|
Видео

Шинэ мэдээ

Б.Батзориг сайдыг огцруулж, зээл авсан гишүүдийг эргэн төл гэв

 

Б.Батзориг сайдыг огцруулж, зээл авсан гишүүдийг эргэн төл гэв

 

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гийн хөрөнгийг зүй бусаар захиран зарцуулсан, албан тушаалаа ашиглаж өөрийн хамаарал бүхий компанид их хэмжээний зээл олгосон гэдэг үндэслэлээр ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хариуцлага тооцохоор болжээ. Эргэн төлөх нөхцөл нь уян хатан, хүүгүй шахам зээлээр жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжих нэрийдлээр эрх баригч намынхан, сайд, гишүүд, албан тушаалтнууд компанидаа хуваарилсан явдал нийгмийн бухимдал, нийтийн дургүйцлийг багагүй төрүүлсэн. Үүнээс гадна Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг сайн дураараа тарах санаачилга гаргах талаар зөвшилцөхөөр өөрийн биеэр УИХ-ын даргад албан бичиг өгсөн нь дайран дээр давс нэмсэн хэрэг болов. Энэ мэт нийгмийн уур амьсгалыг эрх баригч намын удирдлагууд мэдэрсэн бололтой. Өчигдөр МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдан цаг үеийн асуудлыг хэлэлцсэн байна. Тус хуралд Ерөнхий сайд оролцон, Б.Батзориг сайдад хариуцлага тооцох болсноо бүлэгтээ мэдэгджээ. Мөн тус сангийн зээлийг авсан гишүүддээ хандан "Буцааж өгөөрэй” гэж тушаасан аж. Мөн тэдгээр гишүүн хуулийн дагуу зээл авсан уу, зориулалтын дагуу зарцуулсан уу гэдгийг хууль сахиулагчид шалгахаар болжээ. Ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг тус бүлгийн дарга Д.Хаянхярваа, дэд дарга Б.Саранчимэг, МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван нар мэдээллээ. Д.Хаянхярваа "Гишүүдийн тавьсан шаардлагыг намын дарга, Ерөнхий сайд хүлээн авч шийдвэр гаргахаар болсон. Гишүүд хариуцлага тооцох ёстой гэдэгт санал нэгдсэн. Юун түрүүнд ХХААХҮ-ийн сайдыг огцруулах асуудлыг ойрын үед оруулж ирнэ гэдгээ Ерөнхий сайд хэллээ” гэв. Харин бусад албан тушаалтны хувьд авсан зээлээ яаралтай эргүүлэн төлж, олон нийтээс уучлалт гуйхыг үүрэг болгожээ. Улмаар уг зээлийн санд шалгалт оруулахаар болсон байна.

• Мөн тэдгээр гишүүн хуулийн дагуу зээл авсан уу, зориулалтын дагуу зарцуулсан уу гэдгийг хуулийн байгууллага шалгахаар болжээ.

• ЖДҮХС байгуулагдсан цагаасаа хойш 700 гаруй тэрбум төгрөгийн зээлийг олгожээ. Гэвч 200 гаруй тэрбум төгрөг нь буруу ашиглагдсан, найдваргүй зээл байна.

• УИХ-ыг тараах үндэслэл болж буй зүйлүүд нь парламент гэхээсээ Засгийн газарт хамаатай гэж тэд үзсэн байна.

ЖДҮХС байгуулагдсан цагаасаа хойш 700 гаруй тэрбум төгрөгийн зээл олгожээ. Гэвч 200 гаруй тэрбум төгрөг зориулалтын бусаар ашигласан, найдваргүй зээл байгааг Сангийн сайд хэлээд, "Дахиж тус санд мөнгө суулгахгүй” гэдгээ хэлсэн байна. Гэхдээ хөтөлбөрийг бүр мөсөн зогсоохгүй бөгөөд, арилжааны банкаар дамжуулах уу, орон нутагт нь эрх мэдэл олгох уу гэдгийг эргэн ярихаар болжээ. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан зөвшилцөх бичигт УИХ-ын дарга өөрийн биеэр хариулт өгнө гэдгээ бүлгийн гишүүддээ мэдэгдсэн байна. Парламентыг тарах санаачилгыг гаргаж буй Ерөнхийлөгчийн бичигт тус бүлгийн гишүүд ихээхэн эмзэглэсэн гэдгийг Д.Хаянхярваа дарга тодотголоо. Тухайлбал, ЖДҮХС-гийн хөрөнгийн буруу зарцуулалт, төсвийн төсөл зэрэг УИХ-ыг тараах үндэслэл болж буй зүйлүүд нь парламент гэхээсээ Засгийн газарт хамаатай гэж тэд үзжээ. Мөн улсын төсвөөс санхүүждэг 20 гаруй сангийн үйл ажиллагаанд төсвийн байнгын хорооноос шалгалт оруулахаар болсон байна. 16.30 МАН-ын бүлгийн хурал дууссанаас хоёр цагийн дараа ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг мэдээлэл хийв. Тэрбээр үүнээс өмнө Ерөнхий сайдтай өрөөнд нь уулзсан юм. Б.Батзориг гарч ирээд "Миний бие хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт албан ёсоор гаргаснаа та бүхэнд хэлье” гэв. Харин тэрбээр асуултад хариулахгүй гэсэн юм. 

Б.Энхжаргал
Засгийн газрын мэдээ
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler