| |
ХК-ийг ХХК-иар бүртгэхийг даалгасан шүүгчийн шийдвэр хууль зөрчсөн үү?
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байгаа талаар "Зэс эрдэнийн хувь” компанийн хохирогчид болон "Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо” ТББ-аас мэдээлэл хийлээ.
"Зэс эрдэнийн хувь” компанийг 2010 онд Д.Алтанхуяг гэгч үүсгэн байгуулжээ. Энэхүү компани нь Эрдэнэт үйлдвэрийн ашигладаггүй хоёр овоолгыг ашиглах, үйлдвэр байгуулах, олон нийтэд ногдол ашиг хүртээх, олон хүнийг ажлын байртай болгохоор байгуулагдаж байгаа тухай Орхон аймгийн иргэдэд мэдээлэл хүргээд хувьцаа гэдэг зүйлийг гар дээрээс зарж эхэлсэн байна. Үүнд нь 24500 хүн элсээд уг хувьцааг нь 600 гаруй сая төгрөгөөр худалдаж авчээ. Гэтэл энэ хувьцаа нь ямар ч газар бүртгэлгүй, хууль бус, хүчингүй зүйл аж. Энэ асуудлаар цагдаагийн болон прокурорын байгууллагаас нь хэрэг үүсгээд шалгаж эхэлжээ. Улмаар БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн наймдугаар сарын 6-ны өдөр уг асуудлыг хэлэлцээд, УБЕГ-т "Зэс эрдэнийн хувь” ХК-ийг ХХК-иар бүртгэ гэж даалгасан шийдвэр гаргасан байна.
"Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал н.Түвшинбаяр энэ талаар ярихдаа "Тухайн шүүх дээр УБЕГ-аас тайлбар мэдээлэл аваагүй, хохирогчдын төлөөллөөс байлцуулаагүй, ердөө нэхэмжлэгч гэх н.Баатарцогт гэж хүнийг байлцуулаад л, "онцгой ажиллагааны журмаар” гэж шийдвэр гаргасан. Энэ шүүхийн шийдвэр нь олон ноцтой зүйлийг зөрчиж байгаа юм. Тухайлбал, "Зэс эрдэнийн хувь” компани нь Орхон аймагт хаягтай байхад БГД-ийн шүүхээр шийдвэрлэсэн. Мөн Улсын бүртгэлийн газар чинь Захиргааны хэргийн шүүх дээр шийдэгдэх төрийн байгууллага байхад иргэний хэргийн шүүх шийдвэр гаргаж байна. Энэ мэтээр н.Ариунаа гэдэг шүүгч ямар нэгэн нөлөөнд автаж, хууль бус ийм шийдвэр гаргалаа. Үүнийг бид эсэргүүцэж байна.” гэлээ.
Хэрэв "Зэс эрдэнийн хувь” компани нь ХХК болж бүртгэгдэх юм бол Орхон аймгийн 24500 хүн хохироод үлдэнэ гэдгийг тэд онцолж байв.
"Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо” ТББ-аас шүүгчтэй холбоотой асуудлаар Шүүхийн ёс зүйн хороонд хандсан бөгөөд ёс зүйн хорооноос "н.Ариунаа шүүгч ёс зүйн алдаа гаргаагүй” гэсэн дүгнэлтийг гаргажээ. Гомдол гаргагчид ёс зүйн хорооны хуралдаанд байлцсан төдийгүй, гомдол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Иргэний хэргийн шүүхээс шийдвэр гаргасан тухайд бол нэхэмжлэгч тал аль шүүхэд хандана, тухайн шүүх хэргийг хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэг тайлбарыг холбогдох албаныхан өгч байна. Тэгэхээр иргэний хэргийн шүүхэд хандсан учраас дээрх асуудлыг иргэний хэргийн шүүхээр хэлэлцжээ.
Харин хохирогчдын холбооноос өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын дараа Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан шүүх байгууллагыг өөрчлөн шинэчлэх тухай хүсэлтээ илгээх гэж байгаагаа мэдэгдлээ.
эх сурвалж:undesten.mn