|
Видео

Шинэ мэдээ

Тойм: Багш нарын ажил хаялтын эргэн тойронд

Тойм: Багш нарын ажил хаялтын эргэн тойронд

Эрдмийн баярыг ажил хаялтаар эхлүүлсэн багш нарын тэмцэл хүрээгээ тэлж, цэцэрлэгүүдийг эсэргүүцэлдээ уриалаад байна. Өнөөдрөөс /2018.09.06/ зарим цэцэрлэгийн багш нар ажил хаялт зарлаад байгаа бөгөөд одоогийн байдлаар 45 сургууль, 33 цэцэрлэгийн багш уриалгад нэгдээд байгаа аж.

МҮЭХ-ноос багш нарын цалинг 50 хувиар нэмэгдүүлэхгүй бол ажил хаялтаа хугацаагүй тэмцлээр үргэлжлүүлнэ гэж мэдэгдээд байгаа бол Засгийн газраас цалинг 8-30 хувь нэмсэн. Харин дахиж нэмэх боломжгүй гэсэн хариултыг өгөөд байгаа юм.

Багш нарын ажил хаялттай холбоотой МҮЭХ болон Засгийн газрын байр суурь ямар байгааг хүргэе.

МҮЭХ: 33 цэцэрлэг ажил хаялтад нэгдсэн

-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 45 сургууль, 33 цэцэрлэг  ажил хаялтад нэгдсэн. Цаашид сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон хөдөө орон нутгийн багш нар ажил хаялтад нэгдэх мэдэгдлээ өгөөд байна.    Өнгөрсөн  онд биднийг тэмцэл хийж байхад гал унтраах байдлаар цалин нэмсэн. Бид зөвхөн ажил хаях биш талбай дээр ирж нэгдсэн байдлаар жагсаал цуглаан зохион байгуулна. Засгийн газар иргэдийн ахуй амьдралыг өөд нь татах бодлого боловсруулж чадахгүй байгаа учраас тэмцлээ хуулийн дагуу үргэлжлүүлнэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Багш нарын үндсэн цалинд нэг удаа 300 мянган төгрөгийн нэмэгдэл олгоно

-Монгол Улс 2017 оноос эхлэн ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах болж, төрийн албан хаагчдынхаа цалин тэтгэмжийг Засгийн газар дур мэдэн нэмэх боломжгүй болсон. Үндсэн цалинд 300 мянган төгрөгийн нэмэгдэл олгож байгаа. Засгийн газрын бодит боломж л энэ. Цалинг 50 хувь нэмнэ гэвэл 1 их наяд төгрөг шаардлагатай. Засгийн газраас 2018 оны наймдугаар сарын 22-ны өдөр гурван талт хэлэлцээрийг зөрчиж, хүч түрэн салбаруудын цалинг ялгаатай нэмэх болсон. Тухайлбал, төрийн албан хаагчид болон эрүүл мэндийн салбарынхны цалин хөлсийг 8-30 хүртэл хувиар, Соёл урлагийн салбарынхны цалинг 8-27 хувиар нэмэгдүүлж, БСШУ-ны салбарын цалинг 8-12,3 хувиар нэмэх шийдвэр гарсан. Багш нарын үндсэн цалинд нэг удаа 300 мянган төгрөгийн нэмэгдэл олгоно. Энэ хэмжээнээс давбал эдийн засагт үзүүлэх сөрөг үр нөлөө их. Өөрөөр хэлбэл,  Монгол Улс өр тавьж цалин нэмнэ гэсэн үг. Өр ямар их хэмжээний дарамт учруулдгийг бид мэдэж байгаа. Зээлийн хүү, зээлээ төлөх гэж ямар их асуудал болдгийг  мэднэ.

Анх 2011 онд зээл авахад авсан зээлийнхээ хүүд Монгол Улс 37 тэрбум төгрөг төлдөг байсан. Тэгсэн одоо би Сангийн сайдаар ажиллаж эхэлснээс хойш зөвхөн авсан зээлийнхээ хүүд 1.4 их наяд төгрөг төлж байна.

Талууд ийм байр суурьтай байна. Харин дөнгөж сая  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар МҮЭХ болон багш нарын төлөөллийг хүлээн авч уулзаж байгаа юм. Уулзалтын үр дүнгээс хамаарч маргааш сургууль, цэцэрлэгүүд хэвийн ажиллаж эхлэх эсэх нь шийдэгдэх юм.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.