|
Видео

Шинэ мэдээ

“Шангрилла-2”-т цэвэрлэгээ хийх үүрэг өгсөн ч барилгын ажлаа үргэлжлүүлж байна

Үндэсний цэцэрлэгт хүрээ лэнгийн зүүн хойд талд "МCS пропертиз” компанийн барьж буй "Шангрилла-2” барилгад өнгөрсөн есдүгээр сарын 30-ны мягмар гаригт гал гарсан. Тухайн үед галыг Нийслэлийн онцгой байдлын газрын аврагчид унтрааж байсан. Тухайн үед галын талаар олон таамаг дэвшүүлж, хэсэгтээ шуугиж байсан бол сар гаруй хугацааны дараа "Шангрилла-2” барил гын талаар хэн ч, юу ч дуугарахаа болив. Тиймээс бид "Шангрилла-2” барилгыг зорьж галын дүгнэлт гарсан эсэх талаар нэхэн сурвалжиллаа. Биднийг очиход барилгын ажил хэвийн үргэлжилж байлаа. Хэн ч хаанаас харсан ингэж хэлэх нь ойлгомжтой байв. Учир нь барилгын дотор болон гадна талд хүмүүс ажиллаж, шатсан хэсгийг шилэн хөвөнгөөр дулаалж байв. Жижиг, том өргүүр шатаар өгсөж уруудах ханыг дулаалж, оч үсэргэн гагнуур хийж байсан нь барилгын ажил зогсолтгүй үргэлжилж байгааг илтгэж байсан юм. Барилгыг тойроод төмөр хашаатай. Түүний хаалга бүрт харуулын ажилчид хамгаалалтад гарсан байлаа. Нэг хаалганд гэхэд бүр хоёр, гурваараа харуул хамгаалалтынхан зогсч байх юм. Биднийг дөнгөж хашаанд ойртов уу, үгүй юу "Хаанаас явж байна. Хэнтэй уулзах уу” гэж асуув. Бид хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын инженертэй уулзах гэсэн учраа хэллээ. Харуулынхан хоорондоо харилцдаг холбоогоороо дамжуулан бидний ирсэн учрыг холбогдох хүнд нь хэлсэн боловч, "Завгүй байна” гэсэн хариултыг өгсөн юм. Барилгыг үргэлжлүүлэн барих шийдвэрийг хаанаас өгсөн, ямар учраас барилгын ажлыг хэвийн үргэлжлүүлж байгаа талаар тодруулах гэсэн минь ийн талаар боллоо. Завгүй байхад нь дотогш оруулсан тохиолдолд бидэнд хариуцлага тооцдог юм гээд харуулууд биднийг дотогш нэвтрүүлсэнгүй. Энэ үеэр талбайн хог цэвэрлэж байсан хоёр хүнээс зарим зүйлийг лавлахад "Дотор засал чимэглэлийн ажил хийж байна. Барилгын ажил зогсоогүй үргэлжилж байгаа” гэв. Тэд барилга дээр цөөнгүй хятад ажилчид ажиллаж байгааг хэлсэн юм. Ингээд бид барилгын галын дүгнэлт гарсан эсэхийг тодруулахаар ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийг зорилоо. Тус газрын галын шинжээч Б.Мөнхсайхан дараах хариултыг өгөв.

 

Б.Мөнхсайхан: Энэ долоо хоногт багтаад галын дүгнэлт гарна

 

-Сүхбаатар дүүргийнI хэлтсээс өнөөдөр /өчигдөр/ эцсийн байдлаар холбогдох материалууд нь ирлээ. Өмнө нь хэргийн зарим материал ирсэн. Гэхдээ дутуу байгаа тохиолдолд галын дүгнэлтийг гаргах боломжгүй. Гэрчийн тэмдэглэлүүд дутуу байсан. Хэргийн талаарх бүх материал бүрэн ирсний дараа галын дүгнэлтийг гаргадаг. Мөрдөн байцаалтын үед гэрчүүдээс байцаалт авна, галд шатсан зүйлсийн дээжийг шинжилгээнд хамруулна гээд олон асуудал байдаг. Үүнд нэлээд хугацаа шаардлагатай. Харин одоо энэ бүгд бэлэн болсон учир бид хянаж, шалгаад энэ долоо хоногт багтаагаад галын дүгнэлтийг гаргана. Тухайн үед гал цахилгааны гэмтлээс болж гарсан гэдгийг албан бус эх сурвалжууд хэлж байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар  "Шангрилла-2” барилгад гарсан галын шалтгаан болон хохирлын хэмжээг тогтоох ажил үргэлжилж байгаа гэдгийг мэргэжлийн хүн хэллээ. Монголын маргааш олон гэдэг шиг ямар нэгэн шалтгаанаар галын дүгнэлтийн шийдвэр хойшлохгүй л бол удахгүй  "Шангрилла-2” барилгын хувь заяа хэрхэн шийдэгдэх нь тодорхой болох юм байна. Гэтэл өнөөдрийн байдлаар мэргэжлийн байгууллагаас шинжээчийн албан ёсны дүгнэлт гараагүй байхад "Шангрилла-2” барилгын ажлыг үргэлжлүүлж байгаа нь хачирхалтай. Тухайн үед "Шангрилла-2” барилгын 22 давхарт эхэлж гал гарсан талаар ойр орчимд нь байсан иргэд хэлж байсан. Тэгвэл Мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ тал дээр хэрхэн шийдвэр гаргаж, "Шангрилла-2” барилгын гүйцэтгэгч компанид ямар үүрэг даалгавар өгсөн талаар МХЕГ-ын Улсын ахлах байцаагч Ш.Уранчимэгээс тодруулсан юм.

 

Ш.Уранчимэг: Галаас гарсан хог хаягдлыг цэвэрлэж, шалгалт хийхэд бэлтгэ гэсэн үүрэг өгсөн

 

-"Шангрилла-2” барилгад гал гараад сар гаруй хугацаа өнгөрлөө. Цаашид барилгыг үргэлжлүүлэн барих уу. Энэ тал дээр ямар шийдвэр гарсан бэ?

 

-Барилгыг үргэлжлүүлэн барихгүй. Гэхдээ буулгах талаар яриагүй байна. Тухайн барилга дулаалгын 15 см зузаан эрдэс хөвөнтэй байсан учир гал цааш нэвтэрч, даацын хананд хүрээгүй. Энэ нь хамгаалалт болж чадсан. Хэрэв хамгаалалт муу байсан бол гал барилгын даацын хананд нөлөөлж болох байсан. Нөлөөлсөн тохиолдолд тухайн барилгыг буулгах ёстой. Харин тийм зүйл болоогүй учир барилгыг нураахгүй. Тодорхой хугацааны дараа үргэлжлүүлэн барина.

 

-Бид сая "Шангрилла-2”-ын барилга дээр очлоо. Барилгын ажил үргэлжилж байна лээ. Галын дүгнэлт гараагүй байхад барилгыг үргэлжлүүлэн барьж болохгүй биз дээ. Энэ ямар учиртай юм бэ?

 

-Үйл ажиллагааг нь зогсоогоогүй. Галаас гарсан хог хаягдал зэргийг цэвэрлэж, хяналт шалгалт хийхэд бэлтгэ гэсэн үүрэг даалгаврыг өгсөн. Энэ чиглэлийн ажлыг хийж байгаа байх. Анх гал "Шангрилла-2” зочид буудлын долдугаар давхраас гарч эхэлсэн. Гэхдээ тэднийх галын хамгаалалт сайн байсан учир гал дотогшоо нэвтэрч, бусад давхар галд өртөөгүй. Долдугаар давхрын цонх нь хагарч, гал гадагшаа гарсан. Тиймээс гадна талын шилэн хэсгүүд цуурч, резенин жийргэвчүүд нь хайлсан, бэхэлгээ төмрүүд нь шатаж уян хатан болсон. Ийм асуудал нэлээд гарсан. Тиймээс бидний зүгээс эдгээрийг сольж, шинэчлэх үүрэг өгсөн. Үүнийг хийхэд их хугацаа орно. Тиймээс ирэх сарын1-ний дотор дээрх асуудлыг шийдвэрлэх ёстой. Үүний дараа барилгын ажлыг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар албан ёсны дүгнэлт гаргана. Өөрөөр хэлбэл, тухайн барилгын хэдэн цонх хагарсан, цаашид хаана нь ямар бэхэлгээ хийж, яаж аюулгүй болгох вэ гэсэн техникийн шийдлийг гаргах юм. Одоогоор бид ОБЕГ-аас галын дүгнэлт гарахыг хүлээж байна.

 

-Галаас гарсан хог хаягдлыг цэвэрлэж, хяналт шалгалт хийхэд бэлтгэж байгаа юм байна. Тэгвэл "Шангрилла-2” барилгын гүйцэтгэгч болон захиалагч талаас энэ тал дээр ямар санал санаачилгатай ажиллаж байна вэ?

 

-Барилгын дотор талын шугам сүлжээ, лифт зэрэг нь халж гэмтсэн. Гэхдээ том хэмжээний гал гарсан гэхэд ерөнхийдөө эвдрэл гэмтэл гайгүй. Тухайн үед гадна талын резенин давхарга нь шатлаа гэж байсан. Энэ нь Монголын стандартад тохирохгүй бол шатдаггүй гялгар зүйлээр орлуулж хийе гэсэн санаачилгыг нөгөө талаас гаргасан. СолонгосынSamsung, манай МСS компани хамтарч барилгыг барьж байна. Тэд энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байсан юм билээ. Одоо харин дээрх асуудлаас болж гурав, дөрвөн сараар хойшиллоо.

 

-Нийслэлд барьж буй барилгуудад НМХГ-аас шалгалт хийдэг. Тэгвэл "Шангрилла-2”-ын барилгын хувьд хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажилладаг байсан бэ?

 

-Хөдөлмөр хамгаалалын талд харьцангуй гайгүй. Удаан хугацаанд үргэлжилж буй төсөл гэхэд гэмтэл бэртлийн талаар манайд бүртгэгдээгүй. Нийслэлд барьж буй барилгуудаас хамгийн үлгэр жишээ нь "Шангрилла-2” юм. БХБЯ, Хөдөлмөрийн яам зэрэг газар барилгатай холбоотой үзүүлэх сургалтуудаа тэнд очиж хийдэг байсан. МХЕГ-ын байцаагчийн хэлж буйгаар Шангрилла-2 цэвэрлэгээ хийж, хяналт шалгалтад бэлтгэх ёстой юм байна. Харин биднийг очиход цэвэрлэгээ хийх биш шатсан хэсгээ далдалж, хучиж байсан юм. Мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүй дур мэдэн барилгын ажлыг үргэлжлүүлж байгаад дахин асуудал үүсвэл хариуцлагыг нь хэн хүлээх вэ. "Шангрилла-2” барилгын ажилчид зөвхөн цэвэрлэгээний ажил хийж байсан бол үүнийгээ яагаад тайлбарлахыг хүссэнгүй вэ. "Завгүй байна” гэсэн хоёрхон үгээр өөрсдийн хийж буй үйлдлийг хаацайлж байна. МХЕГ-аас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж байгаа бол түүнийгээ хэлмээр л юм. Гэтэл тэд хэлэхийг хүссэнгүй. Цэвэрлэгээний ажлаар далимдуулан барилгын ажлыг хийж байгаад хэн ч хяналт тавихгүй байгааг эндээс харж болохоор байв.

 

С.Юмсүрэн

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler