|
Видео

Шинэ мэдээ

Хэн нь хэнийхээ толгойг илээд, цустаад явна даа

Хэн нь хэнийхээ толгойг илээд, цустаад явна даа

Авлигатай тэмцэх газар нь иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авч Авлигын эсрэг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасны дагуу хянах үүрэгтэй. Энэ хүрээнд төрийн албаныханд /Засгийн газар, яам, агентлагт/ өнгөрсөн онд хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтэд хангалтгүй гэдэг дүн тавьж байгаагаа саяхны тайландаа дурьдлаа.

 

Зөвлөмж өгөөд өнгөрөх нь үнэндээ толгой илсэнтэй адил. Тэд зөвлөмжийн хэрэгжилтийн талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өгч, иргэд олон нийтийн хяналтыг шинэ шатанд гаргах чиглэлээр ажиллаж байгаа гэнэ. Хуучин бол ихэд "аядуу, зөөлөн” ажиллаж байхад нь толгойг нь цустаад яваа бололтой. Аргаа барахдаа АТГ ард түмнээ урдаа барихаар шийдлээ гэж сүржигнэх вэ дээ. Гэхдээ АТГ-ын толгой, ард нь байгаа том толгойны алийг нь цустав гэдэг эргэлзээ бас энд бий.

Авлигын эсрэг бүхий л чадлаараа тэмцэж байгаа гэж сар бүр тайлагнадаг газрынхнаас хамгийн их асуулт дагуулж байгаа гэх гурван яамыг энэ удаад онцгойлон олон нийтэд зарлав.

Эхний асуудал бол Эрчим  хүчний яамтай холбоотой. Эрчим хүчний яамнаас болон салбаруудад 2017 онд зарласан тендерт уг салбарт ажиллаж байгаа болон ажиллаж байсан албан тушаалтан, тэдгээрийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хувь эзэмшиж буй 7 компани нь нийтдээ 5.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тендерт сонгон шалгарч гэрээ байгуулан ажилласан нь олон нийтэд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөлийг бүрдүүлж байна хэмээн АТГ мэдээлж, компаниудын нэрсийг олон нийтэд зарлалаа. Гэтэл хэвлэлээр нэг салбарын сайдтай хамаатуулж орхив.

Харин салбарын сайдын зүгээс Эрчим хүчний салбарт ажилладаг хүмүүсийн үүсгэн байгуулсан таван компани тендерт орж, 5.8 тэрбум төгрөгийн ажил авсан мэдээлэл байна гэв. Тэрээр тайлбартаа "Ашиг сонирхлын зөрчил гэдэг нь үнэлгээний хороонд тухайн хүн орсон тохиолдолд гэж байгаа. Түүнээс эрчим хүчний салбарт ажилладаг хүний компани энэ салбараас ажил авч болохгүй гэсэн зүйл байхгүй.” гэсэн юм. Тэгэхээр сайдад хамааралтай эсэхийг АТГ-аас зарласан дараах мэдээллээс харж болох юм. Ингэж олон нийтэд зарлаж байгаагаас харахад ямартай ч өгсөн зөвлөмжийг нь биелүүлээгүй бололтой. Эрчим хүчний тендерт ялдаг гэх 7 компаниуд гэнэ:

– "Проектватт” ХХК-Үүсгэн байгуулагч Б.Батдэлгэр нь БНЗӨБЦТС ТӨХК-д инженерээр ажилладаг, 2 удаа тендерт шалгарч, гэрээний нийт дүн 1.094.1 сая төгрөг
– "Талст инженеринг” ХХК-Үүсгэн байгуулагчийн нөхөр Л.Намжилдорж нь ДЦС-3 ТӨХК-д ажилладаг, 2 удаа тендерт шалгарч, гэрээний нийт дүн 1.189.1 сая төгрөг
– "Биндэгноров” ХХК-Үүсгэн байгуулагч Д.Батзориг нь УБЦТС ТӨХК-д Зураг төсвийн албаны даргаар ажилладаг, анх Н.Пунцагноров /УБЦТС ТӨХК-ийн Тоолуур, хэмжих хэрэгслийн хэлтсийн дарга/ үүсгэн байгуулж, эзэмшлээ шилжүүлсэн, 1 тендерт шалгарч, гэрээний нийт дүн 1.389.4 сая төгрөг
– "Эрчим” ХХК-Х.Алтанхуяг нь ЦДҮС ТӨХК-д Улаанбаатар салбарын захирлаар ажиллаж байсан, компанийн 28 хувийг эзэмшдэг, 1 тендерт шалгарч, гэрээний нийт дүн 206.3 сая төгрөг
– "Наранлист” ХХК-Үүсгэн байгуулагч Н.Сугаржав нь ЦДҮС ТӨХК-д Худалдан авах ажиллагаа, ханган нийлүүлэлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, 2 удаа тендерт шалгарсан, гэрээний нийт дүн 1.628.2 сая төгрөг
– "Комфорт-Имфекс” ХХК-Үүсгэн байгуулагч Ө.Пүрэвбаатар нь Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан, 2 багц 1 тендерт шалгарч, гэрээний нийт дүн 73.8 сая төгрөг
– "Грийн энержи интернэшнл” ХХК-Үүсгэн байгуулагч П.Товуудорж ЭХЯ-ны СБТГ-ын даргаар ажиллаж байсан. Компанийн эзэмшлээ дүү П.Даваадоржид шилжүүлсэн. П.Даваадорж нь УБЦТС ТӨХК-д ажиллаж байсан. 1 тендерт шалгарч, гэрээний дүн нийт 215.2 сая төгрөг.

Эрчим хүчний тендерт ялдаг хурган дарга нарын асуудлаас гадна БОАЖЯ-нд үүссэн асуудлыг бас зарлав. Энэ яаманд засвар хийх, хурлын заалны тоног төхөөрөмж нийлүүлэх нийт 200 орчим сая төгрөгийн тодорхой хэсгийг ном, товхимлын мөнгө мэтээр халхавчлан тус яаманд хэрэгжиж буй төслийн мөнгөнөөс "Эрдэнэзул” ХХК руу шилжүүлж бэлэн мөнгө болгон гарган авсан байна. Улмаар засварын ажлыг БОАЖ-ын сайдын хамаарал бүхий өөр компани гүйцэтгэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Энэ асуудлыг одоо шалгаж байгаа юм байна.

Сүүлийн үед нэлээд хэл ам дагуулаад байсан ЭМЯ-ны томилгооны асуудлын тухайд гэвэл, хууль бус томилгоо болсон гэдэг нь тогтоогдсон. Тиймээс холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцуулах тухай албан бичгийг АТГ-аас хүргүүлсэн гэнэ.

Яаж ийж байгаад төрд, тэр тусмаа даргын сэнтийд заларсан бол өөрт болон тойрон хүрээлэгчдэдээ ашигтай бүхнийг амжуулах хэрэгтэй гэсэн төө хүрэхгүй ухаан хэсэг бүлэг хүмүүст бий болчих юм.

Энэ нь түмэн олонд хэчнээн халтай ч төрийн төмөр нүүр тэдэнд "түй ч нөлөөлөхгүй” гэдэгт бат итгэлтэй байх нь бүр ч аюултай. Гэтэл АТГ-аас төрийн үйлчилгээний хүнд суртал, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарах шалтгаан, нөхцөл болж буй хүчин зүйлсийг арилгах, таслан зогсоох, холбогдох хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газар, яам, агентлагт зөвлөмж хүргүүлсэн нь ийнхүү хангалтгүй биелэлттэй дүгнэгдсээр байна. Зөвлөмж хүргүүлэхээс өөрийг хийдэггүй бол "тэмцэх” гэдэг сүржин үгийг нь "зөвлөх” гэдэг агуулгатай үгээр соливол зохино. Дээр нь хүргүүлж байгаа зөвлөмж нь толгойг нь илэх мэт зөөлддөг учраас үл тоомсорлодог биз ээ. Эсвэл биелүүлэх боломжгүй хатуу байдлаар зөвлөдөг байж болох. Магад хатуу зөвлөмжид албан тушаалаас нь буулгах тухай шийдвэр багтах байх. Харин эгэл ардын хувьд төрийн зөөлөн сэнтийгээс буулгаад өөрсдийнхөө дэргэд авчирсан ч чамлалттай санагдана. Учир нь хүлээх ёстой хуулийн шийтгэл гэдэг тэднээс холуур өнгөрдөг тул хатуу гэсэн ойлголт хэзээ ч төрдөггүй юм. Тиймээс л толгой иллээ гээд байгаа нь энэ.

Ард түмэнд зарлаж шинэ шатанд гаргаж байгаа ажил нь үнэхээр шинэ шат уу, шантааж уу гэдгийг цаг хугацаа харуулна. Учир нь АТГ нь хэн нэгэн эрхтэн дархтаны далласан газар нь ил гарч, далдал гэсэн бүхнийг хав дарж, дарамтал гэсэн бүхнийг шантаажид оруулдаг гэдэг ойлголт нийгэмд бий болсон.

"Энэ удаад эдгээр асуудлыг зарлачихлаа. Тэдний хооронд ямар асуудал үүссэн болохоор ингээд зарлах болов?” гэдэг хардлага хүмүүст төрдөг болсон нь үнэндээ нууц биш. АТГ-ын үйл ажиллагаанд нэгэнтээ эргэлзэх болсон, тэдний үүрэг чиглэл олон нийтэд бүрхэг болсон энэ үед тэд хэрхэн тэнцвэртэй байдлыг хангаж чадахыг харж л байя. Төрийн төмөр нүүр зөөлдсөн, түмний эрх ашгийг хохироосон олон асуудал АТГ дээр байгаа. Хэнийг нь дарлаж, хэнийг нь дарж үлдээх бол доо.

эх сурвалж:undesten.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler