| |
Хашаа байшин тань яагаад үнэгүйдэж, үнэлэгддэггүй вэ?
Бид байшингаа хүссэнээрээ барьдаг ч, дулаалгаа буруу хийсэн, сууриа буруу цутгасан, цахилгаан, сантехникийн шийдлээ оновчгүй хийснээс болоод байшингаа чанаргүй барих, урт хугацаандаа засварын зардал өндөр гарах, өнгө үзэмж дорой болох гээд олон бэрхшээл тулгардаг.
Гэхдээ байшингаа чанартай, бат бөх бариулах боломж байгаа юу гэвэл тийм. Мэргэжлийн байгууллагаар зохих шаардлагыг нь хангасан зураг төсөл гаргуулан, тооцооллыг нь хийлгэж байгаад хүссэн байшингаа бариулах боломж бий. Гэтэл жирийн нэг айл өрхүүдэд мэргэжлийн компаниудаас чамгүй үнэтэй зураг төслийн үйлчилгээ аваад байх мөнгө төгрөгийн боломж байгаа гэж үү? Арай ядан байшин барих хэдэн төгрөгөөс нь хөрсний шинжилгээ дүгнэлт тусад нь гаргуулж төлбөр төлөхөөс гадна зураг төсөл зохиолгох хөлс илүү гарна.
Үүнийг илүү зардал чирэгдэл гэж үзээд өөрсдийнхөө шийдлээр арай ядан байшинтай болдог ч, нөгөөх сууц нь дулаан хадгалалт, дуу чимээ, ус чийгнээс хамгаалалт муу, ашиглалтын хугацаандаа урсгал засвар, нэмэгдэл зардал ихээхэн шаардсан хэцүүхэн зүйл болж хувирдаг даа.
Мэдээж хэрэг, ингэж барьсан сууцны өөрийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ буурч, үнэлгээ нь навс унадаг гээд хэлчихэд буруутахгүй болов уу.
Түүнчлэн мэргэжлийн бригадууд өндөр хөлстэй байдгаас мэргэжлийн бус хувь хүмүүсээр БНбД мөрдөлгүй, байшингаа бариулах нь цаашид ашиглалтын үед элдвийн хүндрэлтэй асуудал үүсгэх нөхцөл болдог.
Дээр нь, хямд төсөр барилгын материал сонгосноос болоод барилга чанаргүй баригддаг. Гэхдээ үнэтэй сайн материал сонгосон ч чанаргүй гүйцэтгэлээс болоод асуудал тулгарах нь бий. Мэдээж хэрэг үүнд Төрийн байгууллагууд нь бүрэн хяналт тавиад, айл болгоны хашааг судлаад явна гэдэг бүтэшгүй зүйл байх л даа. Гэсэн ч иргэдийн нийтлэг хэрэглээ болсон талбайн хэмжээнд зохицсон нэг маягийн сууцны загвараар зураг төсөл гаргаад, барилгын материал сонголтод зөвлөгөө өгч, хямд үнээр барьж гүйцэтгэдэг компаниудтай нь холбох "жим мөр”-ийг нь гаргаад өгвөл хаа хаанаа хэрэгтэй байхсан.
Тэгэхээр энэ чиглэлээр Төр сайн төлөвлөгч, зуучлагч, холбогчийн үүрэг гүйцэтгэхэд л иргэд эрүүл аюулгүй амьдрах, байгаль орчинд сөрөг нөлөөгүй амины орон сууцнуудаа барих боломж бүрдэж, цаашлаад хотын өнгө үзэмж, агаарын бохирдол зэрэгт эерэг нөлөө үзүүлэх боломжтой юм.
Гадны улс орнуудад ч дээрх чиглэлээр төрийн байгууллагууд нь идэвхтэй ажиллаж, иргэдийн аюулгүй, тав тухтай, тохилог амины орон сууц амьдрах нөхцөл боломжоор хангахын тулд байгаль цаг уурын нөхцөл, тухайн орны иргэдийн амьдралын хэв маягийг тусгасан стандарт шийдлүүдийг тодорхойлж өгсөн байдаг аж.
Тухайлбал, АНУ болон Европын улс орнуудад амины орон сууцыг дотор нь зуслангийн, жижиг, ердийн, цэцэрлэг ногоон байгууламж бүхий байшин, том хэмжээний байшин, нэг ба хоёр айлын сууц гэхчлэн маш олон төрлөөр ангилан ялгаж, тус бүр тодорхойлолтыг нь гарган, дагаж мөрдөх стандарт хэмжээг тусгайлан заасан байдаг.
Үүнд, авто замаас барих зай хэмжээ, ногоон байгууламж цэцэрлэгийн талбай, жижиг сууц бол 2 өрөө, дундаж хэмжээтэй нь 4 өрөөтэй байх гээд өөр хоорондоо ялгаатай маш олон дүрэм журмууд бий.
Гэхдээ манай улсад амины орон сууц барихад дагаж мөрдөх норм дүрэм байхгүй биш, бий. Гол нь түүнийг хэрхэн дагаж мөрдөх, юунд анхаарах ёстой вэ гэдэг нь чухал учраас энэ талаар Барилгын хөгжлийн төвийн Норм, нормативын хэлтсийн мэргэжилтнээс тодруулга авсан юм.
- "Амины орон сууц”-ыг хууль эрх зүйн томьёоллын хувьд яг ямар барилга гэж ойлгох вэ?
- Салбарын холбогдолтой хууль, эрх зүйн баримт бичигт "Амины орон сууц” гэсэн хуулийн нэр томьёо тусдаа тусгагдаагүй.
Гэхдээ Монгол Улсын Орон сууцны тухай хуулинд "Орон сууц” гэсэн нэр томьёонд хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хамааруулан томьёолсон байдаг.
Энд зориуд нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа банкнуудын шаардлагаас авч үзэхэд:
- Гэр хороололд байрлах, эргэн тойрон хашаагаар хүрээлэгдсэн, өөрийн өмчилсөн газар дээр аж ахуйн аргаар барьсан хувийн байшинг хашаа байшин,
- Өмчлөлийн газар дээр зураг төслийн дагуу барьсан, төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдсон эсвэл бие даасан цэвэр, бохир усны болон халаалтын систем бүхий хувийн байшинг амины орон сууц гэсэн ойлголтоор томьёолж, банк санхүүгийн байгууллагын зээлд хамруулдаг.
Энэ талаар "Нэг айлын сууц” /БНбД 31-05-05/ Барилгын норм ба дүрэмд мөн тусгагдсан байдаг.
- Ийнхүү өөрийн өмчлөлийн газар дээр "Амины орон сууц” барихад өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ямар норматив баримт бичиг байна вэ?
- "Амины орон сууц” нь инженерийн хийцлэлтэй байх ёстой гэдэг нь дээрх ярианаас тодорхой болсон байх.
Тухайн иргэн амины орон сууцаа ямар материалаар барихаас шалтгаалан тухайлбал, модон эсвэл тоосгон хийцтэй байх уу, төмөр бетон үндсэн хийцтэй блокон ханатай байх уу, газар хөдлөлтийн аль мужлалд байгаагаас шалтгаалан мөрдөгдөх барилгын норматив баримт бичгүүд өөр өөр.
Барилгын салбарт өнөөдрийн байдлаар 1,100 гаруй барилгын норматив баримт бичиг хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Орон зай, эрүүл ахуй, аюулгүй байдалтай холбоотой ерөнхий шаардлагуудыг "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” /БНбД 31-01-10/, "Нэг айлын сууц” /БНбД 31-05-05/ гэсэн барилгын норм ба дүрмээс харж болно.
- Иргэд "Амины орон сууц” барихдаа цаашид юуг анхаарах хэрэгтэй гэж та бодож байна вэ?
- Зөвхөн "Амины орон сууц” биш аливаа барилга байгууламжийг барихдаа баталгаажсан зураг төслөөр тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн аж ахуйн нэгж байгууллагаар барилгаа бариулахыг та бүхэнд зөвлөмөөр байна.
Мэргэжлийн хүмүүсийн тусламжтайгаар барилгын ажил гүйцэтгэх болон зураг төсөл боловсруулах ажлын гэрээг гүйцэтгэж, ажлыг хийлгэх нь эцэстээ та болоод таны гэр бүл эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдэх болно.
ikon.mn