| |
Ашиг сонирхолын зөрчилтэй шүүгч нар Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг шүүсэн үү
Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандаж "Эрдэнэт үйлдвэр” ХХК, "Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай мэдээлэл ирүүлсэн билээ.
Мэдээлэлд, "Эрдэнэт үйлдвэр” ХХК, "Монголросцветмет” ХХК-ийн 49 хувь бол Монгол Улсын Засгийн газрын өмч хэзээ ч байгаагүй, тэрхүү хэсгийг /49 хувийг/ өмчилж байсан өөр улсаас худалдаж авах замаар үүссэн хувийн өмчийн эрхэд Улсын Их Хурал, Засгийн газар халдаж, өмчлөгчийн эрхийг зөрчиж байна гэжээ.
Энэхүү асуудлыг өнгөрсөн долоо хоногт Дээд шүүхээр Эрдэнэтийн 49 хувийг "Монголын зэс корпораци” эзэмших ёстой гэсэн шийдвэр гаргасан. Гэхдээ энэ шийдвэр нь эргэлзээтэй төдийгүй дээрх үйлдвэрийг төрийн мэдэлд шилжүүлсэн хувьчлалын асуудал эвгүй байдалд орчихлоо гэж ярьж буй. Өөрөөр хэлбэл, Дээд шүүх, УИХ хоёрын шийдвэрт зөрүү үүсчихсэн гэсэн үг.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн УИХ-ын шийдвэр хэвээр байгаа. Хамгийн дээд шийдвэр нь хүчинтэй байж байгаа шүү дээ. Засгийн газрынхаа гаргах шийдвэрийг шүүхээр шийдсэн бол Засгийн газар энэ асуудлаа дахиад авч үзэх хэрэгтэй. УИХ-ын болон Цэцийн шийдвэр хоёулаа хүчинтэй байгаа. Сая шүүхийн шийдвэрүүдийг гаргахдаа ашиг сонирхлын зөрчилтэй шүүгч нар шүүсэн. Төрийн өмчийн хороонд байсан Ц.Одмаа гэдэг хүүхэн шүүгч болсон. Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон "Хөтөлийн цемент” шохойн үйлдвэр 49-ийнхөнд очсон.
М.Батсуурь гэдэг шүүгч Худалдаа хөгжлийн банкны хуулийн хэлтсийн дарга байсан. Шүүхэд орж хоёрхон жил болчихоод Дээд шүүхэд очоод тэндхийг толгойлдог болсон. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй шүүгчид асуудлыг тасалж байгаа нь буруу. Хуулиар хориотой. Дээд шүүхэд "Эрдэнэт”-ийн асуудлаар болсон хуралдааныг М.Батсуурь даргалсан юм билээ шүү дээ. Шийдвэр ер нь урьдчилж гарчихаад байгаа шүү дээ. Одоо бол төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ, Үндсэн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг Цэцийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. 2005 онд Захиргааны хэргийн шүүх Засгийн газрын шийдвэрийг хянахгүй гээд шийдвэр гарчихсан тогтоол бий.
Засгийн газрыг төлөөлж шүүх хуралд орсон хүмүүс Дээд шүүхийн ерөнхий шүүгчид дахин асуудал тавих боломжтой. Ер нь шүүх нөлөөнд автаж, замаас нь будилуулах гэж байна гэдгийг би урьдчилж хэлээд л байсан шүү дээ. Энэ хуйвалдаан хэзээ нэгэн цагт дуусна. Эцсийн шийдвэр гарчихлаа гэх мэтээр суртал ухуулга явуулаад байгаа атлаа УИХ-ын шийдвэрийг ерөөсөө ярихгүй байгаа шүү дээ.
Дээрээс нь улсаас 100 тэрбум төгрөг Монголбанкнаас гаргаж байсан нь үнэн шүү дээ. Монголбанкны ерөнхийлөгч нь 49-ийнхний төлөөлөл болдог Н.Золжаргал байсан. Тэрбум төгрөгийг н.Эрдэнбилэгийн компани руу оруулаад садангийнх нь шахуу компанид дахиж шилжүүлээд гуравхан өдрийн дараа улсын өмч н.Пүрэвтүвшингийн хувийн данс руу шилжсэнээр эхний таван сая ам.долларыг төлчихсөн юм. Энэ бүхнийг шалгуулах гэхээр шалгаж өгөхгүй байгаад л асуудал байна. Цагдаа нар хэр чинээгээрээ л ажиллаж байгаа ч замд нь хайч тавид төвөгтэй байна” хэмээн ярьлаа.