|
Видео

Шинэ мэдээ

Оффшорт данстай улстөрчдийг хуулиар хамгаална гэв үү?

Оффшорт данстай улстөрчдийг хуулиар хамгаална гэв үү?

 

Оффшор данстай улстөрчид, төрийн албан хаагчдад нэн тааламжтай хууль энэ намрын ээлжит чуулганаар батлагдаж магадгүй боллоо.

 

Учир нь хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн. Ингэхдээ хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх болон нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвших үедээ оффшор бүсэд өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглохоор болсон тухай Засгийн газрын Хэвлэлийн албанаас олон нийтэд мэдээлсэн юм. 

 

Товчхондоо, дээрх хууль батлагдсанаар оффшор бүст данстай, тэнд мөнгө байршуулсан өндөр албан тушаалтан, төрийн албан хаагчид гурван сарын дотор түү­ний­гээ мэдэгдэж даруй­хан хаах болж байгаа юм.  Харин тэндэх мөнгө­ний тухайд Монгол Улсад авчирна. Харин хариуцлага хүлээлгэхгүй гэж байгаа.

 

Өнгөцхөн харвал энэ өөрчлөлт оффшор данстай улстөрч, төрийн албан хаагчдад халгаатай болсон мэт харагдана. Засгийн газар, салбарын яамны зүгээс ч хамгаалсан тайлбарыг өгч байгаа. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр "...Бид нийтэд нь хавтгайруулаад оффшор бүст бүртгэлтэй компани буруу, хувьцаа эзэмших нь хууль бус гээд явчихвал гадаадын хөрөнгө оруулагчдаа үргээ­сэн, тэдэнд буруу мессеж түгээсэн бодлого болж хувирна. Тиймээс Засгийн газрын зүгээс үүнийгээ ялгаж зохицуулж байна гэсэн үг. Хязгаарлалтаа хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 39460 албан хаагчийн хүрээнд тавьж байгаа. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшил, жирийн иргэдэд энэ хязгаарлалт хамаарахгүй. Нөгөө талдаа оффшор бүст бүртгэлтэй хуулийн этгээдийн хувьцаа эзэмших, Монгол Улсад оффшор бүст хувьцаа эзэмшдэг компаниудын охин компани үйл ажиллагаа явуулах, тэдгээрийн хувьцааг Монголын иргэд авах эдийн засгийн чөлөөт харилцаанд дээрх хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг ойлгомжтой болгон хэлж өгч байгаа юм. Олон нийт С.Баярцогт сайдын жишээг их ярьдаг. Мөн "Panama papers”-тай холбоотойгоор Монголын 46 иргэний асуудал хөндөгдсөн. Эдгээр хүний дотор төрийн алба хашиж байгаа хүн бий. Гэхдээ дийлэнх нь бизнес эрхэлж байгаа хүмүүс багтсан. Манайхан энэ хүмүүс бүгд болж бүтэхгүй шүү гэдэг ойлголтыг өгчихөж байгаа. Энэ хууль батлагдсаны дараагаас бизнес эрхэлж байгаа хүмүүс оффшорт мөнгө байршуулах нь хууль ёсны дагуу болж хувирна. Тиймээс ямар нэгэн хуулийн хариуцлага ярихгүй. Харин улстөрчид, төрийн албан хаагчид хууль бус болж хувирна гэдгийг нэг мөр ялгаж хэлж өгч байгаа хэрэг” гэсэн.  Үүнтэй зэрэгцээд "Багамын бичиг баримтууд” буюу Багамын арлуудад бүртгэлтэй компаниудын 1.3 сая бичиг баримтыг дэлгэж эхэлсэн. Үүн дотор Монголын улстөрчдийн нэр мөн л тууж явна лээ. Ингэхээр дээрх өөрчлөлт нь нэдэр дээрээ оффшорт данстай, хөрөнгөтэй улстөрчдийг хамгаалсан хууль болно гэдгийг ажиглагчид хэлж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хууль батлагдвал оффшорт данстай  бай­сан төрийн өндөр ал­бан тушаалтнуудад, улстөрч­дөд хэрхэн үйлчлэх нь сонирхол татаж байгаа юм.

 

Үнэн хэрэгтээ оффшорт данстай этгээдүүд голдуухан л улстөрчид байдаг. Тэр утгаараа оффшор бүс, тэндэх данс, компани гэдэг олон нийтэд эергээр харагдахаа больсон. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын яриад байгааг төр өнөөдөр биш хэдэн жилийн өмнөөс бодлогоо болгох байв.

 

Гурван жилийн өмнө УИХ-ын дэд дарга С.Баярцогтын оффшорт нуусан сая ам.доллар илэрч бөөн шуугиан дэгдээсэн. Тэр уучлал гуйгаад УИХ-ын дэд даргын сэнтийгээсээ буусан. Өөрөө бол үүнийг хариуцлага хүлээлээ гэж үзсэн. Харин ард түмэн үгүй. УИХ-ын сонгуулийн өмнөхөн Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс оффшор данстай холбоотой мэдээл­лийг ил болго­сон. Мэдээлэл дунд  өнөөгийн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Сү.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй тэргүүтэй Монголын 49 хүн тэдний ах дүү, хамаатан садан багтсан байв. Зарим  нь тухайн үедээ мэдэгдэл гаргаж, тэгсхийгээд намжсан. Ер нь бол оффшор данстай байсан гэх дуулиан шуугианд холбогдсон улстөрчид өнөөдөр хариуцлага хүлээх байтугай тушаал дэвшээд дарга, сайдын суудалд суусан гэхэд болно.

 

Тийм болохоор Засгийн газрын "санал болгоод” байгаа энэ хуу­лийн зорилго яриад байгаа шиг нь оффшортой тэмцэх, гад­наас маш их  хэмжээний нуусан мөнгө оруулж ирэх зорилготой гэдэг нь юу л бол. Харин өнгөрснөө мартъя, өнөө хэдэн оффшор данстай улстөрчдийг нийтээрээ дахин хялайхаа больё гэсэн утгатай л хууль болж байгаа юм. Ийм болохоор нь хуулийн энэхүү өөрчлөлтийг захиалгынх гэдэг яриа явсаар нэлээд өргөн хүрээг хамарч байгаа болов уу.

 

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Д.ГЭРЭЛ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler