|
Видео

Шинэ мэдээ

Г.Дэлгэрцогт: Орчин үеийн монгол дуу бүтээхийг зорьж байна

Г.Дэлгэрцогт: Орчин үеийн монгол дуу бүтээхийг зорьж байнаЭнэ удаагийн зочноор дуучин Г.Дэлгэрцогтыг урьж, ярилцлаа.
 
-Яагаад урлагийн замыг сонгов. Багаасаа дуулдаг хүүхэд байв уу?
 
-Тийм ээ.  Таван настайгаасаа  дуулж эхэлсэн. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн. Зуны ам­рал­таараа хөдөө явдаг. Тэр сайхан уул усны дэргэд бага нас маань өнгөрсөн.  Анхны тайз маань 1994 онд "Дэлбээ” наадмын тайз байв. Тухайн үед зургаан настай байсан. Ер нь бол тэр цагаас хойш урлагийн салбарт тэр дундаа дуучин болох хүсэл мөрөөдөл маань  урган гарсан даа.  Анхны уран бүтээл  С.Цамбалхүндэв гуайн дуулсан "Миний буурал ээж” гэдэг сайхан дуу байдаг. Хүн эхээс төрдөг, анхны дуугаа ээжийн тухай дуугаар эхлэх юм бол миний уран бүтээлийн зам харгуй сайхан байх болов уу гэж бэлгэшээсэн. Энэ дууг ч бас хүмүүс ойрд сонсоогүй, мартагдсан дуу байсан учраас сэргээн дуулахад их сайхан хүлээж авсан. 
 
-Мэдээж зөвшөөрлийг нь авч дуулсан биз дээ?
 
-Тэгэлгүй яахав.  Урлагийн гавьяат зүтгэлтэн,хөгжмийн зохиолч  С.Бямбабаяр ахаас зөвшөөрөл аваад дуулсан.
 
- Түүнээс хойш нэлээд хэдэн дуу гаргалаа.  Ер нь нийтийн дууны ертөнц хэр ээлтэй байна?
 
-Анхны уран бүтээлээс хойш дөрөв дэх клип маань сая гарсан. "Хайрламаар”, "Учралын намар”, "Миний нандин” гээд уран бүтээл маань хөвөрсөөр байна. 2010 онд СУИС-ийн Эстрадын дуучны ангийг гавьяат жүжигчин Ч.Насантогтох багшийнхаа удирдлага дор суралцаж төгссөн. Тэгээд найзтайгаа хамтраад хамтлаг байгуулан гурав дөрвөн клип гаргасан.  Хэсэг хугацааны дараа найзууд маань амьдралаа хөөж, хамтлаг маань тарсан. Тэгээд ганцаараа уран бүтээлээ хийж эхэлсэн.
 
-Рок поп чиглэлийн хамтлаг байсан байх аа. Ганцаараа дуулахдаа яагаад нийтийн дуу руу орчихов?
 
-Олон зүйл нөлөөлсөн дөө. Миний төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум. Аав ээж ах дүү нутгийн зон олон минь өврийн сайхан хангай нутгаар овоглодог ийм гайхалтай сайхан нутгийн унаган хүүдээ би. Ер нь би тэднийхээ захиасыг биелүүлэх гэж нийтийн дуу салбар руу орсон.  Тэр дундаа миний зорилго бол заавал нийтийн дууны гэхгүй орчин үеийн монгол дууг бүтээх зорилготой юм.   Тухайлбал Төрийн соёрхолт дуучин Д.Болд монгол попыг гаргаж ирсэн. Яг түүн шиг орчин үеийн хөгжмийг нийтийн болон  ардын дуутай яаж хослуулах вэ гэдэг тал дээр анхаарч байна.  Миний гаргаж буй уран бүтээлүүд ч тэр тал руу чиглэдэг.  Хүмүүс ярьдаг л даа. Зохиолын дуу хэцүү, сонсохгүй гээд. Энэ бол өрөөсгөл ойлголт.  Магадгүй хүмүүсийн ярьдгаар хөдөөний хүүхэд дуулдаг гэж ойлгодог. Үүнийг  эвдэх хэрэгтэй. Яагаад хотын залуус орчин үеийн монгол дууг сонсож болохгүй гэж.
 
-Чанартай уран бүтээл хийвэл эргээд нийтийн дууны нэр хүнд нь өсөөд эхлэх байх?
 
-Нийтийн дууг хөдөөнийхөн дуулдаг хөдөөнийхөн л сонсдог гэдэг энэ хайрцагнаас одоо гарах цаг нь болсон энэ өөрчлөлтийг бид хийх ёстой. Өнөө цагийн нийтийн дууны үе үеийн төлөөлөл хамтаар хийх учиртай юм. Нэр алдар мөнгөний төлөө дууг зохиодог, дуулдаг биш жинхэнэ мэргэжлийн уран бүтээл хийж чадвал өнөө цагийн нийтийн дууний урлаг цаг үедээ тохирч хөгжин дэвших болов уу гэж боддог юм. Тэр ч утгаараа би цол гуншингаар овоглуулсан биш дуугаараа уран бүтээлээрээ овголсон монголын дуучин болохыг хүсдэг дээ.
 
Хэн нэгэн хүнээс чи ямар дуу сонсдог вэ гэхэд "Би рок поп сонсдог. Нийтийн дуу сонсдоггүй” гэдэг. Гэхдээ хамаатан садан ах дүүсээрээ хөдөө гараад тойроод суухаараа нийтийн дуугаа л дуулдаг шүү дээ.  Нийтийн дуу сонсдог гээд хэлчих юм бол нэр хүнд унана гээд боддог. Тиймээс энэ сэтгэлгээг чанартай гоё уран бүтээлүүд  хийж,  бүтээлээрээ л өөрчилье гэж л зорьж байна. 
 
 
 
- СУИС төгсөж байгаа залуучуудын  мөнгөтэй нь нийтийн дуу руу ордог гэж ярьдаг.  Тийм ойлголт байдаг юм уу?
 
-Ер нь бол хоёр талтай. Зарим нэг нь авьяастай ч мөнгөгүй болохоор юу ч хийж чадахгүй байна. Мянга сайхан хоолой, мэдрэмж, сэтгэл байгаад тэр хүнд мөнгө танил тал байхгүй бол хаашаа ч хөдлөж чаддаггүй нь үнэний ортой л асуудал.  Эсрэгээрээ мөнгөтэй нэг нь хэдэн гаам уншаад л яруу найрагч, хөгжмийн зохиолчоос бэлэн шүлэг аваад клип хийгээд цацуулчихаж байна. Эцсийн эцэст энэ бүхнийг ард түмэн л шүүнэ шүү дээ.
 
-Анхны тоглолтоо хэзээ хийхээр төлөвлөж байна вэ. Ер нь уран бүтээлийн өнгө аяс онцлогоо хэрхэн тодорхойлж байна?
 
- Би одоо 13 дуутай.   Сургууль төгссөнөөсөө хойш олон дуу гаргавал гаргах л байсан. Гэхдээ тооны хойноос хөөцөлдөхийг хүсээгүй.   Дуу болгон дээрээ  нямбай ажиллаж байна. Намайг ойр тойрны хүмүүс маань  хэлдэг. "Чи яагаад захиалгын дуу дуулдаггүй юм бэ” гэдэг. Захиалгын дууны саналууд зөндөө орж ирсэн. Манай аймгийн тэр сургуулийн сүлд дууг дуулах боломж байна уу гээд л.  Ийм зүйлд  татгалзсан хариу өгдөг. Яагаад гэвэл шат дараатай явж байсан уран бүтээл дотор маань миний хүсээгүй дуу ороод ирэхээр бусдыг нь муухай харагдуулна.  Уг нь тийм дууг дуулах их амархан.  Бүх зүйл нь бэлэн байдаг. Дуулаад мөнгийг нь аваад боллоо.  Гэхдээ надад мөнгө сонин биш, уран бүтээл хийх нь чухал байна.
 
-Удахгүй цомгоо гаргах гэж байгаа гэсэн.  Дууны сонголтоо хэрхэн хийж байна вэ?
 
-Цомогт маань 9-10 дуу орно.  Хүмүүс ярьдаг л даа.  Нэг CD  дотор  2-3 л сайхан дуу хийчихвэл хүмүүс хүссэн хүсээгүй сонсдог гэж.  Энэ буруу ойлголт юм.  Миний хувьд тийм биш байлгая гэж зорьж байна. Хүмүүс миний цомгийг худалдаж аваад сонсохдоо өө энэ дэмий дуу байна дараагийн дууг явуул гэдэг утгаар биш бүгдийг сонсохоор тийм уран бүтээл хийх нь миний чин хүсэл юм.   Мөн би хийсэн дуунуудаа эргээд харахад хүмүүст ухаарал өгсөн уран бүтээлүүд байна.  Би үүнийг эхнээс нь бодож байгаагүй. . Эргээд харсан чинь яг л тийм дуунууд хийсэн байсан. Үүндээ их сэтгэл дүүрэн яваа.
 
-Танай удамд гоё дуулдаг хүн байсан уу. Нутгийн зон  тань таныг харж хүлээдэг гэхээр ингэж асуулаа?
 
-Байлгүй яах вэ.  Зун шимийн юмаа хүртчихээд гол өгсөж уруудаж дуулаад давхидаг нутагтаа нэртэй дууч хүн миний удамд байсан. Мөн аав, ээж, эгч  маань ч их сайхан дуулдаг хүмүүс байдаг.
 
-Одоо бор зүрхээрээ уран бүтээлээ хийж байна уу. Ивээн тэтгэдэг компани, хувь хүн бий юу?
 
-Мөнгө санхүүгийн хувьд бол бор зүрхээрээ л явж байна. Харин уран бүтээлийн тал дээр миний ард баг ажиллаж байна. . Миний дуунууд дээр алдаа оноог нь хэлж, зөвлөдөг хүмүүс зөндөө бий. Тухайлбал, яруу найрагч Ц.Ган-Очир ах, "To be entertainment”- ийн захирал Баясгалан,  "Аянга” студийн захирал Эрболд гээд олон сайхан хүмүүсийн ач буянаар  урлагийн ертөнцөд амьдарч байна даа. 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.