|
Видео

Шинэ мэдээ

С.Чинзориг: МҮЭХ хэлэлцээрээсээ давсан шаардлага тавьж байгаа

С.Чинзориг: МҮЭХ хэлэлцээрээсээ давсан шаардлага тавьж байгаа

Засгийн газрын хуралдаанаар төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, ангилал зэрэглэлийг шинэчлэн тогтоох асуудлыг хэлэлцэж тодорхой шийдвэр гаргахаар болсон. Энэ талаар өчигдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийсэн ч өнөөдөр тэрээр дахин хэвлэлийн хурал хийлээ.

 

С.Чинзориг сайд энэ удаад цалин хөлсний нэмэгдлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл, ойлголт өгөхийг зорьсон гэдгээ мэдээллийн эхэнд хэллээ.

Ингээд Засгийн газар цалинг нэмэгдүүлэхдээ баримталсан зарчмыг тайлбарласан юм.

-Юуны өмнө эдийн засгийн хямралд өртөж байгаа хэсгийнхний цалинг нэмэгдүүлэх чиглэлийг баримталжээ.

-Хоёрдугаарт, өнгөрсөн жилээс төрийн албан хаагчдын цалин хөлсийг ажлын байрны нөхцөл, ачаалал, ур чадвар, хариуцлагаас нь хамаарсан цалин хөлсний системтэй болгох талаар нэлээд ярьсаны дагуу эрүүл мэндийн болон боловсролын салбарт ажлын байрны нөхцөлийн үнэлгээ хийсэн байна. Үүнийг үндэслэж ялгамжтай цалинтай болгох шинэчлэлийн асуудлыг энэ удаагийн цалин хөлс нэмэгдүүлэх арга хэмжээгээр хамт эхлүүлж байгаа юм байна.

-Гуравдугаарт, соёл урлагийн салбарынхны цалин хөлс төрийн албан хаагчдын цалин хөлснөөс 12.5 хувь доогуур тогтоогдож ирсэн тул энэ салбарынхны цалин хөлсийг эхний ээлжинд нэмэгдүүлж байгаа гэлээ.

-Эцэст нь энэ удаад улс төрийн албан тушаалтан болон шүүх, прокурорын цалинг  нэмэхгүй гэсэн зарчим баримталсан гэнэ.

Есдүгээр сарын 1-нээс багш, эмч нарын, тэдэнтэй дүйцэхүйц болон тэдгээрээс бага цалинтай албан хаагчдын цалинг эхний ээлжинд 8 хувиар нэмэх юм. Үүнд үйлчилгээний, төрийн захиргааны, төрийн тусгайгийн, төрийн захиргааны зэрэг албан хаагчид болох нийт 145 мянган хүн хамрагдаж байна.

Инфляцийн түвшинтэй уялдуулж цалин хөлсийг нэмэгдүүлэхтэй холбогдуулан боловсрол, эрүүл мэндийн салбарт хийгдсэн хөдөлмөрийн нөхцөлийн судалгааг үндэслэж төрийн албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэлийг нэмэгдүүлэх, шинэчлэн тогтоох арга хэмжээг авч байгаа талаар мөн дэлгэрэнгүй тайлбарлалаа. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт хийсэн судалгаагаар хамгийн их ачаалалтай, хариуцлагатай, ур чадвар шаарддаг ажил бол сувилагч юм байна гэсэн дүгнэлт гарчээ. Тэр дундаа эрчимт эмчилгээ, яаралтай тусламж эмчилгээ, эх ургийн, хүүхдийн, сэтгэцийн гэмтэл согог судлалын, хавдарын, мэдээгүйжүүлэлтийн сувилагч нарын ажлын ачаалал хамгийн өндөр гарсан аж. Боловсролын салбарт бага ангийн багш, цэцэрлэгийн багш нар ачаалал, ур чадвар, хариуцлага өндөр хэмжээнд шаардсан ажил хэмээн гарсан байна.

Тиймээс сувилагч нарын албан тушаалын ангилал зэрэглэлийг 1-2 шатлал ахиулах арга хэмжээ авч байгаа аж. Дээр дурьдсан хамгийн их ачаалалтай сувилагч нарын шатлалыг 2-оор ахиулж байгаа бол мэдрэл, нүд, чих хамар хоолой, арьсны, уламжлалт, дотрын зэрэг сувилагч нарыг 1 шат ахиулахаар болжээ. Тэдний цалин 20 хувиар, харин хоёр шатлал ахисан сувилагч нарын цалин хөлс 30 хувиар нэмэгдэх юм. Мөн боловсролын салбарт  бага ангийн болон цэцэрлэгийн багш, тусгай хэрэгцээт багш нарын албан тушаалын ангилал, зэрэглэлийг 1 шат ахиулж, цалинг нь 14 хувиар нэмэх юм байна.

Харин соёл урлагийнхны цалин хөлсийг 8 хувиар нэмэхийн зэрэгцээ ангилал, зэрэглэлийг нь шинэчлэн тогтоож байгаа гэлээ. Тус салбар албан тушаалын 11 ангилал, зэрэглэлтэй байсан бол одоо 7 болгож байна.

Ийнхүү цалин хөлс нэмэгдүүлэх энэ удаагийн арга хэмжээнд төрийн албан хаагчдын 92 хувь нь хамрагдаж байгаа гэдгийг С.Чинзориг сайд тодотгож, үнээс 28200 төрийн албан хаагчийн цалин хөлс 14-32 хувиар нэмэгдэж байгаа гэсэн мэдээллийг өглөө.

Сангийн яам, ХНХЯ-ны төсөөллөөр 2019 онд цалин хөлс нэмэгдүүлэхэд нийт 220 орчим тэрбум төгрөг төлөвлөх урьдчилсан тооцоог гаргажээ. Ер нь цаашид ажлын байрны үнэлгээг төрийн бүх албанд хийх үүрэг хүлээлгэсэн ба энэ судалгааг үндэслэн ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох юм.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-ҮЭ-ийн байгууллага ажил хаяна гэсэн байр суурьтай байгаа. Шалтгаан нь Засгийн газар өмнө нь төсөвт тодотгол хийсэн 56 тэрбум төгрөгийг ашиглаж цалинг нэмж байна. Энэ бол бодит нэмэгдэл биш юм гэж байгаа. Тэгэхээр энэ жил төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн урамшууллыг олгох уу?

-Өнгөрсөн жил төсөвт тодотгол хийж 54 тэрбум төгрөгийн нэг удаагийн урамшуулал олгосон. Энэ нь "нэг удаа үр дүнгүй зарцууллаа, хавтгайрууллаа” гэж нийгмийн нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан. Тиймээс энэ удаад төсөвт бага туссан нэг удаагийн урамшуулал буюу 56 тэрбум төгрөгийн эх үүсвэртээ багтааж нэг удаа урамшуулал олгох биш байнгын цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээ авъя гэж үзсэн. Харин ирэх онд 220 тэрбум төгрөгт багтааж төрийн албан хаагчдын цалин хөлс нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Гэхдээ энэ бол эцсийн тоо биш.

-МҮЭХ-ноос есдүгээр сарын 1-нээс ажил хаях тухай ярьж байна. Засгийн газраас гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаа гэсэн. ХНХЯ, МҮЭХ хэлэлцээрээр санал нэгдэж чадсан юм уу, нэгдсэн байр сууринд хүрсэн юм уу?

-Засгийн газар байгуулагдсаны маргааш гурван талт хэлэлцээрийг байгуулсан. Хэлэлцээрийн дагуу  энэ онд инфляцийн түвшинтэй уялдуулж цалин хөлс нэмэгдүүлэх чиглэлээр ОУВС-тай ойлголцох байдлаар идэвхтэй ажиллана гэсэн үүргийг бид авсан. Харамсалтай нь байгуулсан хэлэлцээрээсээ давсан шаардлага тавьж, 50-иас доошгүй хувиар цалин хөлс нэмэхийг шаардаж байгаа учраас Засгийн газар өөрсдийн боломжоороо шийдвэрээ гаргалаа. Үүнийг хэрхэн хүлээж авах, хэрхэн тайлбарлах нь Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын өөрсдийн эрхийн асуудал. Засгийн газар үе шаттайгаар цалин нэмэгдүүлэх, ангилал зэрэглэлийг шинэчлэн тогтоох зэрэг арга хэмжээ авч байхад ажил хаяхгүй болов уу гэж найдаж байна.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler