|
Видео

Шинэ мэдээ

Миний найз дуучин

 

Миний найз дуучин

 

Сайхан дуу гэж байдаг. Тэр нь хэн хүний сэтгэлийн утас хөндсөн тийм л аялгуу, үгтэй дууг хэлдэг байх. Сайхан дуучин гэж ярьдаг. Тэр нь хоолойны цараагаар нь тодорхойлсон эгэл түмний минь үнэлэмж юм. Сэтгэл хөвсөлзүүлэнхэн дуулах дуунд өөрийн эрхгүй салхины үзүүр хүртэл зөөлөрч сонсдог гэх ч үг бий. Ийнхүү дууны тухай бус дуучин хүний тухай бодох бодол минь өөрийн эрхгүй нэгэн хүний уран бүтээлийн сан хөмрөг рүү оруулсан юм. Үзэгчдийн суудал чив чимээгүй. Зэргэлдээх сандалд суугаа бүсгүй хүний бүлээн амьсгал зөөлөн мэдрэгдэх шиг санагдана. Тийм намуухан үдэш эсвэл ийм их удаан дуурь сонсоогүй юм шиг санагдах минь цаанаа л нэг хачин. Дуурийн театрын алтан тайзан дээр их зохиолч Д.Нацагдоржийн "Учиртай гурван толгой” амилжээ. Сонгодог бүтээл гэдэг цаанаа л өөр. Тэгвэл сонгодогыг амилуулна гэдэг бүрч төгс төгөлдөрийг гайхуулах мэт.   Б.Дамдинсүрэнгийн "Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүрээр олонд танигдсан хүний нэг нь Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Баяраагийн Энхбаяр. Энэ залууг анх би "Учиртай гурван толгой”-н Юндэнгийн дүрээр олж харсан. Тус дуурьт олны дунд халхын сайхан Юндэн гэж алдаршсан Төрийн соёрхолт, ардын жүжигчин Ц.Цэгмид, А.Цэрэндэндэв, Ц.Дагва­намдал гээд олон сайхан алдар суутанууд үеийн үед дуулсаар ирсэн. Тэгвэл тэдний залгамж халаа нь Соёлын тэргүүний ажилтан Б.Энхбаяр юм. Уг дуурь эхлэхэд хөдөө тал нутаг, гол чимээгүйхэн мяралзан, үдэш орой болж эх хүний бүүвэйн дуу уянгална. Тэр л бүүвэйн дуу эхийн хайр энэ л орчлонгийн хайр бүхнийг эхлүүлсэн эгшигч хором юм. Тиймээс ч сэтгэлт хос Юндэн Нансалмаа хоёр болзон уулзаж, бие биендээ үнэнч хайр сэтгэлээ илэрхийлж, эхийнхээ гар дээр бүйвээлэгдэх бяцхан хүүг өхөөрдөн хэсэг зогсоод явна. Тэнгэрт мичэд түгэн хэдийнээ үдэш болжээ. Дурлалт хосууд одод түгсэн шөнийн нам гүмд зугаацана.

 

"Ижил хоёр шувуу шиг

Ижилдэн хоёулаа суух” тухай хөөрөлдөх нь уг дуурийн гол амин сүнс болсон хоёр дүрийн сэтгэлийн холбоосыг нэгтгэн үзэгчдийн дотоод ертөнц рүү илгээх шиг санагддаг. Тэр ч агшин, тэр л нандин хоромд дуучин Б.Энхбаяр гэж хэн бэ, түүний дуулаачийн чадвар өнөөгийн сонгодог урлагт ямарханаар хэмжигдэх вэ гэдгийг тодорхойлох шиг болсон. Тэр цагаас хойш олон сайхан уран бүтээлтэй энэ дуучинтай нөхөрлөх болсон минь урлагийн тэнгэр дор андын тангарагтай явахын заяа нээгдсэн юм. 1997 онд Хөгжим бүжгийн дуулаачийн ангид элсэн орж, дуу дуулахын ухааныг заалгасан энэ залуу Монгол Улсын гавьяат  жүжигчин Ц.Ерөөгийн шавь болсон нь дуулах заяатай монгол түмний дууны урын санд өөрийн хувь нэмэрээ оруулах хатан хүлгийн ган дөрөөг сүүгээр мялаалгасан тавилан юм.  2004 онд СУИС-ийн дуулаачийн анги дүүргэсэн энэ залуу Хилийн Цэргийн Дуу Бүжигийн Чуулгаас ажил амьдралынхаа гарааг эхэлж дараа нь Баянзүрх дүүргийн соёлын төвд "Шинэ үе ирээдүй” клубт дуулаачийн багшаар ажиллаж хойч үеийнхээ залгамж халааг бэлтгэж эхэлсэн. Үүний дараа Цагдаагийн "Сүлд” чуулгад гоцлол дуучин, Говьсүмбэр аймгийн Боржигон чуулгын дуучнаар ажиллаж байсан. Дуучин хүний сэтгэл уян зөөлөн байдаг. Тиймээс ч "Хүүхэд ирээдүйн эзэд” ТББ санаачлан өнөөг хүртэл тотог тооно, тулгат өргөөг нь удирдан нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусалж явна. Гэхдээ байгалиас заяасан "сонгодог” хоолойтой энэ залуу уран бүтээлээ орхиогүй. Өөрийнхөө урын санд Монголын болон гадаадын сонгодог бүтээл болох 50 орчим ари романс, 30 орчим нийтийн дуутай уран бүтээлээ зон олондоо хүргэсээр л явна.  Б.Энхбаяр гэж хэн бэ гэх асуулт энэ дуучин залууг тодорхойлж чадах болов уу гэж хааяа өөрөөсөө асуух хэрэг миний хувьд гардаг. Хэнч харсан гүндүүгүй, гүдэсхэн, цагийг эзэлсэн сайхан эр хүн, айлын хаан ноён нуруу гэж байдаг. Тэгвэл тийм л эр хүн. Дуу дуулдаг хоолойны угаас хүний сэтгэлийг гомдоох муу, муухай үг гардаггүй юм гэж бусдыгаа егөөдөх. Хэн нэгэнд хар хорын санаа байдаггүй юм. Харин сэтгэлд нь жаахан сүүдэр уначихсан хүн бий. Тийм хүн таарвал дотоод ертөнцийг нь цэлмээх хэрэгтэй гэж ярих энэ залуугийн дотор бүрхэг өдөр ч нар гийж явдаг гэдэгт би итгэнэм. Хэн нэгнийг найзаар нь таньдаг ч гэж үг бий. Энэ залуутай монголын дууны урлагийн үе үеийн хүмүүс ахаа, эгчээ, дүү минь, хүү минь гэж харьцах нь түүнийг дүгнэх бас нэгэн дүгнэлт болох байх. Хангайн  цэнхэр уулс,  говийн торгон элсэн дунд ч бишгүй дээ л хамт явж зон олондоо уран бүтээлээ хүргэж, холын замын хань, ойрын замын нөхөр болж Б.Энхбаяр бид хоёрын андын нөхөрлөл арваад  жилийн нүүр үзжээ. Энэ л нөхөрлөлийн цагаан харгуйд бидний дуулж явсан өдрүүд минь олон болохоос гуниж явсан өдөр үгүй санагдана.

Бодлын энгэр дээрээс цагаан шувуу нисэх шиг андыгаа хааяа санах шиг болоод сэтгэлийн нөмөр нэгэн хүний инээмсэглээл дутах шиг болдог энэхэн орчлонд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Баяраагийн Энхбаярын дуулсан дуу бүхэн өргөн түмний минь халуун алга ташилт, дотно сэтгэлийн мялаалгатай байдаг нь найзыг минь  урам, бурам, ухаарлын шагналаар мялаасан зон олны минь сэтгэл буйза. Дууны ертөнцийн алтан тайзны хөшиг цэлийтэл нээгдэж, дуучин хүний хоолой уянгалахад нь талын цэцэг мэхийж дэлбээлж, тавилангийн хоймор жаргалын үүд нээгддэг биз ээ. Тиймээ миний найз дуучин. Тэнгэрийн алсад нисэх шувуу наашилж дууг нь сонсдог, тэнгисийн давалгаанд аялах загас ойртож аялгуунд нь уярдаг, салхины ширүүн урсгал зөөлөрч эгшигийг нь мэдэрдэг, санааны торгон үзүүрт монгол дуугаа аяладаг миний найз дуучин.



      В.Нэргүй


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler