| |
МАХН-ын зарим сайдын “батаар”-аас дутуугүй сондгой өнцөг
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийхээр УИХ-д өргөн барьсан. Гэвч түүнийг өөрийг нь огцруулна гэдэг тогтоолын төслийг МАН-ынхан өргөн барьснаас болж, бүтцийн өөрчлөлт хийгээд шинэ сайд томилох асуудал гацаанд орчихоод байна. Гэхдээ улс юм чинь засагтай л байж таарна гэдэг логикоор нь харвал засаг тойрсон асуудал удалгүй шийдэгдээд учир начраа олоод явах биз ээ.
Бүтцийн өөрчлөлтөд орж, салж нийлж, татан буугдаж байгаа яамдын сайд нарын хандлагыг харахаар сонин. Гадаад хэргийн сайд Л.Болд, Эрчим хүчний сайд М.Сономпил, Зам тээврийн сайд А.Гансүх нар "авсан юмыг өгч болно” гэдгийг үлгэрлэн харуулж байна. Хийсэн ажлаа тайлагнаад хийх ёстой их зүйл үлдсэнийг сануулаад хамтарч ажилласан яамныхандаа талархал илэрхийлээд л. Тэдэнд талархсан сэтгэлийн үг цахимаар дүүрэн байх. Уг нь бол МАХН-ын Ч.Улаан сайдтай харьцуулбал нас залуу, энэ гурван сайдаас л албан тушаалдаа үлдэх гэсэн шуналт хүсэл цухалзана даа гэж таамаглаж байсан хүмүүс байсан биз. Гэтэл идэрхэн сайд нар тэгсэнгүй, нэгэн танхимд хамтран ажиллаж байсан Засгийн газрын тэргүүнийхээ гаргасан шийдвэрийг хүндэтгэж байгаа гэдгээ илэрхийлж, "эзний алба ээлжтэй, хааны алба халаатай” гэдгийг хэлээд л ажлаа өгцгөөж байна. Харин хэдэн Засгийн газарт Сангийн сайдаар ажилласан, парламентын гишүүд дотроос насаараа эхний тав дотор бичигдэх Ч.Улаан сайд тэднээс тэс өөр төрхийг илэрхийлж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хийж байгаа бүтцийн өөрчлөлтийн талаар танхимынх нь сайд Ч.Улаан санал нийлэхгүй байсан бололтой. Түүнийгээ "Манайх шиг ийм эвслийн Засгийн газар байгуулсан үед орон тоо зардлыг бууруулах биш төр засгийн тогтвортой байдлыг хангах үүднээс харин ч орон тоо зардлаа нэмэгдүүлдэг хандлага олон улсад түгээмэл байдаг. Тэгэхээр өнөөдөр бүтэц чухал уу, төр засаг тогтвортой байх нь чухал уу гэдгийг бодолцож бүтцээ тогтоох хэрэгтэй хэрэгтэй” гэж байр сууриа хэвлэлд илэрхийлжээ. Өөрийг нь цомхотголд оруулснаас болсон уу, үнэхээр асуудлыг тэгж харж байгаа юм гэдгийг таашгүй. Гэхдээ өнгөн харагдах талаасаа бол өөрөө сайдын суудалгүй үлдэж байгаадаа ингэж хэлээд байгаа гэж "орчуулагдаад” байх. Хэрвээ тэрээр Сангийн сайдаараа улиран ажиллахаар болсон бол юу гэж хэлэх байсныг ч бас таашгүй. "Төр түмнийхээ итгэлээр таван удаа Их Хуралд сонгогдон ажиллалаа би...” гээд л эхэлсэн Ч.Улаан сайдын чуулганы хуралдааны үеэр хэлсэн үг ч гэсэн...
Ч.Улаан сайдын араас ТБД гэдэг хүн бас орж байх шиг байна. Намын нь ҮЗХ хуралдаад Шадар сайддаа баахан санал шаардлага л ярьсан юм гэсэн. Тааруухан ажиллалаа гээд. Намынхаа нэрээр дэвшүүлж, намынхаа нэрээр засагт оруулсан юм чинь бас тааруухан ажиллаж байгаа бол хэлэх нь зүй. Гэтэл энэ нь Шадар сайд Д.Тэрбишдагвад таалагдаагүй бололтой. Бас л нэг унирхаж тунирхсан амьтан намынхаа талаар, Н.Энхбаярынхаа талаар сонины нүүр дүүрэн дүүрэн ярьжээ. Шадар сайдын суудалгүй үлдчих вий гээд л мань хүн айгаад байгаа бололтой "элгийн элгийн” юм их ярьжээ.
Нам гэдэг улс төрийн байгууллагаараа дамжуулан төр засгийг барьдаг нь дэлхийн жишиг. Тиймээс намын өмнөөс нэр дэвшиж, намын өмнөөс томилогдож, намын мөрийн хөтөлбөрийг Засгийн хөтөлбөр болгон эрх барьж байхдаа түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг нь ч бас жишиг. Гэтэл ардаа байгаа нам гэдэг фоноо, сууриа мартчихаад ганцаараа мөнх сайдын суудалд суух ёстой гэсэн буруу ойлголт Ху намын зарим хүнд гүн хадгалагдаад байгаа нь "батаар”-аас дутуугүй сонин үзмэр, сондгой өнцөг.
Монголын улс төрийн ууган нам гэдэг "титэм”-ийг Ардын намтай булаалддаг МАХН сайдын суудалд мөнхрөх хүсэлтэй, иймэрхүү хүмүүсээсээ болоод их эвгүй харагдаж байна даа. Юм үзээгүй нялх залуу ардчилагчдын хажууд МАХН-ын сайд нар ч уг нь намтартаа албан тушаалын цуглуулгатай улс. Дурлалд ханасан зүрх гэж байдаггүй гэдэг шиг даанч албан тушаалд, сайдын суудалд шунан дурлах сэтгэлд нь ч бас хязгаар гэж байхгүй бололтой. Гэхдээ энэ шунан дурлах хүслээ татаж л авахгүй бол мөнөөх хар тамхинд донтох гэдэг шиг юм болж мэдэх.
Х.СҮХ