| |
С.Баярын асуудал яагаад сэдрэв?
Англид Элчингээр томилогдсон Санжийн Баярыг Хатан хаан II Элизабетад итгэмжлэх жуухаа өргөн барихтай зэрэгцэн түүнтэй холбоотой үйл явдлууд ар араасаа цувран босч ирлээ.
Англи дахь Монголын ЭСЯ-ны гадна тэнд амьдардаг монголчууд жагсаад хэд хонож байна. Тэд "Бохир Элчин сайдыг дэмжихгүй” гээд оффшорт данстай, эх орноо худалдсан С.Баярыг эсэргүүцэж байна гэж мэдэгдээд байгаа юм. Англид жагсаж байгаа монголчуудын тухайд ихээхэн зориг гаргаж байна гэхээс өөр хэлэх үг алга.
Мөн ОХУ дахь Монголын ЭСЯ-ны эзэмшлийн байранд казино тоглуулж байсан гэх мэдээлэл ихээхэн шуугиан тариад байна. Энэ байрыг С.Баярыг тэнд Элчин сайдаар ажиллаж байх үед анх түрээслүүлсэн тухай эх сурвалжууд мэдэгдээд, энэ бүхэнтэй түүнийг холбон мэдээлж байна.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сар шинийн өмнөхөн Оффшорт данстай, мөнгөтэй нэр бүхий 10 гаруй хүнийг шалгах чиглэлийг Засгийн газарт өгөх УИХ-ын тогтоолын төслийг санаачлан өргөн мэдүүлсэн. Түүнд С.Баярын гурван охины нэр орсон байна. Тодруулбал, С.Баярын том охин Б.Нандин, дунд охин Б.Бадамханд, бага охин Б.Хонгор нарынх нь оффшор бүс дэх дансанд байгаа мөнгө "Эрдэнэт үйлдвэр” ХХК болон УБТЗ-аас баталгаа гаргасан 140 сая ам.доллартай холбогдож болзошгүй. Оффшор бүсэд Б.Нандин хоёр, Б.Бадамханд дөрөв, Б.Хонгор нэг данстай гэжээ.
Б.ОЧИР /ЗУУНЫ МЭДЭЭ/