| |
Төвдийн өндөрлөгт хайлсан мөнх цэвдэг газрын гүнээс оргилж эхэлжээ
Өнгөрсөн долоо хоногт нэгэн Төвд малчин байгалийн ховор сонин үзэгдлийн дүрсийг гар утсаар буулгаснаа олон нийтэд хүргэсэн юм.
Тэгвэл энэ үзэгдлийг хайлсан мөнх цэвдэг газрын гүнээс оргилон гарч ирж байгаа явц гэж Хятадын эрдэмтэд тайлбарлажээ.
Есдүгээр сарын 7-нд Хятадын Циньхай мужийн Юшу хошуунд галт уулсын лаав шиг оргилсон мөнх цэвдэг фургон машин, гэр зэрэг эд зүйлсийг эвдсэн байна.
Харин хүн гэмтэж бэртсэн тухай мэдээлэл ирээгүй байгаа юм. Мөнх цэвдэг бол хөрс, чулуу, тунадасны холимог бөгөөд жилийн туршид тэс хөлдүү байдаг.
Төвдийн өндөрлөгийн нэлээд хэсэг нь мөнх цэвдэгээр бүрхэгдсэн байдаг юм.
Дээрх явдлын дараа төвд үндэстэн 40 гаруй иргэнийг орон нутгийн эрх баригчид нүүлгэн шилжүүлжээ.
Ийм үзэгдэл өмнө нь маш ховор тохиолдож байсныг хэвлэлүүд бичсэн байна. Сүүлийн өдрүүдэд энд орсон их усархаг борооны нөлөө гэж дүгнэж байгаа ч ерөнхийдөө дэлхий нийтийн цаг уурын дулаарлын нөлөөгөөр ийнхүү хөрсний мөнх цэвдэг гэсэж эхэлсэн гэж эрдэмтэд үзэж байгаа ажээ.
Эх сурвалж: South China Morning Post
Р.ТӨМӨР