| |
Шар тэнгисийг зэвсэггүй бүс болгоно
Хоёр Солонгосын Зэвсэгт хүчний удирдлагууд Шар тэнгисийг зэвсэггүй бүс болгох талаар ярилцжээ. Ингэснээр бүс нутагт энхтайван байдал тогтоохын тулд Умард Солонгос улс тодорхой арга алхам авч эхэлсний баталгаа гэж шинжээчид харж байна. Шар тэнгисийн эрэгт БНАСАУ-ын артиллерийн эргийн хамгаалалтын алба байрладаг ба 2010 онд тус алба Өмнөд Солонгосын Ёнпёндо арал руу гал нээсэн юм. Пханмунжом сууринд болсон хоёр Солонгосын Зэвсэгт хүчний удирдлагуудын уулзалтаар тус хилийн артиллерийн албыг татан буулгах, шилжүүлэх асуудлыг ярилцсан гэж KBS телевиз албаны эх сурвалжийн мэдээлэл дээр тулгуурлан дамжууллаа. БНСУ, БНАСАУ-ын төрийн тэргүүний дээд хэмжээний уулзалтаар Шар тэнгисийг зэвсэггүй бүс болгох санаачилгыг Сөүлийн тал эхэлж тавьсан билээ. Энэ асуудлаар Сөүл, Пхеньяны эрх баригчид үргэлжлүүлэн хэлэлцэх гэнэ. Асуудлыг зэвсэгт хүчний удирдлагуудын дээд хэмжээний хэлэлцэж эхэлсэн нь Шар тэнгист энхтайван байдал тогтоох гэсэн шийдэмгий, дорвитой алхмын эхлэл болж байна гэж шинжээчид үзэж байна.
Гэхдээ артиллерийн зэвсэг бүхий эргийн хамгаалалтаа татан буулгасны хариуд Пхеньян Сөүлээс хариу арга хэмжээ шаардаж магадгүй гэнэ. Тиймээс зөвшилцөлд хүрэхийн тулд багагүй хугацаа шаардагдах болов уу гэж үзэж байгаа юм. Өмнөд Солонгосын Ёнпёндо арал нь хоёр улсын усан хилээс холгүй оршдог. Тус бүс нутагт явуулсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэж БНАСАУ 2010 онд 30 гаруй пуужин хөөргөж, цохилт өгсөн байна. Үүний дүнд зэвсэгт хүчний хоёр алба хаагч амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан. Хариуд нь БНСУ-ын тал 80 гаруй удаа гал нээсэн билээ. Умард Солонгосын талаас хүний амь эрсэдсэн, мөн бэртсэн тохиолдол гарсан эсэхийг тухайн үед мэдээлээгүй юм.
АНУ ПХЕНЬЯНД 47 ЗААЛТТАЙ ШААРДЛАГА ТАВИВ
Вашингтон БНАСАУ-тай байгуулсан цөмийн зэвсгээс бүрэн гүйцэд ангижрах гэрээний хүрээнд 47 заалт бүхий шаардлага тавьсан тухай Японы Гадаад хэргийн сайд Таро Коно мэдэгдлээ. Тэрбээр NHK сувагт өгсөн ярилцлагадаа "Умард Солонгосын дээд удирдагч цөмийн зэвсгээс бүрэн ангижрахыг зөвшөөрсөн. Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Пхеньянд айлчлах үеэрээ АНУ энэ цөмийн зэвсгээс бүрэн гүйцэд ангижрах гэх ойлголт дор цөмийн болон бусад төрлийн үй олноор хөнөөх зэвсгээс, үүний дотор химийн, биологийн, бүх төрлийн баллистик пуужингаас эргэлт буцалтгүй, хяналт шалгалтад авахуйцаар татгалзахыг хэлсэн, үүнтэй холбогдуулан Умард Солонгост 47 заалт бүхий шаардлага тавьсан. Пхеньян энэ ойлголт дор цөмийн зэвсгээс татгалзахгүй тохиолдолд Умард Солонгосын эсрэг тогтоосон хориг арга хэмжээг цуцлах боломжгүй гэдгийг анхааруулсан юм. Пхеньяны эрх баригчид үүнийг ойлгож байгаа гэдэгт би найдаж байна. АНУ- ын ойлгож байгаагаар Умард Солонгос бүх төрлийн пуужингаа, тэр байтугай Японд заналхийлж байгаа пуужингаа устгах ёстой” гэжээ. "БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа өгөх тал дээр энэ асуудлыг тодруулах хэрэгтэй, аюулгүй байдлын баталгааг бичгээр өгч болно. Ингэхдээ АНУ энэ баталгаанд Умард Солонгост халдахгүй, 38 дугаар өргөргийг давахгүй. Умард Солонгосын дэглэмийг түлхэн унагахгүй гэсэн заалт байх ёстой. Мөн энэ баталгааг олон талт бүтцийн хүрээнд өгч болно, энэ асуудлыг цаашид тодруулах хэлэлцэх ёстой” гэж Японы сайд үзэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар энэ сарын 12-нд Сингапурт уулзаж, хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ баримт бичигт Пхеньян цөмийн зэвсгээс бүрэн гүйцэд татгалзсаны хариуд АНУ БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа өгөхөөр тохиролцсон юм.
эх сурвалж:unen.mn