| |
Хөвсгөл нуураас гэдэсний эмгэг төрөгч нян илэрчээ
Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хөвсгөл нуурын усанд шинжилгээ хийхэд E-coli буюу гэдэсний эмгэг төрөгч нян илэрсэн байна. Лабораторийн нян судлалын шинжилгээний дүнгээр Хатгал тосгоны хүн амын ундны ус авдаг таван цэгээс Ноосны үйлдвэр, Нефть баазын орчмоос авсан Хөвсгөл нуурын усны хоёр дээжинд E-coli нян илэрсэн аж.
E-coli нян нь гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян бөгөөд усаар дамжин хүний гэдсэнд орж гүйлгэх, шингэн алдах суулгах зэргээр илэрдэг гэнэ. Тус нян нь хүний өтгөнд байдаг бөгөөд цас мөс хайлахад шар усны үерээр дамжин нуурт орсон байх боломжтой учраас ундны ус авдаг газруудыг хамгаалалтад авах шаардлагыг Мэргэжлийн хяналтын газраас Хатгал тосгоны захирагчид хүргүүлжээ.
Энэ нь Монгол Улсын Байгаль орчны, Эрүүл мэндийн болон Нийгмийн хамгааллын сайдын 1997 оны 143/а/352 тоот хамтарсан тушаалаар баталсан "Гадаргын усны цэврийн зэргийн ангиллын норм"-ын бактери судлалын үзүүлэлтүүдэд заасан "нян байх ёсгүй" гэсэн заалтын шаардлага хангахгүй байна гэж Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас үзэж байгаа юм байна.