|
Видео

Шинэ мэдээ

Монгол дэлхийн дулаарлаас хожих уу

Дэлхийн дулаарлаас үүдэж хүйтэн бүсүүдэд тариалалт нэмэгдэх ёстой

Дэлхийн дулаарлаас болж улс орнуудын эдийн засгийн байдал эрс дордоно гэдгийг эрдэмтэд удаа дараа анхааруулсан. Гэтэл эсрэгээрээ Монгол, Канад, Финланд, Исланд, ОХУ-д харин ч сайнаар нөлөөлнө гэж судлаачид таамаглажээ. Европт бас багагүй ашигтай тусах төлөв гарав.

Дэлхийн дулаарлын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол 2100 онд манай гарагийн оршин суугчдын дундаж орлого 23 хувиар буурахыг саяхны судалгаа харуулав. 77 орны нэг хүнд ногдох ДНБ одоогийнхоо түвшинд хүрнэ гэж Стэнфорд, Калифорнийн их сургуулийн эрдэмтэд тооцоолжээ. Тэр үед Ойрхи Дорнод, Өмнөд Америк, Африкийн иргэд дэлхийн дулаарлаас хамгийн их хохирох бол АНУ, БНХАУ тэргүүтэй Азийн орнууд ихээхэн алдагдал хүлээх аж.

"Жилийн дундаж температур цельсийн 13 градус байхад хамгийн тохиромжтой. Үүнээс давбал өсөлт нь зогсоно” хэмээн Стэнфордын их сургуулийн эрдэмтэн Маршалл Бёрк бичжээ. Калифорнийн их сургуулийн эдийн засагч Соломон Сян, Эдуард Мигель нар М.Бёрктэй хамтран 166 орны үзүүлэлтүүдийг харьцуулсан байна. 1960-2010 он хүртэлх 50 жилийн цаг агаар, эдийн засгийн үзүүлэлтийг холбон судалсан нь энэ. Микро түвшний өмнөх судалгаануудад дэлхийн дулаарал хөдөө аж ахуй зэрэг цөөн салбарт нөлөөлнө гэсэн. Харин макро түвшнийх нь чинээлэг орнууд тэгтлээ хохирохгүй гэх дүгнэлттэй байв. Гэвч дээрх эрдэмтэд технологийн өндөр хөгжилтэй, чинээлэг улсуудын хохирлын хэмжээ ядуу орныхоос онц ялгарахгүй гэж үзжээ. "Чинээлэг орнуудын олонх нь хүйтэн бүсэд оршдог учраас халуун, буурай орнуудаас бага хохирсон мэт харагдах байх” хэмээн С.Сян онцлов.

МОНГОЛД АШИГТАЙ БАЙЖ ЧАДАХ УУ?

Дулаарлыг дагаад салбаруудын, ялангуяа хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нэмэгдэнэ гэх ойлголт түгээмэл. Уур амьсгалын өөрчлөлт Монголд дэлхийн дунджаас илүү эрчимтэй явагдаж буй. Тухайлбал, 1940-2008 онд цельсийн 2.14 градусаар нэмэгдсэн. Үүгээр зогсохгүй сүүлийн 70 гаруй жилийн хамгийн дулаан арван жил нь 1990 оноос хойш тохиожээ.

Энэ нь халаалт, барилгын материал, хувцас хэрэглэлийн зардлыг хэмнэх сайн талтай. Гэвч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар нь эерэгээсээ илт давуу гэж үзэх үндэслэл бий. Сибирийн болон манай орны уул, нуруудын мөнх цэвдэг хайлбал дулаарлын явц нэн хурдтай явагдах таамгийг саяхан эрдэмтэд гаргасан. Манай орны газар нутгийн 63 хувьд тархсан мөнх цэвдгийн эзлэх талбай энэ зууны төгсгөлд 20 хувь болтлоо буурах таамаг бий.

Дэлхийн дулаарлаас үүдэж хүйтэн бүсүүдэд тариалалт нэмэгдэх ёстой атал хур тунадас эрс багассанаас байдал тэс өөрөөр эргэж байгааг эрдэмтэд хэлж байна. Эсрэгээрээ өвөл орох цасны хэмжээ нэмэгдэж байгаа нь мал аж ахуй голлодог манай оронд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй аж. Улмаар ган, зуд элбэгших хандлагатай гэдгийг эрдэмтдийн судалгаа харуулсан. Агаарын температурын өсөлтийг дагаж нэмэгдсэн газрын гадаргын ууршицыг хур тунадас нөхөж чадахгүй байгаатай энэ нь холбоотой гэж онцолсон байх юм.
Дулаарч, халуун өдрийн тоо олшрохоор малын бэлчээрлэх хугацаа богиносож, мал тарга алдана гэж эрдэмтэд таамаглаж буй. Энэ нь цаашлаад өвлийг давах тэсвэргүй болгож, зудаар үрэгдэх магадлалыг нь ихэсгэнэ. Иймд дэлхийн дулаарлаас мал аж ахуйгаа хэрхэн бүрэн бүтэн авч үлдэх нь бидний хувьд том асуудал.

Энэ бүхнээс харахад дулаарлыг дагаад хүйтэн орны эдийн засаг тэлэх тооцоолол Монголын хөрсөн дээр хэрхэн буух нь тодорхойгүй. Ямартай ч дэлхийн дулаарал бидэнд аюулгүй гээд тайван сууж болохгүйг эрдэмтэд онцолж байгаа юм.

П.Номинбилэг

Засгийн газрын мэдээ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler