| |
АН-ын бүлэг “сайд нартаа хариуцлага тооцохоос нааш сайдад нэр дэвшигчийг дэмжихгүй” гэв
УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж ХХААХҮ-ийн сайдын томилгоо болон Ерөнхийлөгчийн 2019 оны төсөвт тавьсан хоригийг хэлэлцлээ. Бүлгийнхээ хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Б.Пүрэвдорж гишүүн нар мэдээлэл хийлээ.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Манай намын бүлгийн зүгээс Засгийн газарт өөрт нь болон гишүүдэд нь хариуцлага тооцох шаардлагыг долоон удаа хүргүүлсэн. Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэсэн энэ байр суурь хэвээрээ байгаа. Хэрэв Засгийн газрыг огцруулах санал орж ирвэл бид дэмжинэ. Үүнийг зарим буруу ташаа мэдээллээр сааруулахыг оролдож байх шиг байна. Засгийн газрыг огцруулахаар болбол бид хуралдаанд оролцож дэмжинэ. Үүнээс гадна ЖДҮХС-гийн зээлийн асуудалд нэр холбогдсон сайд нартаа хариуцлага тооцохгүй ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигчийг дэмжихгүй.
Ерөнхийлөгчийн хоригийн тухайд АН-ын бүлэг дэмжинэ. Өмнө нь манай намын бүлэг төсөвт хориг тавихыг Ерөнхийлөгчид хандаж уриалж байсан. Хоригийг хүлээн авч төсвийн зардал танах боложтой. Мөн хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлд хөрөнгө тавиагүй байна гэсэн Ерөнхийлөгчийн шаардлагыг дэмжиж байгаа. Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын сангаас бусад сангуудын төсвийг эргэж харах хэрэгтэй. Зураг төсөвгүй орж ирсэн хөрөнгө оруулалтыг төсвөөс хасах нь зөв. Түүнчлэн хувийн хэвшлийн барьсан сургууль, цэцэрлэгийн барилгыг худалдан авах асуудлыг эргэж харах нь зүйтэй. УИХ-д эрүүл гишүүд байгаа бол Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих байх” гэлээ.