тухайн үеийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хүртэл тэмцье,жагсья гээд явж байснаа чимээгүй болжээ.
Энэ бол МАНАН бүлэглэл хууль,хяналтынхантай нягт холбоотойг батлах том жишээ болоод үлджээ.
Ярилцлагыг бүрэн эхээр нь видеоноос үзнэ үү.
