| |
"Chalco"-гийн өр нимгэрч байна
"Chalco’’-гийн өр нимгэрч байгааг "Эрдэнэс Тавантолгой” компаниас мэдээлэв. Өрийн үлдэгдэл 56 сая ам.долларт хүрснийг компанийн гүйцэхгэх захирал Д.Ариунболд өнгөрсөн сард мэдэгдсэн юм. Уг үлдэгдлийг энэ онд багтаан барагдуулах боломж байгааг компанийн удирдлагууд удаа дараа илэрхийлж байгаа. Ингэснээр сүүлийн зургаан жил дамнаж буй 350 сая ам.долларын их өрөнд цэг тавих нь. Гэхдээ өр төлөөд "Эрдэнэс Тавантолгой”, "Chalco’’-гийн тохиролцоо дуусахгүй. Гэрээ ёсоор өр хөлбөрийг цэглэсний дараа Тавантолгойн Зүүн цанхиас олборлож буй нүүрсний багагүй хувийг "Chalco’’-д нийлүүлэхээр тохирчээ. Бас борлуулалтыг зах зээлийн ханшаар хийхээр тусгасан байна.
Эргэн сануулахад, 2011 оны намар Монгол Улсын Засгийн газар Хятадын төрийн өмчих "Chalco” компанид нүүрс нийлүүлэхээр тохирч, урьдчилгаа хөлбөр болох 350 сая ам.доллар зээлсэн.
Түүнээс хойш нүүрсний үнэ унаж, Монголын хар алтны үнэлгээ буурснаар өр барагдуулах хугацаа сунаж өнөөдөртэй золгоод буй юм. "Эрдэнэс Тавантолгой” компанийн тухайд Баруун цанхиас олборлосон нүүрсээ зах зээлд борлуулдаг. Харин Зүүн цанхийн нүүрсээр "Chalсо”-гийн өрийг барагдуулж байгаа.
Тэрчлэн энэ сарын эхээр тус компани Цанхийн баруун уурхайн уулын ажлын гүйцэтгэгчийг сонгож, "Монгол уурхайчид” түншлэл шалгарчээ. Уулын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарласан бөгөөд "Монгол уурхайчид” буюу "Хишиг Арвин Индустриал”, "Олборлолт”, "Мера” компанийн хамтарсан түншлэл тодорсон байна.
Төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны хоёрдугаар сарын эхээр Цанхийн зүүн, баруун уурхайгаас 800 мянган тонн орчим нүүрс борлуулжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн үзүүлэлт аж. Компани энэ онд 11.5 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Нүүрсний экспортын хэмжээнээс гадна ханшийг өсгөхөөр зорьж байгаа. Энэ оны нэгдүгээр сард Баруун цанхийн нүүрсийг тонн тутмыг нь 71.5 ам.доллараар нийлүүлсэн. Энэ нь Монголын нүүрсний зах зээлийн түүхэн дэх хамгийн өндөр үнэд тооцогдож байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн таван сарын хугацаанд ханшийг 165 хувиар өсгөжээ.
Харин Зүүн цанхийн нүүрсний үнийг индекс тооцох аргачлалын дагуу зах зээлтэй уялдуулдаг. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 32.94 ам.доллар байсан үнэ энэ оны нэгдүгээр улиралд 59.33 ам.дол-лар болж өсөөд байгаа юм.
Үнийн өсөлт компанийн санхүүгийн байдалд эергээр нөлөөлсөн. Тиймээс энэ онд өр төлбөрөө цэгцлэхээр зорьж буйгаа удирдлагууд нь дуулгасан. Тодруулбал, нүүрс худалдах, худалдан авах тухай "Chalco” компанитай байгуулсан хамтын ажиллагаанаас гадна 2015 онд TTJVCo компанитай олборлолтын гэрээ байгуулсан. Олборлолтоос үүдэлтэй өрийг ч ойрын хугацаанд барагдуулах зорилго тавин ажиллаж байна.
Ийнхүү энэ онд багтан ор төлбөрөө барагдуулснаар санхүүгийн дарамтаас чөлөөлөгдөнө. Улмаар 2018 оноос олон улсын зах зээлд IPO хийж, хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж буйгаа "Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд мэдээлэв. Цаашид зам тээвэр, цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалтад төвлөрч ажиллахаар зэхэж байгаа ажээ.
[ЗГМ]