| |
Видео
Шинэ мэдээ
“Жеби” шуурганы улмаас “Кансай” нисэх онгоцны буудал хаагджээ
Японд дэгдэж буй "Жеби” далайн шуурганы улмаас тус улсын баруун нутаг дахь хамгийн том нисэх онгоцны буудал болох "Кансай” хаагдаж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Осака, Кобэ болон Киото хотуудыг холбодог тээврийн гол зангилаа гэгдэх нисэх онгоцны "Кансай” буудлын эх газар дахь гүүрийг усан онгоц мөргөсний улмаас үйл ажиллагаа нь зогсоход хүрчээ. Японд сүүлийн 25 жилд болоогүй хүчтэй шуурга 10 хүний аминд хүрээд байна.
Үүний зэрэгцээ 6.6 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Японы хойд нутгийн Хоккайдо арал дээр хөрсний гулгалт үүсчээ. Ацуми хотод олон байшин барилга эвдрэн сүйдсэн бөгөөд хэд хэдэн хүн гарч чадахгүй боогдоод байгаа юм. Энэ бүс нутагт хүний амь үрэгдсэн гэх мэдээлэл алга байна.
Жеби шуурганаас үүдсэн газар хөдлөлтийн улмаас байшингийн дээврүүд хууларч, тээврийн хэрэгслүүд хөмрөн унаж, цахилгаан хангамж тасарчээ.
Шуурганы хүч хэр байсан бэ?
Орон нутгийн цагаар лхагва гарагийн үдийн орчимд салхины хурд 216 км/цагт хүрч ширүүсч, хөрсний гулгалт үүссэн байна. Шуурга тус улсын баруун нутгийн эх газрыг дайран хойд зүгийг чиглэн хурдтай урагшилж байгаа аж. Хүний амь үрэгдсэнээс гадна 300 гаруй хүн гэмтэж бэртжээ.
Хэр хэмжээний хохирол учирсан бэ?
400 мянга гаруй байшин барилгын тог цахилгаан тасарч, Киотогийн төмөр замын гол буудлын дээвэр хууларсан байна. Мөн боомтууд дээрх чингэлгүүд тоглоомон тоосгоны адил шидэгдэж, хөмрөн унасан тээврийн хэрэгслүүд зам дээгүүр хөглөрч байгаа нь цахим сүлжээн дэх гэрэл зургуудаас харагдана.
Түүнчлэн шуурганд нэрвэгдсэн бүс нутгийн 1.2 сая гаруй хүнийг өөр газар нүүхийг зөвлөсний зэрэгцээ өнгөрсөн шөнө түр хоргодох байранд 16 мянга гаруй хүн хоног төөрүүлсэн байна.
"Бид байгалийн гамшгийн учруулсан хохирлыг арилгаж, дэд бүтцийг сэргээн засварлахад бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллах болно” гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ твиттер хуудсандаа бичжээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг