| |
Гавъяатуудын туршлага залуу мастеруудынхаас илүү байлаа
Монголд жүдо бөхийн шилдгүүдийн халз барилдаан анх удаа боллоо. Олимп, дэлхийн аваргууд болон медальтнууд, мөн шилдэг залуу тамирчид оролцсон ийм халз тэмцээн өмнө нь болж байгаагүй юм. Зөвхөн жүдо ч биш чөлөөт бөх, бокс гэх мэт Монголд хамгийн өндөр төвшинд хөгжиж буй их спортын төрлөөр шилдгүүд хоорондоо халз тулалдаж байсангүй. Олимп, дэлхийн медальтнууд сагсан бөмбөгөөр өрсөлдөж байлаа. Мөн үндэсний бөхийн чансаа өндөр бөхчүүдийн барилдаан болж байсныг спорт сонирхогчид мартаагүй биз. Тэгвэл энэхүү шинэлэг арга хэмжээг олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар нар санаачлан зохион байгуулжээ. Ингэхдээ барилдаанаа зүгээр ч нэг зохион байгуулсангүй. Монголын хүнд жингийн цуут бөх жүдогийн багийн дэлхийн аваргын хүрэл медальт, олимпийн VII байрын шагналт, самбо бөхийн дэлхийн хошой аварга Д.Цэрэнхандын нэрэмжит болгов. Учир нь, 2015 он хүртэл эх орныхоо нэрийг цуурайтуулсан тэрбээр 2017 оны гуравдугаар сарын 16-нд албан ёсоор тамирчны карьераа дуусгаж, дасгалжуулагчийн албанд шилжиж байгаа юм. Ингээд халз барилдаанаас бэлтгэсэн тойм сурвалжлагаа хүргэе. Энэхүү тэмцээнийг гурван телевиз шууд дамжуулсан учраас дэлгэрэнгүй өгүүлэх нь илүүц биз.
Зодог тайлсан Х.Цагаанбаатар, Ц.Мөнхзаяа, Казахстаны шигшээ багийн тэргүүн жүдоч Г.Отгонцэцэг гэх мэт содон тамирчид энэ удаагийн барилдааны гол онцлог байлаа.
Барилдаан эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингээр эхэлсэн. Уг нь улсын аваргын үр дүнгээс харахад олон улсын хэмжээний мастерууд илүүрхэж болохоор харагдсан. Гэвч гавьяатууд туршлага зааж өрсөлдөгч багаа 5:2-оор хожив. Нийт долоон барилдаан болоход Н.Түвшинбаяр аварга, Ө.Дүүрэнбаяр мастерын хоорондын тулаан л үндсэн цагт дууссан. Бусад нь "Голден Скор” буюу нэмэлт цагт өндөрлөв.
Уг жинд гавьяатуудын багийг 2017 оноос жин өгсөн барилдах болсон Г.Болдбаатар төлөөлсөн. Түүний өрсөлдөгч нь мэдээж жингийнхээ №1 тамирчин Д.Төмөрхүлэг. Хоёр жүдочийн хувьд хоорондоо огт таарч байгаагүй. Анхны тохиолдол нь халз барилдаан байв. 2017 оны улсын аваргад дээрх хоёр тамирчныг финалд шалгарна гэж таамагласан ч хоёулаа доогуур даваанд өвдөг шороодсон. Үүнээс хойш Д.Төмөрхүлэг мастер нэг ч тэмцээнд оролцоогүй бол Г.Болдбаатар гавьяат Дюссельдорфийн гранприд түрүүлсэн. Энэ эрчээрээ Болдоо гавьяат залуу мастерыг буулган авч багтаа эхний оноог авчрав. Дараа нь зодог тайлж буйгаа мэдэгдсэн Ц.Мөнхзаяа гавьяат татамид гарлаа. Өрсөлдөгч нь сүүлийн хоёр жилд улсын аваргад түрүүлсэн Б.Ганхайч мастер байв. Хоорондоо өмнө нь таарч байгаагүй. Учир нь Ц.Мөнхзаяа гавьяат 2016 оны улсын аваргыг бэртлийн улмаас өнжсөн. Харин энэ жил зодог тайлснаа мэдэгдсэн учраас барилдаагүй. Ингээд нөхөрсөг халз барилдаанд анх удаа хоорондоо таарахад Б.Ганхайч мастер илүүрхлээ. Тэрбээр ялсныхаа дараа "Анх удаа таарч барилдаад ялах сайхан байна. Би Мөнхзаяаг эгчийн барилдааныг харах дуртай. Өмнө нь хэрхэн барилдахыг нь хардаг байсан. Харин энэ удаа эгчтэйгээ барилдаж ялсан нь миний хувьд нэр төрийн хэрэг” гэв. Ингээд хоёр багийн ялалт, ялагдлын харьцаа 1:1 болов. Багийн хайна хагалах барилдааныг Д.Амартүвшин гавьяат залуу мастер Ж.Амарболдтой хийсэн. Энэ хоёрын хувьд Д.Амартүвшин улсын аваргаар даагаа нэхэх зорилготой. Харин Ж.Амарболд ялалтаа хамгаалах даалгавартай байв. Хоёр жүдоч эхнээсээ л эн тэнцүү байсан ч эцсийн мөчид Д.Амартүвшин гавьяат туршлагаар оноо салгаж ялалтыг өөрийн талд эргүүлсэн. Түүний хувьд өрсөлдөгчтэйгээ бус шүүгчтэй "барилдсан” нь олон хүнд таалагдаагүй ч онцлоё. Ингээд гавьяатууд дахин тэргүүлж эхлэхэд 81 кг-ын жингийн шилдэг жүдоч О.Ууганбаатар хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарыг нэмэлт цагт цэвэр ялав. Уг барилдаан "АСА” циркт цугласан олны цөсийг хөөргөж, циркээр нэг шуугилдлаа. Цагаанаа гавьяат жүдогоор барилдаж эхэлснээс хойш өрсөлдөгчдөө нисэлттэй унаж үзээгүй. Дараа нь Ууганбаатар гавьяат "Цагаанаа ахтай барилдах миний хувьд нэр төрийн хэрэг. Түүнийг ялна гэдэг бүр ч том амжилт. Намайг өдий зэрэгтэй тамирчин болоход хамгийн их тусалсан хүн бол Цагаанбаатар гавьяат. Тиймээс ахдаа баярлалаа. Таныхаа ачийг хариулна” гэв. Хоёр багийн тооны харьцаа 2:2. Үүнээс хойш гавьяатууд гурав дараалан ялалт байгуулснаар залуу мастеруудаас илүү гэдгээ харууллаа. Хэдийгээр залуу мастерууд ид гарч ирж байгаа ч бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй гэдгийг энэхүү халз барилдаан шууд илтгэсэн юм.
Д.Сумъяа одоохондоо хэнд ч дийлдэшгүй гэдгээ нотолсон. Харин өрсөлдөгч Л.Энхрийлэнгийн хувьд дэлхийн хэмжээний бехийг ялахын тулд илүү их бэлтгэл хийх хэрэгтэй гэдгээ ухаарсан биз. Түүнчлэн сүүлийн үед барилдаан нь илт сайжирч буй Ө.Дүүрэнбаяр олимпийн аварга Н.Түвшинбаярыг дийлсэнгүй. Түүний хувьд аваргад он гарснаас хойш гурав дахь удаагаа ялагдсан нь энэ. Аваргыг ялахын тулд дахиад бэлтгэл хийх хэрэгтэй гэдгээ мэдэрлээ, тэр. Сүүлчийн барилдаан М.Уранцэцэг гавьяат болон олимпийн хүрэл медальт Г.Отгонцэцэг нарын хооронд болсон. Хоёр тамирчны хувьд хоорондоо нийт найм дахиа барилдахад Урнаа гавьяат тав яллаа. Отгонцэцэгийг Казахстаны бөх болсноос хойш хоёр жүдоч хоорондоо зургаа таарчээ. Ингэхдээ ялалт, ялагдлын харьцаа 3:3 байсан. Хоёр еөр орны иргэн болсноос хойш анх долоо дахиа хоорондоо бариддахад Урнааг нутгийн дэвжээ түшиж ялалт байгууллаа. Отгонцэцэгийн хувьд Уранцэцэгийг ялсан гурван ялалтаа бүгдийг нь 2016 онд авчээ.
Халз барилдааны үеэр Д.Сумъяа гавьяатын кимоно 3.6, Н.Түвшинбаяр аваргынх найман сая төгрөгт хүрсэн. Өөр нэг сонирхолтой зүйл гэвэл үзэгчид халз барилдаанд бооцоо тавьсан. Нэг хүн дээд тал нь долоон барилдаан тус бүрт 10 мянган төгрөг тавих эрхтэй. Өөрөөр хэлбэл, нэг хүнээс 70 мянган төгрөг тавина гэсэн үг. Бооцоонд 196 хүн оролцож 1960000 төгрөг цуглажээ. Үүнээс барилдааныг 100 хувь зөв таасан үзэгч бооцооны 70 хувийг авах дүрэмтэй байсан. Тэгвэл энэхүү халз барилдааны үр дүнг 100 хувь таасан хоёр үзэгч 1960000 төгрөгийн 70 хувь буюу 1372000 төгрөгийг хувааж авсан юм.
Б.МӨНХЗУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/