|
Видео

Шинэ мэдээ

Тусгаар тогтнолын ордонд тодорсон хувилгаан буюу "Дарга жаал"

Тусгаар тогтнолын ордонд тодорсон хувилгаан буюу "Дарга жаал"Шашны хэлээр бол сайн цаг ирэхэд хутагт, хувилгаад олноор тѳрдѳг гэдэг юм билээ. Харин тѳр улс бужигнаж, эмх замбараагаа алдсан цѳвүүн цаг улс тѳрийн хувилгаад мэндэлдэг ажээ. Хувилгаан гэдэг бол алив юманд хувилж чаддаг, чадал бүхий зүйл гэж Монгол хэлний их тайлбар тольд тайлбарлажээ. Бас Буддын шашинд Богд гэгээн, хутагт нарын нас нѳгчсѳний хойно сүнс нь дахин тѳрѳл олсон дүрийг хувилгаан гэдэг байна.
Тэгвэл Монголын тѳрийг 98 жилийн турш удирдан жолоодсоор ирсэн "ѳвгѳн" намд үүнээ тэс ѳѳр ч элдвийг сэтгэж, хуйвалдаан хулгай зохиож суудаг нэгэн хувилгаан тѳрсѳн байгаа юм. Сүүлийн үед ааг бяр нь дээлэндээ багтахаа байж, дэлхийг ч эргүүлье гэх нь холгүй аархдаг болсон тэр хувилгааныг зарим хүн "Дарга жаал" гэнэ.
Үнэнийг хэлэхэд энэ хувилгаан МАН-ын хаалгаар орж ирээд удаагүй. Одоогоос есхѳн жилийн ѳмнѳ МАН-ын хэлтсийн даргаар нэгэн шавилхан залуу томилогдсон нь ѳнѳѳдѳр энэ намыг утгаар нь бужигнуулж байгаа ѳнѳѳх хувилгаан буюу "Дарга жаал" юм. 2012 оны сонгуульд МАН ялагдаж, 2016 оныг хүртэл улс тѳрийн тойргийн гадна муугаа үзэж дѳрвѳн жилийг ѳнгѳрѳѳхѳд энэ хүн байгаагүй юм. МАН-д байтугай Монголд ч үзэгдээгүй.
Нам нь ялагдсан учир гадаадад суралцаж байсан гэдэг. Ингэж явж явж 2016 оны сонгуулийн ѳмнѳхѳн Монголдоо ирж, дарга нараасаа гуйсаар МАН-даа сонгууль хариуцсан ажил аваад суучихсан байгаа юм. Тэгтэл энэ сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж, 65 суудалтай болчихов.
Харин мань залуу ид шид, илбэ жатга хэрэглэж явсаар сонгуулийн дүн гарснаас хагас жилийн дараа намынхаа маш том дарга болоодхов. Ингэж тэр "Дарга жаал" гэдэг нэртэй болов. Үнэндээ түүний хашиж байгаа даргын ажлыг урьд ѳмнѳ нь дандаа мундаг лидер улстѳрчид хийж байсан байдаг. Хувьсгалыг ухаантнууд сэдэж, зоригтнууд хийж, адгийн шаарнууд үр шимийг нь хүртдэг гэдэг үг бий л дээ. Амьдрал дээр ингэж батлагддаг болохоор аргагүй цэцэн үг болсон хэрэг биз.
Үндсэндээ ямар ч хяналтгүйгээр тѳрийн эрх барихаар болсон намын том дарга гэдэг ямархуу хэмжээний эрх мэдэлд хүрэх нь тодорхой. Хүссэн хүсээгүй "Дарга жаал" хамгийн түрүүнд ямар албан тушаалд хэнийг тавих вэ гэдэг албан тушаалын хуваарилалтын ажилд ханцуй шамлав. Ѳмнѳ нь энэ албыг хашиж байсан эрхэм сонгууль ѳнгѳрүүт тѳрийн ѳндѳр алба хашихаар явж мань залууд ажлаа түр гүйцэтгүүлэхээр орхисон.
Мань залуу дараа нь тэр ажилд жинхэлж чадсан нь энэ болохоор сонгуулийн дараагаас л албан тушаал хуваарилж эхэлсэн байгаа юм. "Дарга жаал" ажил хуваарилаад, үүдээрээ дүүрэн хүн суулгаад жаргаж ѳгч байлаа. Гэвч зарим нэг шийдвэр нь тѳрд алба хашихаар явсан дарга нарынх нь эсэргүүцэлтэй тулах болжээ. Иймээс "Дарга жаал" тэдний хүчийг хэрхэн сулруулж, ѳѳрѳѳ эрх мэдэлтэй болох вэ гээд ѳдѳр шѳнѳгүй бодсон байгаа юм. Аз нь таарч намд нь хуучин дарга нарынх нь тэргүүлж буй Засгийн газрыг унагах давалгаа үүсэв. Мань эр ч уухайн тас дэмжив. Сѳрѳг хүчнийхэн нь цѳѳхүүлээ ч гэсэн хэрэгтэй байсан тул дэмжлэг хүсээд очиж уулзав. Тохироо ч хийв. Ингээд "Дарга жаал" энэхүү хүний ѳѳрийн намынхнаас бүрдсэн хүмүүст хүчээ ѳгч, намын аппаратыг ажиллуулснаар санасандаа хүрч чадав. Засгийн газар ч уналаа. Дараагийнх нь байгуулагдав.
Дэмжсэн хүн нь тѳрийн ч, намын ч маш том дарга болов. Ингээд түүний жаргах, жаалах цаг ирлээ. Мань залуу ч нам дотроо дураараа дургих болов. Намынхнаа шатрын хүү шиг ийш тийш түлхэж, хооронд нь мѳргѳлдүүлж, хагалж зодолдуулж суух хачин сайхан санагддаг болжээ. Бас ѳѳрт нь ирсэн эрх мэдэл чамлагдаад болдоггүй. Бал дарга явсаар бүгдийг нь баздаг болсон юм. Би яагаад болохгүй гэж гэсэн адын бодол хатгаад зүгээр суулгахыг болив.
Бодсоор бясалгасаар аажим аажмаар муу юмны хувилгаан шидийг олж эхлэх нь тэр. Намынх нь хамгийн том түшиц бол Нийслэлийн МАН-ын хороо. Энэ бүтцийг ѳѳрийн болгохгүй бол чамлалттай санагдаад болдоггүй. Хурлын дарга, Засаг дарга хоёрынх нь дунд яс шидсээр нѳгѳѳ хоёрыг энэ насандаа лав эвлэрэхээргүй эвдрэлцүүлж дѳнгѳв. Энэ бол амжилт гэж баясав. Ийм маягаар Засгийн газраа унагаж, Нийслэлийн МАН-ыг бужигнуулснаар 98 жилийн түүхтэй МАН-ынхан эргэхээргүй эвдрэлцэж, ѳѳрѳѳ ч нэг талд нь багтав.
Ингэсэн ч ханасангүй. "Дарга жаал" маань Амарбаясгалант хийд дээр болдог бумбаны тахилга шиг ёсыг Тусгаар тогтнолын ордонд үйлдэж суудаг болжээ. Манжийн хааны зарлигаар Анхдугаар Богд Занабазарт зориулан Бүрэнханы ѳвѳр Ивэн голын эхэнд 1727 онд Амарбаясгалант хийд байгуулагдсан байдаг. Энэ хийдийг 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед нураасан ч ардчиллын он жилүүдэд гадаад дотоодын тѳсѳл хѳтѳлбѳрѳѳр дахин сэргээсэн байдаг. Одоо тэнд ном гүрэм уншихаас гадна Гонгорын бумба тахих ёслол болдог. Хүслийг хангагч зэндмэнэ эрдэнэ Гонгор бурхан залсан айл өрх хүссэн хүслээрээ амгалан сайхан аж төрөхийг, хэмжээлшгүй эд баялгийн Намсрай бурхан тахиулсан айл өрх эд, баялаг, амны хишгээр аврвидахын ерөөлийг даатган авшиг хүртдэг гэдэг юм байна. Үүн лүгээ олныг бодсон улстѳрчид, нам дагасан нѳхдүүд "Дарга жаал"-ын үүдийг сахиж суух болжээ.
Чухам энэ бүхнээс л "Дарга жаал"-ын хувилгаан шидийг олдог хүч чадал улам нэмэгдэж байгааг ѳѳрѳѳ мэдэрч, дагалдагчид нь хѳѳрѳгдѳх болов. Улмаар "Дарга жаал" том эрх мэдлүүдийг ѳѳртѳѳ тѳвлѳрүүлэн хэрэгжүүлж, тѳрийн ѳмчит компаниудын удирдлагыг ѳѳрийн "зурснаар" томилдог болов. Яг одоо ч монголчуудын "саалийн үнээ"-г "Дарга жаал" бужигнуулж байна. Бас ард түмний ѳмч болох "хар алт"-ыг хааш нь, хэнд худалдахыг мэддэг хамгийн том албан тушаалтан болов. Ийн Тусгаар тогтнолын ордонд тодорсон хувилгаан буюу "Дарга жаал" хэмжээ хязгааргүй жаалж сууна. Энэ хүн хоёрхон жилийн дараа 100 насыг зооглох МАН-ын "амыг барих" хүний нэгээр бас нэрлэгдэж байгааг энд дуулгая.
 
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=12012

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler