|
Видео

Шинэ мэдээ

Хуйвалдаан биш байгаасай гэж залбирч байна

Хуйвалдаан биш байгаасай гэж залбирч байнаЭрх зүйч М.Төрбаттай ярилцав.

 

Таныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татсан УИХ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргуулахаар цэцэд мэдээлэл гаргасан гэж сонссон?

Тиймээ. Би иргэнийхээ хувьд "Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс эгүүлэн татах тухай” УИХ-ын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 29 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийг хэд хэдэн байдлаар зөрчсөн гэж үзэн энэ тухайд дүгнэлт гаргуулахаар Цэцэд 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мэдээлэл гаргасан.

Мөн надаас гадна хэд хэдэн иргэн адил агуулга бүхий мэдээлэл гаргасан гэж сонссон.

 

Цэц таны мэдээллээр ямар нэг шийдвэр гаргав уу? Хуулийн хугацаа гэж байдаг уу?

Хуулинд хугацааны талаар нарийвчлан зохицуулсан байдаг.

 

Тухайлбал, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т "Үндсэн хууль зөрчсөн тухай иргэнээс гаргасан өргөдөл, мэдээллийг хүлээн авсан гишүүн анхны шалгалтыг 14 хоногийн дотор хийж маргаан үүсгэх эсэхийг өөрийн санаачилгаар шийдвэрлэнэ” гэж тодорхой заасан байдаг.

 

Гэтэл би мэдээллээ хүргүүлээд бараг 1 сар гаруй буюу 34 хоног өнгөрөөд байхад ямар нэгэн шийдвэр гаргахгүй байгааг гайхаж байна.

Миний мэдээллийг цэцийн гишүүн Т.Лхагваа хянаж байгаа гэсэн.

 

Таны болон бусад иргэдийн гаргасан мэдээллийг шийдвэрлээгүй байхад УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Улсын дээд шүүхэд өөрийгөө Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байгааг хүлээн авна уу гэсэн агуулгатай өргөдөл гаргасан байна.Маргаан шийдэгдээгүй байхад ингэж болдог юмуу?

Харин тэгсэн байна лээ. Би түүний өргөдлийг сонин дээрээс уншсан. Тэрбээр 2016 оны 03 дугаар сарын 15-нд Дээд Шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригтодхандан: "Раднаасүмбэрэл овогтой Гончигдорж миний бие өөрийгөө Монгол Улсын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан болзлыг хангаж байгаа хэмээн үзээд нэрээ Үндсэн Хуулийн цэцийн гишүүнд дэвшүүлж байгааг хүлээн авч Улсын Дээд шүүхийн гишүүдээс хэлэлцүүлж өгөхийг танаас хичээнгүйлэн хүсье” гэсэн өргөдөл гаргасан байдаг.

 

Р.Гончигдорж гишүүн уг нь өдгөө 63 насыг элээсэн, эрдэм номтой, туршлага бүхий парламентын гишүүн хүний хувьд ийм илт хууль зөрчсөн, ёс зүйгүй өргөдөл гаргасанд гайхаж байна.

 

Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д "Цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно” гэж тодорхой заасан байдаг.Р.Гончигдоржийн тухайд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй, эгүүлэн татагдаагүй, УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хүчинтэй байна. Гэтэл өөрийгөө цэцийн гишүүн байх болзлыг хангаж байна гэснийг хууль зүйн хувьд ч , ёс зүйн хувьд ч ойлгохгүй байна.

 

Мөн "Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанааг эгүүлэн татсан нь Үндсэн хууль зөрчиж байна” гэсэн маргаан Үндсэн хуулийн цэц дээр байгаа. Маргаантай асуудлыг Цэцэцэслэн шийдвэрлээгүй байхад орных нь гишүүнийг томилох асуудал яригдах боломжгүй.

 

Таны мэдээллийг шийдвэрлэхгүй удааж байгаа нь Р.Гончигдорж гишүүний энэ өргөдөлтэй холбоотой юм биш биз? Тодруулбал хуйвалдаан биш биз гэж асуух гээд байна?

Би тийм биш байгаасаа гэж залбирч байна.

Хэрэв миний болон бусад иргэдийн гаргасан мэдээлийг хянаж байгаа цэцийн гишүүн Т.Лхагваа санаатайгаар ийнхүү удааж цаг хожих, энэ хооронд УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бусад гэсэн хэсэгт халхавчлан Р.Гончигдорж гишүүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх, мөн Улсын дээд шүүхээс түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлсэн шийдвэр гаргуулах, УИХ-д өргөн барих, шийдвэр гаргуулах зэрэг эртнээс төлөвлөгдсөн нууц хуйвалдаан явж байгаа гэдэгт би итгэхгүй байна.

 

Хэрэв энэ үнэхээр үнэн болж үнэнд гүйцэгдэх ахул Монгол Улсад хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчим, хуулийн засаглал, хараат бус шүүх, төрт ёс үгүй болсны нотолгоо болно.

 

Мөн Цэцийн гишүүн улс төрчдийн халаасанд багтсан байна гэж дүгнэхээс өөр аргагүй.

 

Ийм эрээ цээргүй үйлдлийг Цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн олонхи шүүгчид дэмжихгүйгээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын олонхи шударга гишүүд дэмжихгүй, таслан зогсоох байх гэдэгт би 100 хувь итгэлтэй байна.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler