| |
Видео
Шинэ мэдээ
АНУ-ын тусламжаар Улаанбаатар хотын усны хангамжийн асуудал шийдэгдэхээр боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ–д албан ёсны айлчлал хийж байна.Айлчлал АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнстэй албан ёсны хэлэлцээ хийснээр эхэлсэн юм.
Энэ үеэр Монгол Улс , АНУ өргөтгөсөн иж бүрэн түншлэл байгуулж буйгаа зарлав.Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар энэ тухай: "Шат ахисан түншлэлийн хүрээнд хоёр орон эдийн засгийн хамтын ажиллагаагаа илүү эрчимжүүлж, өргөжүүлэх бөгөөд хамтын ажиллагааны замын зураг баримт бичиг гарна. Харилцааны түвшин шат ахиснаар Монгол Улс, АНУ-ын соёл, хүмүүнлэг, боловсролын хамтын ажиллагаанууд өргөн хүрээнд хийгдэнэ.
Мөн өнөөдрийн хэлэлцээгээр АНУ-аас Мянганы Сорилтын Сангийн (МСС) хүрээнд Монгол Улсад 350 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох гэрээний асуудлыг ярьж шийдэж байна. МСС-ийн энэхүү тусламжийн хүрээнд манай улсын тулгамдсан асуудлын нэг болох Улаанбаатар хотын усны хангамжийн асуудал шийдэгдэнэ. Бид анх удаа саарал ус ашиглах технологи хэрэглэж эхэлнэ. Дэлхийн олон оронд энэ технологи нэвтэрсэн ч монголчууд өнөөдрийг хүртэл ийм технологигүй явж ирсэн.
Энэ төсөл хэрэгжиж эхлэх гэж буй нь хоёр орон бие биедээ ээлтэй хандаж буйн хамгийн тод илрэл болж байна” гэж ярилаа.
Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнсд АНУ-ын зүүн өмнөд хэсгийн зарим мужид болж буй Флоренс хар шуурганы улмаас хохирсон иргэдэд 100 мянган ам.долларын үнэ бүхий буцалтгүй тусламж өгч буйгаа дуулгажээ.
Айлчлал үргэлжилж байна.