| |
Ж.Батзандан: Намын удирдлагуудын шийдвэрийг гайхаж байна
АН-ын Үндсэн дүрмийн хороо өнөөдөр хуралдаж, намын дүрэм, заалтуудыг зөрчсөн УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хөөж, УИХ-ын гишүүн Д.Мурат, Л.Болд нарыг АН-аас төрийн сонгуульд нэр дэвших эрхийг 4 жилийн хугацаанд хасах шийдвэр гаргасан.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар дөнгөж сая мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Өнөөгийн улстөрийн нөхцөл байдал монголын түүхийн эргэлтийн онцгой түүхийн цаг үе болж байна. Өнгөрсөн баасан гаригт УИХ онцгой чухал шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулж намаасаа хөөгдлөө. Би намын удирдлагуудын шийдвэрийг гайхаж байна. Гэхдээ монголоосоо хөөгдөөгүйдээ баярлаж байна. АН-ын шинэчлэлд би гар бие оролцсон. АН-ын эв нэгдлийн төлөө би зүтгэж ирсэн. Гэтэл буруу зүйлд зүтгэж иржээ. АН шинэчлэгдээгүй юм байна. С.Эрдэнэ намыг шинэчлэсэн гэж худлаа ярьж ирсэн байна. Тиймээс одоо би энэ тэмцлийг эхлүүлж байна. АН-ын шударга гишүүддээ баярлаж явдагаа илэрхийлж байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Л.Болд "Өнгөрсөн баасан гаригт Монгол Улсад эрх чөлөөний хувьсгал болсон. Бид 1990 онд талбай дээр өлсгөлөн зарлаж АН эрх чөлөөний хувьсгалыг хийж байсан. Гэвч эрх баригчид ард түмний эд зүйлийг хулгайлж ирсэн тул би энэ хувьсгалд сэтгэл дундуур явж ирсэн. Одоо Төрийн ордонд хувьсгал хиймээр байна. Засгийн газрыг огцруулах асуудал бол эрх баригч намын хагарал. Үүнд АН ямарч хамаагүй. АН-аас гарын үсэг цуглуулж яваагүй. АН огцруулах санал гаргаагүй. Тиймээс өнөөдрийн гаргасан шийдвэрийг хараад гутарч байна. Гэтэл намын бүлгээ авч үлдэхийн тулд намайг үлдээж, Ж.Батзанданг намаас хөөж байна. Тиймээс би бүлгээс гарахаа мэдэгдэж байна. Цаашдаа намаа шинэчлэхээр нэгдэж байна. Гэхдээ би намаас гарахгүй" гэлээ.
Б.Анир