|
Видео

Шинэ мэдээ

Монголын оффшорчид ял зэм хүртэж магадгүй боллоо

Монголын оффшорчид ял зэм хүртэж магадгүй боллооОлон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс гаргасан офшор данстай холбоотой мэдээлэл дунд Монголийн 49 хүний нэр гарч ирсэн. Тэдэн дунд улстөрчид, тэдний хамаатан, ах дүү, хүүхдүүдийн нэр цохиж явсан нь шуугиан дэгдээсэн билээ. Мэдээж тэдний мөрөөр ямар ч хариуцлага, хуулийн шийтгэл явагдаагүй. Хэн ч ял зэм хүртээгүй.

Оффшор данстай улстөрчид бүр эсрэгээрээ албан тушаал дэвшээд, УИХ-ын гишүүн, сайд, дарга болоод явж байгаа нь хөдлөшгүй үнэн. Хамгийн тод жишээ нь, "Дорнын говь” компанийн захирал асан Б.Дэлгэрсайхан дээрх 49 хүний жагсаалтад багтсан байсан ч өдгөө УИХ-ын гишүүн болчихсон сууж байгаа билээ. Мөн УИХ-ын гишүүн Сү.Батболд, Д.Цогтбаатар, Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй нарын нэр оффшор данстай ямар нэгэн байдлаар холбоо хамааралтай гэгдэж байсан.

Тэгвэл оффшор данстай улстөрчид, төрийн албан хаагчдын хувьд аюулын харанга болсон хууль батлагдаж магадгүй боллоо. Тодорхой хэлбэл, хөрөнгө, орлогоо мэдүүлдэг албан тушаалтан оффшор бүсэд данс эзэмших, компани байгуулахыг хуулиар хориглоно. Ингэхдээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хуульд тусгаж өгөх юм байна. Тус хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, Хууль зүй, дотоод хэргийн сайдад төслийг боловсруулан Засгийн газарт оруулж ирэхийг даалгалаа. Тус нэмэлт өөрчлөлтийн гол санаа нь хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх болон нийтийн албан тушаалд томилогдохоор нэр дэвших үедээ оффшор бүсэд өөрийн нэр дээр банкинд данс эзэмших, мөнгөн хөрөнгө байршуулах, хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хориглох тухай тусгасан байна. Хэрэв энэхүү хууль батлагдсан тохиолдолд оффшор данстай ч төрийн өндөр дээд албан тушаалд томилогдчихоод байгаа хүмүүст хэрхэн үйлчлэх нь сонирхол татаж байна.

Монголд оффшор данстай улстөрч хариуцлага хүлээсэн ганцхан тохиолдол бий. УИХ-ын гишүүн асан С.Баярцогт оффшор данстай нь илчлэгдсэний дараа УИХ-ын дэд даргын суудлаасаа огцорсон.  Тэрээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тус дансныхаа тухай дурдаагүй байсан нь шийтгэл хүлээлгэх гол үндэслэл болсон. Харин нэг албан тушаалаасаа огцорч, нөгөө албан тушаал дээрээ үлдсэн нь чухам хэр зүй зохистой шийтгэл болж чадсан бэ гэдэг нь өнөө ч маргаан дагуулдаг. Тэгвэл энэхүү хууль гарснаар Монголын оффшорчдод хариуцлага тооцох зөвхөн эхний алхам болох талтай.

Учир нь улстөрчид, төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүс оффшор данстай байхыг дэлхий нийтээрээ таашаадаггүй. Нууц оффшор данс бол хулгайн бодит баримт гэж улс орнууд үздэг. Энэ нь улстөрчид хууль бусаар олсон орлого, магадгүй авлига, хээл хахуулийн мөнгөө оффшор дансанд байршуулдаг гэсэн илэрхий хардлага их байдагтай холбоотой. Тиймд илэрсэн улстөрчид шууд огцордог ажээ.

 

Д.Ирээдүй

Breakingnews.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler