| |
АТГ: 60 тэрбумын хэрэг асуудлыг прокурорын байгууллагаас сэргээж шалгаж эхэлсэн
Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-ны өдөр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэхүү хэвлэлийн бага хурлаа өнөөдөр хийлээ. Мэдээллийн эхэнд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү "Төрийн албан хаагчийн хуульд нийцээгүй, томилгоо, төрийн үйлчилгээний хүнд суртал, үндэслэлгүй төлбөр хураамж, тооцоо судалгаагүй төсөв санхүү, үр ашиггүй, хууль зөрчиж гарсан шийдвэр, зөрчилтэй тендер худалдан авалт, төсвийн хөрөнгөөр худалдан авсан чанаргүй бараа, шийдвэр, үйл ажиллагаа, үйлчилгээ зэрэг нь яам, агентлаг, тэдгээрийн харъяа төрийн өмчит аж ахуйн нэгжүүд зэрэг төрийн 99 байгууллага, 21 аймагт түгээмэл, түүнийг засах, таслан зогсоох гэмт хэрэг гарах нөхцөл шалтгаан болж байна” гэж тодотгосон юм. Мөн тэрээр "Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгүүд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд яам, агентлагуудад ажиллаад, илэрсэн зөрчил, дутагдлыг давтан гарахаас сэргийлж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх 150 зүйл бүхийн зөвлөмжийг хүргүүлсэн. Зөвлөмжийн хэрэгжилтийг хянан үзэхэд биелэлт хангалтгүй, бодитой ажил хийгдэхгүй байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг давтагдах нөхцлийг бүрдүүлээд байна. Тухайлбал,БОАЖ-ын яам дотоод завсар хийхдээ өөр зориулалтаар нэр бүхий компани руу мөнгө шилжүүлэн, тэндээсээ гарган авч, өөр компани руу шилжүүлсэн зэрэг зөрчил илэрсэн. Тус компани нь БОАЖ-ын сайдын хамаарал бүхий хуулийн этгээд байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Эрчим хүчний салбарт 130 компани энэ салбарт ажилладаг хүмүүсийн хамааралд байна. Өнгөрсөн онд зарлагдсан тендерээс эрчим хүчний салбарт ажиллагсад болон түүний хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан ДОЛООН компани 5.8 тэрбум төгрөгийн тендерт сонгосон байна.
Эрүүл мэндийн салбарт, өөрийн хамаарал бүхий этгээдийг удирдах албан тушаалд томилох тохиолдол хэд хэдэн гарсан. Тухайлбал, Эрүүл мэндийн сайд өөрийн туслахаар ажиллаж байсан Б-г яамны Төрийн тусгай удирдлагын ахлах мэргэжилтнээр томилсон. Өөрийн хүүгийн жолоочоор ажиллаж байсан хүнийг Хөрөнгө оруулалтын газрын даргаар томилсон гэх гомдол мэдээллийг хянан шалгахад магадлагдсан болно” гэж онцоллоо.
Худал мэдээлэл тараасан хүмүүсийг АТГ-аас цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах болно
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-АТГ-ын газрын дарга Х.Энхжаргалын 19 настай охин Шарын гол ХХК-ийн ТУЗ-ын даргаар ажилладаг гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар?
-АТГ-ын газрын дарга Х.Энхжаргалд 19 настай охин байхгүй. Аль нэг төрийн өмчит хуулийн этгээдийн ТУЗ-ийн даргаар ажилладаг хүүхэд байхгүй. Энэ бол санаатайгаар тараасан илт худал мэдээлэл. Ийм байдлаар АТГ-ын үйл ажиллагааг гутаах, харлуулах, саармагжуулах зорилготой ийм мэдээллүүдийг АТГ-ын даргын нэр хүндэд халдсан байдлаар тарааж байна.
Энэ мэдээллийг цуврал байдлаар бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Сошиал сүлжээнд энэ мэдээллийг хуульч, өмгөөлөгч Пүрэвбаатар гуай бичсэн байсан. АТГ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүнээр ажилладаг атлаа ийм хариуцлагагүй, худал мэдээлэл тарааж байгаа нь харамсалтай явдал. Иймэрхүү худал мэдээлэл тараасан хүмүүсийг АТГ-аас цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах болно.
-60 тэрбумын хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?
– 60 тэрбумын хэрэг асуудал хамтарсан ажлын хэсэгт орсон байгууллагуудын зүгээс тодорхой асуудлуудыг шалгах шаардлагатай гэж прокурорт санал тавьсан. Прокурорын байгууллагаас хэрэг, асуудлыг сэргээж мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж явагдаж эхэлсэн.
-Эрдэнэт үйлдвэр, Жастын Ш.Батхүүтэй холбоотой хэрэг одоо ямар шатандаа явж байгаа вэ?
-Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хийгдсэн аудитын болон үндсэн дүгнэлтүүд гарсан. Хэрэг асуудлыг нэлээн өргөн цар хүрээтэйгээр шалгаж байгаа. Шалгагдаж буй хэргийг ойрын үед прокурор, шүүхийн шийдвэрт шилжүүлэх тухай асуудал яригдаж байгаа.
-Цэцэрлэг, сургуулийн элсэлт явагдаж байгаа энэ үед авлигын хэргээр эцэг, эхчүүдээс ирсэн санал гомдол байгаа юу. 18 дугаар сургуулийн захирлыг шалгаж байгаа гэсэн мэдээлэл байсан?
-Сургууль, цэцэрлэгийн элсэлтийн үеэр хахууль, авлига авч байна гэсэн мэдээлэл жил болгон гардаг. Одоогоор энэ асуудлаар гомдол мэдээлэл ирээгүй байна. Бид энэ асуудлаас урьдчилан сэргийлэх үүднээс Нийслэлийн Боловсролын газар, БСШУСЯ-нд зөвлөмж, чиглэл хүргүүлж ажилласан.
-Эрүүл мэндийн сайд өөрийн ашиг сонирхлын дагуу хамаарал бүхий этгээдийг төрийн албанд томилсон гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Тухайн томилогдсон этгээд нь Эрүүл мэндийн сайдын хүүгийнх нь найз гэдэг нь тогтоогдсон.Зөвхөн энэ гэлтгүй холбогдох яамдууд дээр явагдаж буй томилгоо төрийн албаны тухай хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар томилогдох ёстой. Энэ мэтчилэн хуулийн хүрээнд шийдэгдэхгүй байгаа учраас бид Төрийн албаны зөвлөлд хандсан байгаа.
-МУИС-ийн удирдлагуудыг яг ямар үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн бэ?
-МУИС-ийн хэсэг багш нараас удирдлагуудтай холбоотой хэргээр өргөдөл, гомдол гаргасан. Үүн дээр Нийслэлийн Прокурорын газраас дугаар өгөн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Ямар нэгэн хүнийг сэжигтэнгээр тооцсон, яллагдагчаар татах тогтоол үйлдэгдсэн асуудал байхгүй. Хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлаар гомдол санал ирсний дагуу энэ асуудал шалгагдаж байгаа.