| |
Өлгий хотод үер бууж 275 айлын хашаа усанд автжээ
Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод долдугаар сарын 15-ны 15:00-15:30 цагийн хооронд усархаг бороо орсноосн үер буужээ. Үерийн улмаас тус сумын 2, 3, 4, 12, 13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан байна.
Дуудлагыг тухайн өдрийн 16:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдангаар ахлуулсан 35 алба хаагч, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн 2 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 65 алба хаагч, Цахилгаан шугам сүлжээний газрын 3 хүн, Нийтийн аж ахуйн үлчилгээний "СУАТ” ХХК-ийн 5 хүн, "ЖОЛ” ХХК-ийн 8 хүн, орон нутгийн 24 иргэн, нийт 146 хүн ажиллаж үерт боогдсон 163 хүнийг аюулгүй газарт гаргаж, гэр байшин нь орогнох боломжгүй болсон 95 иргэнийг түр хорогдох байранд байрлуулжээ. Мөн 2.8 км урт шуудуу татаж усыг зайлуулж, хохирлыг нарийвчлан тогтоохоор ажиллаж байгаа аж.
2016 оны долдугаар сарын 10-нд усархаг бороо орсны улмаас Өлгий хот бүхэлдээ усанд автсаны улмаас Ховд голын эргээр оршин суудаг 160 гаруй өрх үерт нэрвэгдэж, 640 гаруй иргэн орон гэргүй болж байсан удаатай. Энэ үеэр бага насны хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан юм. Тухайн үед 18 байшин нурж, нэг хүн нурсан байшинд дарагдан, 110 орон байр, эд хөрөнгө усанд автаж, голын усанд нэг хүн боогдсон, хоёр байрны дээврээс ус нэвтэрсэн билээ.