Засгийн газраас хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө багш нарын цалинг 2018 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс 12 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Гэвч Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос уг нэмэгдлийг хангалтгүй гэж үзсэн юм. Тиймээс хичээлийн шинэ жилийн эхнээс Нийслэлийн зарим сургууль, цэцэрлэгүүдийн багш нар хугацаагүй ажил хаялт зарлаад буй. Өнөөдрийн байдлаар нийслэлд 68 сургууль, 10 цэцэрлэг, орон нутагт 16 сургууль, 12 цэцэрлэг буюу нийт 106 боловсролын байгууллага ажил хаялтад нэгдээд байгаа гэсэн тоон мэдээллийг Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өгч байна.
Багш нарын ажил хаялттай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, санал бодлыг нь сонссон. Энэ хүрээнд Сангийн яам, Үйлдвэрчний эвлэлийн байгууллага, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БСШУСЯ хамтарсан ажлын хэсэг байгуулж, багш нарын цалинг нэмэгдүүлэх талаар судалгаа хийж, саналаа нэгтгэхээр болсон юм.
Засгийн газраас багш нарын цалинг төсөвт тодотгол хийх замаар 2018 онд дахин нэмэгдүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Засгийн газар 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр ирэх оны төсөвт тодорхой мөнгөн хөрөнгө суулгахаар судалж байгаа аж. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхдээ багш нарын тэр дундаа бага ангийн багш нарын цалинг түлхүү нэмэх чиг барина гэдгээ илэрхийлж байна.
Багш нарын ажил хаялт үргэлжилсээр байна. Өнөөдөр тэмцлээ бүр хурцатгаж төв талбайд суулт хийж эхэллээ. Ажил хаялтыг зогсоох талаар хэлэлцээр хийсэн. Гэвч зөвшилцөлд хүрээгүй, ажлын хэсэг байгууллагдаад ажиллаж байна. Бидний тавьж байгаа дөрвөн шаардлагын хариуг өгөөгүй, өнөөдрийн байдлаар нэгдсэн шийдэлд хүрч чадсангүй. Иймээс асуудлыг шийдэх хэлэлцээр байгуулагдаж, цалинг нэмэх хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлнэ гэдгээ багш нар мэдэгдсэн юм.
Бид цалин нэмэх хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлнэ
БЗД-ийн Шавь цогцолборын ҮЭ-ийн холбооны дарга Ш. Дүүриймаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Одоогийн байдлаар хичнээн сургууль ажил хаялтанд нэгдсэн вэ?
-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 100 гаруй сургууль ажил хаялтад нэгдсэн байгаа. Өнөөдрийн цуглаанд 700 гаруй багш ажилчид нэгдсэн. Бид 2 цаг тутамд ажил хаялтын мэдээгээ нэгтгэж байгаа. Ажил хаях сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдэж байгаа. Засгийн газар бидний дуу хоолой сонсох хэрэгтэй. Багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Иймээс бид цалин нэмэх хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлнэ.
-Та бүхэн Ерөнхий сайдтай уулзах хүсэлтээ гаргасан юм уу?
-Хандсан байгаа. Одоогоор засгийн газар бидний тавьж байгаа шаардлагын хариуг хэзээ өгөх нь тодорхой бус байна. Иймээс бид ажил хаялтыг зогсоохгүй.
-Засгийн газраас цалин нэмэх боломж байхгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Иймээс багш нар энэ асуудал дээр уян хатан хандах боломж байгаа юу?
-Сангийн сайд төрийн алба хаагчдын цалин нэмэх нэг их наяд төгрөг шаардлагатай гэж байсан. Харин боловсролын салбарын цалин нэмэгдүүлэхэд 35 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Иймээс засгийн газарт цалин нэмэх боломж байгаа гэж үзэж байгаа. Багш нарын цалин хөлсийг 8-12,3 хувиар нэмэгдүүлсэн гэж байгаа. Үүнийг мөнгөн дүнгээр харах юм бол 42-48 мянган төгрөг нэмэгдсэн байна. Иймээс Засгийн газар үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Бид өнөөдөр Сангийн яамны дагуу суулт хийнэ.
http://undesten.mn/67325.html