| |
Зайсангаас яагаад нүүх хэрэгтэй вэ
"Хоёр гүүрний цаадах хосгүй баячуудын" амьдардаг газраас яагаад нүүх хэрэгтэй юм гэж асуух биз. Үл хөдлөх дээр алдаж оносон туршлагаасаа хуваалцъя гэж бодлоо. Энэ нийтлэлээр Зайсанд амьдрах нь буруу сонголт гэхээс илүүтэй орон сууцаа зөв харж, судалж авахгүй бол алддаг тухай өгүүлэхийг оролдлоо. Үнэхээр л тэр хосгүй баян нь биш бол бид амьдралдаа тоотой цөөхөн удаа гаргадаг чухал шийдвэр шүү дээ.
2011 онд би харилцаа холбооны нэг томоохон компаний гүйцэтгэх захирлын ажил хийдэг байлаа. Эдийн засаг 10 гаран хувьтай өсөлттэй, бизнесийн жилийн 20% өсөлт жирийнд тооцогддог байсан цаг. Карьер өсч байсан тул орон сууцаа томруулах алхам хийсэн. Хамгийн гол нь охин маань тэр үед дөнгөж аравхан настай, Улаанбаатарын их утаанаас болоод астматай болчихсон байсан. Нөгөө кино дээрээс л хардаг байсан хоолой руугаа цацдаг эм хэрэглэдэг болсон тул агаарын бохирдол багатай дүүрэг рүү нүүх бидний хувьд тун чухал байсан. Тэгээд Зайсанд 156м2 том сайхан, шинэ байр авч амьдрах болсноор охин маань эдгэрсэн. Эхэн үед сайхан л байлаа. Харин асуудлууд харин ар араасаа цувран гарч ирэхийг бид мэдээгүй.
Хатуу ус
Зайсангийн хавьд ус хатуу тул хоол ундандаа шууд хэрэглэж болдоггүйг удахгүй анзаарч эхэллээ. Ходоод эвгүйцэх, ус буцалгагч дотор цагаан тунадас их хэмжээгээр үүсч байв. Крант дээр байнга цагаан цайр тогтож байдгаас хэр хатуу ус болох нь шинжлүүлсэн, шинжлүүлээгүй ойлгомжтой. Судлаад үзэхээр ихэнх ус шүүгч зөөлрүүлэх бус шүүх зориулалттай хийгддэг шиг байна лээ. Нэг шүүлтүүр олсон чинь их том овортой байсан. Бас тэгээд шүүлтүүрүүдийг нь тогтмол солих хэрэгтэй.
Баллонтой ус хамгийн энгийн, асуудал багатай шийдэл гэж санагдсан. 5 литрийн савтай уснуудыг долоо хоногтоо 4-6 авчихад хүрнэ. Эрдэс бодис дутагдах эрсдэлтэй тул томхон савтай Хужирт ус шууд уухаар авчихдаг.
Ирээдүйд усны хоолойнууд хатуу уснаас үүдэн хурдан бөглөрөх эрсдэлтэй байж мэднэ. Энийг яаж шийдэж болохыг сайн мэдэхгүй байна.
Маш өндөр зардалтай цэвэр, бохир ус
Анх байр авахдаа төвийн шугамуудтай холбогдоогүй гэдгийг мэдээгүй. Сар бүр усны зардалд 100,000 хавьцаа гараад байхаар нь ямар учиртай судлах гэж бөөн ажил болсон. Доороо гүний насостай, бойлуураар халаадаг, бохир усаа машинаар соруулж зөөдөг тул зардал өндөр байх нь ч аргагүй байсан юм билээ.
Хэдэн жилийн дараанаас төвийн бохирт холбогдоод арай дээрдсэн. Төвийн цэврийн шугаманд холбогдоогүй тул усны сорох бас халаах өндөр зардал төлсөн хэвээр. Цэвэр усны шугам сүлжээнд яагаад холбогдож болдоггүйг би одоогоор ч ойлгоогүй явна. Бодвол шугам сүлжээний дэд бүтцийн боломж хязгаарлалттай биз.
Вакум цонх гажилттай
Анх худалдаж авахад их л аятайхан модон вакум цонхнууд байсан. Хэдэн сарын дараанаас нэг цонх гажилт үүсээд хуруу орохоор зай үүссэн. Өвөл хүйтэнд сийгээд байсан тул дээр үед цонх дулаалдаг аргаар бөглөж аргалсан.
Хангай гээд вакум цонхыг нь хийсэн компанитай холбогдох бүр дараагийн долоо хоногт очиж шийднэ гэж худлаа ярьсаар байгаад 3 жилийн баталгаат хугацаа нь дууссан. Яг үнэндээ би өөрөө залхаад бууж өгсөн. Сүүлд сонсоход тэр компани хүмүүсийн асуудлыг шийдэхгүй гүрийсээр дууссан шиг байна лээ.
Вакум цонхоо солих гэхээр бусад цонхноосоо өөр болчих гээд төвөгтэй. Шинэ хийлгэсэн нь бас дахиад гажчих ч юм билүү гэсэн түгшүүр их.
Сантехник асуудалтай
Анх их гоё бидетэй байсан чинь 2 жил болоод ажиллахаа байсан. Залгаад, дуудаад ирж засч өгөхгүй. Үйлдвэрлэгчийнх нь дистрибьютор байхгүй тул мэргэшсэн засварчин, сэлбэг хэрэгсэл нь ч байхгүй гээд мухардсан. Шийдэл гэвэл шинээр солих. Учир нь яг энийг засч мэдэх хүн байхгүй, эсвэл олдохгүй. Зарын дагуу засварчин дуудаж үзсэн. Ухаж үзээд чадахгүй гээд явсан.
Алчуур хатаагч харин маш чанаргүй байсан юм билээ. Анхнаасаа хэзээ ч ажиллаж байгаагүй. Өнгөрсөн намар хүн байхгүйд гэнэт хагарч, ус алдаад бүх өрөө усанд автсан. Орцонд уг нь халуун, хүйтэн ус хаадаг крант байдаг боловч тэрүүгээр ганцхан тэр алчуур хатаагч хаагддаггүй тул ус алдалтыг эрт анзаарсан хүмүүс тэнд хаасан ч дотроо үргэлжүүлэн ус алдсан байсан. Яагаад тэгж хийсэн гэдгийг би огт ойлгоогүй. Аз таарахад байр даатгалтай байсан тул нөхөн төлбөр авч бүх паркет сольсон.
Ойрхон худалдаа, үйлчилгээ байхгүй
Хотхондоо дэлгүүр, хоршоо, фитнесс, гоо сайхан гээд худалдаа, үйлчилгээний жижиг төв байх юм танилцуулж байсан ч бизнес сайн хийж чаддаггүй хүмүүс болоод ч тэр үү ажиллагаанд оруулж чадаагүй. Хамгийн ойрхон жижиг дэлгүүр гэхээр Зайсан лонжийн хажуугийн 8 нэрийн барааны дэлгүүр. Тэр дэлгүүрт орохоор гэр хороололд амьдраад байгаа мэт мэдрэмж хааяа төрнө.
Уг нь хамгийн үнэтэй дүүрэг шиг байгаа юм. Гоё гоё барилгуудынх нь хажууд нурж унах шахсан хашаанууд олон. Манаач айлууд нь нүүрс түлэхээр нээрээ л гэр хороолол. Ойрын 5 жилдээ барилгажаад цэгцрэх биз. Зам нь машин эвдчихмээр муу байсан. Харин уржнангаас жоохон засаад арай дээрдсэн. Гэхдээ л сурснаараа зам засахаар буцаагаад ухаад, эвдээд эхэлсэн.
Тэгэхээр Zaisan Square орж л хоол хүнс, дэлгүүр, фитнесс, кофе-той залгана. Зайсангийн Миний дэлгүүр бусад газар байдагтайгаа яг ижил. Сонголт тааруу, орчин, үйлчилгээ тун тааруу. Уг нь болж өгвөл тэр Имарт харин Зайсан хавьд нэг байвал тун зүгээр санж.
СӨХ асуудалтай
Дараа, дараагийн төслүүд гэж хийх бодолгүй компаний (за бараг л хувь хүмүүс байх) барьсан хотхон тул харилцагчийн үйлчилгээ, хэрэглэгчдийн сэтгэл ханамж гэдэг зүйлийн талаар ямар ч ойлголтгүй шахам хүмүүс СӨХ ажиллуулдаг. Миний санахын анх ороход байр, контор, СӨХ-ийн мөнгө 300-400 мянга гардаг байсан. Хэт өндөр төлбөртэй, үйлчилгээ тааруу, зарцуулалт ил тод биш тул хэсэг оршин суугчид СӨХ-тэй шүүхдэлцээд олон жил болж байгаа.
Энэ түүхээс суралцах зүйл юу вэ?
- Орон сууц дотроо сайхан байх дангаараа хангалттай биш. Гадаад орчин, зүлэг мод, худалдаа үйлчилгээ, хөршүүд, ус, агаар, дэд бүтэц, СӨХ гээд олон хүчин зүйлийг тооцох хэрэгтэй.
- Орон сууцанд хөрөнгө оруулалт хийхдээ ирээдүйн үнэ цэнийг тооцох нь маш чухал. 2011 онд хийсэн хөрөнгө оруулалтын үнэ цэнэ өнөөдөр 2 дахин уначихсан.
- Арай илүү үнэтэй байсан ч хамаагүй бизнес, менежмент мэддэг, чаддаг, урт хугацаандаа энэ салбарт ажиллах компаний үл хөдлөхийг авах нь зөв.
Хэдий амархан биш ч гэсэн алдаагаа хүлээн зөвшөөрөөд аливаа гарц, боломжуудыг олж харах, шийдэл гаргах нь зөв гэж бодох юм. Асуудал өөрөө боломжийг дагуулдаг гэдэг. Өнөөдөр эдийн засгийн хямралтай байгаа нь үл хөдлөхийн үнэ унахад хүргэж байна. Ёроолдоо хүрэх үе бол кэштэй хүн сайн үл хөдлөх авах цаг нь мөн гэдэг. Төгрөг ингэтлээ уначихсан, барилгын өртөг зардал гол нь доллар, юаньд суурилдаг гэхээр үнэ цаашид улам унах боломж бага гэж таах байна.
Кэшгүй бол яах вэ? Алдаатай хөрөнгө оруулалтаасаа зоригтой салаад, орж ирсэн мөнгөөрөө харин зөв үл хөдлөх авах хэрэгтэй гэсэн шийдэл байж болох уу? Анхаарал хандуулсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Б.Бэгзсүрэн