| |
Морь, хүүхэд, уяач гурвын хөдөлмөр тэнцэж байж наадмын түрүү авдаг
Р.ОЮУН
Жаврын үзүүр уярсан, цаг наашилсан хавар цагийн өнгө аяс нүд баясгаж, сэтгэл сэргээх ажээ. Өдрийн ихэнхийг гэр, ажил хоёрын дунд, эсвэл их хотын замын түгжрээн дунд өнгөрүүлдэг бидний хувьд хавар цагийн урин салхиар цээж дүүрэн амьсгалж, битүү цас бүрхсэн, нам гүмхэн цагаан талыг харж явах нь сэтгэл сэргэж, нүд баясан урамтай сайхан санагдах ажээ. Энэ удаа бид "Амьдралын тойрог” буландаа Төв аймгийн алдарт уяач Д.Галбадрахыг зочноор урьж, их ажлын ундаргатай малчны хотыг зорьж яваа минь энэ.
...ЗАМ ЗУУР
Энэ жил нийт нутгийн ихэнх нь цас ихтэй өвөлжиж байгаа бололтой. Хот газрын хаяа гэлтгүй Төв аймгийн нутаг бас цасан бүрхүүлтэй угтах. Алдарт уяач Д.Галбадрахынх Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт өвөлждөг ажээ. "Зам цастай, жижиг тэргээр явж барахгүй байх” гээд зориуд том тэргээр замд гарсан. Гэтэл уяач айл маань аль хэдийнэ замынхаа цасыг автокредрээр түрүүлчихэж. Намрын шар өвс цухуйсан шороон замаар давхисаар өвөлжөөнийх нь үүдэнд буув. Төв аймгийн алдарт уяач Дамбийнямын Галбадрахынх Зуунмод сумаас холгүй, "Өгөөмөрийн ам” хэмээх газарт өвөлжиж байна. Гэрийн үүдэнд машин зогсохтой зэрэгцэн ноосон цамцтай 4-6 насны гурван хүүхэд гэр рүү уралдаж оров. Малчны хотонд бүх зүйл сонин. Нохой нь хүртэл сүрдмээр том. Ажилсаг айлын өвөлжөө нь хүртэл тохь тухтай, дулаахан сайхан угтах ажээ.
Айлын хаалга татаад орохуйд нүдэнд тусах, гайхшруулах зүйл олон. Гэрийн хойморт нар туссан, цагаан гэгээтэй. Гэргий нь биднийг угтаж, "Дээшээ суу” хэмээн хойморт залах нь хөдөө нутгийн заншил, монгол ахуй сэтгэл татна. Гэрийн үүдээр ороход хамгийн түрүүнд аргагүй л адуутай, хурдтай айлын бай, шагнал нүдэнд тусна. Д.Галбадрах хэмээх айл өрх гэрээ хурдан буянтны медалиар чимэглэж чадсан, хөдөлмөрч айл ажээ. Гэрийн баруун талын унинаас зүүн талын унь хүртэл гурван эгнээ жирийтэл өрсөн морины медаль өлгөсөн нь сүртэй харагдах ажээ. Гэрийн хоймор голлуулж, уран гоё сийлбэртэй морин хуураа тооно өөдөө залсан нь аргагүй л хиймортой сайхан яваа айл юм. Гэрийн эзэнтэй мэнд мэдэж, хөөрөг солилцсоноор бидний яриа эхлэв.
ЕСӨН ХҮҮХЭДТЭЙ АЙЛЫН БАГА ХҮҮ УЯАЧ БОЛСОН ТҮҮХ
Д.Галбадрах гэр бүлийн хамт.
Алдарт уяач Д.Галбадрах хэмээх дундаж насны энэ эр яриа хөөрөө сайтай. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул. Аав ээжээс есүүлээ өссөн, айлын бага хүүхэд ажээ. Багадаа морь унадаг байсан бөгөөд тэрээр бага насаа Манзушир хийдийн ойролцоо өнгөрүүлжээ. Бусдын адил эрдмийн мөр хөөж, 1986 онд цэргийн албыг Дарханд хаасан байна. Худалдааны трестэд хоёр жил машин барьсан жолооч тэрээр өөрийнхөө хобби, амьдралынхаа зураг төөргийг дагаж мал дээр гарсан гэж байв. Д.Галбадрахынх хоёр хүү, нэг охинтой ажээ. Том хүү нь аавыгаа дагаж малчин болсон, одоо аавынхтайгаа айл өвөлждөг юм байна. Биднийг очиход хүү нь Заамар руу оторт явсан гэж байв. Харин охин нь Заамар сумын цагдаагийн хэлтэст ажилладаг. Бага хүү нь Гаалийн сургуулийн гуравдугаар дамжааны оюутан гэнэ. Эрхэм уяачийнх ач, зээгээ хань татаж, гэр бүлийнхээ хүнтэй үр хүүхдүүдээ харан, мэдэхгүй чадахгүйг нь зааж сурган, малчин айлын өрнүүн их ажил дунд товхийтэл амьдарч байна.
Д.Галбадрахын гэргий Төв аймгийн уугуул ажээ. Яриа хөөрөөтэй, ажилсаг эмэгтэй байлаа. Айл гэрийн өнгө төрх эхнэр хүнээс их шалтгаалдаг. Өвөлжөө нь тавлаг, цэмбэгэр. Өвс тэжээлээ жирийтэл өрсөн нь энэ айлын ажилсаг, хөдөлмөрч занг илтгэнэ. Эднийх 600 гаруй бог, 20 гаруй үхэр, 200-гаад адуутай аж. Бидний ярих сэдэв мэдээж, малчин айлын өвөлжөө, хаваржаа. Хурдан морины уяа сойлго, морь малны асаргаа сувилгаа байсан учраас уяач эрхэмд бас ярих зүйл олон. Сэдэв нь ч сонирхолтой, сайхан. Адууч залуу маань багаасаа морь унасан болохоор морь уях хорхойтой болсон хэмээн хуучилна. Одоо өөрийн морь малд санаа тавихаас гадна найз нөхөд, таньдаг хүнийхээ хэдэн морийг давхар уяж, уяа сойлгыг нь тааруулдаг аж. Түүнийг анх морь уяж байхад цагаан сараас хойш буюу эмэгтэйчүүдийн баяр, цэргийн баяр, майн баяр, зургадугаар сарын 1, улсын баяр наадмаар морь их уралдуулдаг байсан. Харин наймдугаар сараас хойш морь уралдуулахыг хориглодог байжээ. Учир нь хадлан тэжээлтэй холбоотой. Дээхнэ үед уламжлалт уралдаан шинийн 3-наас эхэлдэг байсан гэв.
ХАВРЫН УРАЛДААН "ДҮНЖИНГАРАВ-2017” АЙСУЙ
Одоо тун удахгүй "Дүнжингарав-2017” Төвийн бүсийн хаврын уралдаан болно. Моринд хорхойтой монголчуудын эхний наадам гэж хэлж болох энэ наадмыг гол төлөв хаврын тэргүүн сард, хоёр, гуравдугаар сард хийдэг. Урин дулаан цагийн уралдаан наадам ч яахав тогтсон цагт, тогтоосон дэг жаягийн дагуу өрнөдөг. Харин хавар, өвлийн хахир хатуу цагт хурдан морины уралдаан зохион байгуулах нь адуу мал, хүүхэд багачуудыг ядраан тарамдуулахгүй байхаас эхлээд уяач улсад бодож, санах, илүү их хичээх зүйл олон. Хурдан морины хорхойтнууд, хурдан буянтнуудад бол Дүнжингарав хүсэн хүлээдэг наадам нь яах аргагүй мөн. Тиймээс алдарт уяач Д.Галбадрахынх ч бас хурдан буянаа сойж, ид хавыг нь гайхуулахсан хэмээн яардаг. Хөндлөн зуузайтай галан тамгатай, хурдан буянаа сойж, хавар цагийн морин уралдааныг тэсэн ядан хүлээдэг ажээ.
Уяач хүний бодож явдаг зүйл олон ч эрхэм уяач Д.Галбадрах морь, хүүхэд хоёр эсэн мэнд ирэхэд баярладаг хэмээн хуучилж байв. "Аливаа уралдаанд заавал түрүүлэхдээ гол нь биш. Гэхдээ айраг, түрүү авахыг бодолгүй л явах вэ. Түүн шиг сайхан баяр баясгалан хаа байна. Хамгийн чухал зүйл бол эсэн мэнд, эрүүл саруул уралдах ёстой” гэв. Өвөл морь уралдуулахыг та юу гэж боддог вэ хэмээн асуухад өмнө нь уралддаг л байсан. Хамгийн гол нь хүүхэд аюулгүй байх ёстой. Бидний үед үстэй дээл, үнэгэн лоовууз малгай өмсүүлээд уралддаг байсан. Тэр бүр хүүхэд эндэж, хөлдөж байгаагүй. Харин одоо хүүхдүүдийг уралдуулахдаа нимгэн хувцастай явуулж байна уу даа л гэж харагддаг. Ер нь өвөл морь унаснаар хатуужилтай, чийрэг, амьсгаа нь задарсан болдог. Зөв бэлтгэлтэй байвал уралдах нь зөв гэж боддог гэсэн юм.
УНААЧ ХҮҮХЭД ҮГ ДААДАГ, БИЕ ЧАНГА, ХҮМҮҮЖИЛ САЙТАЙ БОЛДОГ
Аймгийн алдарт уяач цол авахад орон нутгийн бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан амжилтыг аймгийн баяр наадамтай адилтган тооцдог аж. Уяач хүний амжилт морь түрүүлэх ч юм уу, айрагдсан байхад түүгээрээ л бахархдаг. Зургаан насны морь уралдуулахад ямар ч гэсэн бай шагнал авчирдаг. Айраг, түрүүний шагналыг аймгаас, Эрдэнэтийн бүсийн түрүү, Өмнөговийн бүсийн аман хүзүү, айргийн гурав, сумдууд, Дүнжингараваас авсан хэмээн униараа дүүрэн өлгөсөн медалиудаа тайлбарлав. 2013 онд "Дүнжингарав”-т соёолон гуравлуулсан. Мөн "Эрдэнэтийн бүс”-д соёолонгоо түрүүлүүлсэн. Ямар ч гэсэн үнэтэй морь авч уяагүй. Ихэвчлэн унаган, битүү морьд уяадаг. Түүний морьд ихэвчлэн Төв аймгийн угшилтай. Баянцагаан, Баянжаргалан, Жаргалантын хурдтай гэж байв. Сүхбаатар, Дорнодын угшилтай ч адуу бий гэсэн юм. Ер нь үндсэн хурдтай нь Төв аймгийн Сэргэлэн сум, Төв аймагт бүх сайхан морьд цугласан. Сүхбаатар, Дорнодын адуу хурдан ч өөрийн нутгийн морь сайхан. Баянцагаан, Баянжаргалан, Сэргэлэн, Алтанбулаг, аймаг, Баян-Өнжүүлд сайхан хурдан буянгууд улсад айрагдсан байдаг. Сүүлийн үед залуучууд энд тэндээс сайхан морьд авчирч амжилт гаргаж байгаа болохоос манай аймгийн морьд хурдтай хэмээн морьдоороо бахархаж байв. Тэрээр айргийн тавд орсон бүх морь медаль авна. 100, 1000 морь уралдсан ч таван морь медальтай. Гиннесийн номд бүртгүүлэх гэж 4000 морь уралдуулахад манай Засаг даргын хонгор морь айрагдсан. Энэ морь манайд байдаг. Морь уяхад хүүхэд, морь, уяач гээд бүх юм тэнцэнэ. Уяач нь хийморьгүй, хүүхэд нь тэнэг байвал морь нь хэчнээн хурдан байгаад ч хэрэггүй. Бүх зүйл тэнцэж байж л хурдан буянтны уяа сойлго таардаг. Тиймээс аятайхан, сэргэлэн, яаж уралдахаа мэддэг хүүхдээр л унуулна. Морь унадаг, унадаггүй хүүхэд хоорондоо их ялгаатай. Морь унадаг хүүхдийн гар хуруу нь чанга байдаг. Эцэг эхийнхээ хажууд дандаа морь унана гэж байхгүй. Айл дамжаад явдаг болохоор хүний үг даадаг болно. Барагтай бол ханиад хүрдэггүй.
Мөн төвийн, хөдөөний хүүхэд хоорондоо их ялгаатай. Бидний зарим нь ач, гучаа эрхлүүлээд өөрийнх ч үгүй, хүнийх ч үгүй болгож байгаа шүү дээ. Бид тэгж өсөөгүй. Тэр гуайн морийг, энэ айлын морийг уна гээд загнуулаад л явдаг байсан. Одоо бол гуйж авч байгаа. Ер нь бол унаач хүүхдэд үстэй дээл, лоовууз сайхан тохирсон хувцас болдог байлаа. Монгол хүүхэд морь унаж уралдахдаа гийнгоолдог. Морь унаж байгаа хүүхдүүдэд зааж өгдөг. Гийнгоо нь морины хийморийг сэргээж өгдөг уншлага, тарни нь гэв. Танай ач, зээ нараас морь унадаг хүүхэд байна уу гэхэд "уналгүй яах вэ. Одоо эднийгээ морь унах насанд хүрэхээр унуулна. Манай гурван хүүхэд бүгд морь унадаг байсан” гэсэн юм.
АЛДАРТ УЯАЧИЙН АМЖИЛТ УЛСЫН ЦОЛ ХЭРГЭМД ОЙРХОН ЯВНА
Төв аймгийн алдарт уяач Д.Галбадрахынх аймагтаа олон сайхан морь уралдуулжээ. 2008 онд гурван түрүү, есөн айргаар аймгийн алдарт уяач цол авсан. Үүнээс хойш олон түрүү, айраг нэмсэн. Хамгийн сонирхолтой нь хэчнээн түрүү, айраг авснаа нарийн тооцдоггүй хэмээн ярьж суув. Дүнжингарав, Бүсийн түрүү, Говь шанх гэсэн улсын чанартай уралдаанд тогтмол оролцдог. Улсын алдарт уяач болоход нэг айраг дутуу байгаа гэдгийг яриан дундаас нь ухаж суув. Хийморь сэргээсэн олон наадам, хурдан буянтны хүч, хийморь одоо түүнийг улсын алдарт уяач гэсэн эрхэм хүндтэй цол хэргэм рүү ойрхон залж яваа бололтой. Одоо нэг айраг авбал улсын алдарт уяач болно хэмээн ярьж байв. "Үүнийг өөрийнхөө сэтгэлээр л авна. Яг авна гэж амлаж болохгүй. Морь, хүүхэд гээд бүх зүйл тэнцэж байж энэ амжилтад хүрнэ. Дүнжингаравт азарга, их нас, соёолонгоо уралдуулна. Энэ жил аймагтаа болон улсын наадамд оролцоно. Өөр наадам байвал явна даа. Аймгийн алдарт уяач цол авч чадаагүй өндөр настай ахмадууд болон өөр олон хүн байгаа. Насаараа морь уяачихаад авч чадаагүй бурхан болсон хүн ч бий. Алдарт уяач болно гэдэг тийм ч амар даваа биш. Тэр болгон айрагдаад байна гэж байхгүй. Мэдээж аймгийн наадам гэхэд 300-400 гаруй морь уралдахад тавыг нь л байлдаг” гэв.
2014 онд 18 аймгийн Монгол Улсын шилдэг уяач болон шилдэг уралдаанч хүүхдийг шалгаруулахад Төв аймгаас Д.Галбадрах аймаг, сумдын уралдаанаас есөн айргаар, түүний унаач хүүхэд шилдэг уралдаанч хүүхдээр шалгарсан байна. Уралдаанч хүүхэд нь Төв аймгийн Зуунмод сумын уугуул Н.Ган-Эрдэнэ аж. Тэрээр аймгийн баяр наадамд нэг түрүү, хоёр айраг хүртсэнээр уяач, хүүхэд хоёр 2014 оны шилдгээр шалгарч байжээ.
Д.Галбадрахаас өөрийн хүүхдүүдээс нь гадна ахмад, залуучууд утсаар болон ирж морь хэрхэн уях талаар зөвлөгөө авдаг болохоор чаддаг, мэддэг болгоноо харамгүй зөвлөдөг байна. Аль сайн байгаад нь тэгээрэй, ингээрэй хэмээн зааж өгнө. "Та залуу уяачиддаа юу гэж хэлж зөвлөх дуртай вэ гэхэд "тогтуухан байвал зүгээр юм уу гэж боддог. Залуучууд морь их уядаг болсон” гэж байв.
ГЭЦЭГ ХЭМЭЭХ ЭРХЭМ ХҮН "ЧИ УЯАЧ БОЛНО ШҮҮ” ГЭЖ ЗАХИДАГ БАЙВ.
ММСУХ-ны Ерөнхийлөгч Миеэгомбын Энхболдоос шагнал гардаж байв. Морин спорт, уяачдын холбооны шагнал урамшуулал алдарт уяач Д.Галбадрахын гэрийн хойморт заларч, цаг үргэлж эрхэмлэн дээдэлж явдагаа хэлж байв.
Тэрээр үргэлжлүүлэн "Адууг хүн бүр бариад уяадаг зүйл биш. Хүнийг юмны аль сайхан нь татдаг шүү дээ. Айлын адуу байсан ч энийг ингэж уявал чадах болов уу гэсэн бодол байдаг. Энийг аваад тэнд уралдуулчихна гэсэн юм цээжинд байдаг. Би Зуунмод сумын Ногоон модны энгэрт Манзушир хийдийн орчим байсан. Манай аав Дамбийням Эрдэнэсант сумын харьяат. Ээжийн аав Гончигдорж гэж агент Төв аймгийн Сэргэлэн сумын хүн байсан. Миний бага нас Манзушир хийдийн дэргэд хонь, хурга эргүүлж өссөн. Дээр үед Гэцэг гэж цагдаа байлаа. Энэ хүнийг би мартахын аргагүй. Надад сайхан юм их зааж өгсөн. Намайг "Чи моринд хорхойтой, дуртай хүүхэд. Чи морины уяач болно шүү” гэдэг байсан. Тэр үед Говь, Хангайн бүс гээд малын тоо хязгаартай, адуу цөөтэй байлаа. Хүүхэд байхад жуулчид Манзушир хийдэд их ирнэ. Тэр хавийн Зуунмодны голоор байсан айлын хүүхдүүдтэй нийлээд ойрхон ухас хийгээд бохь авдаг байлаа. Өнөөдөр ингээд морь малд дуртай, адуунд хорхойтой явж байгаа минь тэндээс л эхэлсэн юм болов уу.
Би байнга уул усандаа залбирдаг. Ийш тийшээ наадамд явахдаа эхлээд өөрийнхөө уул, усанд залбирч авч явсан тахил дээжээсээ өргөөд дараа нь очсон газрынхаа уул усанд залбирдаг. Сэтгэл дагадаг ч юм уу, уул ус маань ч хардаг юм уу, хаа очсон газраа таатай л байдаг. Морийг тэр бүр хүн уяад байдаг зүйл биш. Мэргэшсэн, дурласан, өөрийн авьяас юм уу гэж ойлгодог. Түүнээс зүгээр нэг хүн ирээд морийг оосорлож уяад энэ миний мэргэжил гэхгүй байлгүй. Тухайлбал, хазаарыг нь яаж хазаарлах вэ, олом жирмээ яаж татах, ингэвэл эмээл нь урагшаа явчихна, ингэж татвал гэдэс нь хавдчихна гэнэ. Жолооч хүн бол рулиэ бариад ийш нь дарвал зам руу нисээд унана, энэ арааг нь эвгүй татвал хугарч хэмхэрнэ гэдгээ мэднэ шүү дээ. Мундаг уяач, өвгөдийн сургаснаар уулын арын өвсийг идүүлж байгаарай гэдэг байсан. Тэгэхээр нар бага туссан өвс тун зүгээр юм. Ер нь уулын ар сэрүүхэн, нар бага тусдаг. Энгэр талын өвс жаахан хатмалдуу байдаг. Ялангуяа, уралдах адууг урьд орой нь уулын хярын ар, хажуу өвс идүүлдэг. Би ч гэсэн энд тэнд морь уралдуулахдаа унаач хүүхдүүддээ арын болон сүүдэр дагасан өвс идүүлээрэй гэж захьдаг гэж хуучлав.
Ямар ч уяач айлд орсон авсан шагналаа униараа дүүрэн өлгөсөн нь хамгийн түрүүнд нүдэнд тусдаг. Авсан шагналаар нь тухайн хүнийг хэр хөдөлмөрч вэ гэдгийг харж болно. Энэ амжилтад хүрэхийн тулд нойртой, нойргүй явна. Өглөө босоод морьдынхоо ус ууж байгааг нь хүртэл шинждэг ажээ. Үүнээс гадна уяач хүн мөнхийн ажилтай байдаг. Мөн морьдынхоо хазаарыг хооронд нь солихгүй байх ёстой. Нэг нь ханиадтай, нөгөө нь нуслаг байж болно. Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороо биш шүү дээ. Болж өгвөл тэжээлийг нь уутанд хийж өгөхөд нэрийг бичсэн уутанд нь өгөх хэрэгтэй. Ядаж хазаарыг нь солихгүй байх нь чухал. Нэг нь бариу байхад нөгөө нь элбэг байх жишээтэй. Тухайлбал, би элбэг дээл өмсдөг байж байгаад багадсан, бариу юм өмсвөл хачин байна биз дээ. Яг л тэрэн шиг л байхгүй юу. Тэгэхээр таарсан юм таарсан таарснаараа л байх хэрэгтэй хэмээн их туршлагаасаа хуваалцах нь хэн хүний сонирхлыг татах ажээ.
МАЛЧНЫ ХОТОНД ЦАГААН САР АЙСУЙ
Монгол үндэстэн өв соёл, зан заншил, өвөг дээдсээрээ бахархаж, Монгол үндэсний гэж бахархдаг баяр бол цагаан сар юм. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд монгол хүн бүрийн магнай тэнийн баясдаг. Хүн зон, цаг улирлаа дагаад тал нутаг, адуу мал, булаг шанд ч цаанаа л өөр болоод өнгө засаад жавхаажаад ирдэг. Сар шинэ хаяанд ирж малчны хотонд их ажил ундарч байгаа нь цаанаа л нэг андашгүй. Д.Галбадрахын гэрт цагаан сар угтсан өнгө төрх нүднээ тусна. Бэр нь үйл мэтгэж, адууч залуугийн дээл урлаж сууна. Монгол бүсгүйн ажилсаг, хичээнгүй энэ дүр төрхийг малчин айлын хотонд олж харна гэдэг ховорхон аз завшаан мэт санагдах. Д.Галбадрахын гэргий даргилсан гал дээр сүүтэй цай самарч, бууз жигнэнэ. Гэрийн тооноор нар голлож, үүдэн хойморт цагаан гэгээ татна. Гэрт орж гарах хүүхдүүд нь хүртэл өлчир.
"ӨГӨӨМӨР ГАЛ”-ЫН ӨНГӨ ЭЗНЭЭСЭЭ
"Өгөөмөр гал” -ын уяачид.
Ажилч, хичээнгүй айлыг хүмүүс мэддэг. Зан сайтынд хүн цуглана гэдэг шиг зам зуур яваа хүмүүс уяан дээрх морьдыг хараад "Энэ Галаагийн уяа байна” хэмээн танимхайрдгийг нутгийн ах бидэнд хэлж байсан. Уяач Д.Галбадрахынх олон гэрээрээ буудаг, галын ахлагч гэдгээр тэгж нэрлэдэг аж. Хэзээний л нутаг усандаа танил, олны дунд эвтэй, чадах мэдэх бүхнээ харамгүй зааж, сургадаг, бусадтай бас арга туршлагаа хуваалцдаг алдарт уяачийн гал бусдад содон харагддаг аж. Энэ бас түүний ажилч, хичээнгүйг илтгэнэ. Аймагт морь айрагдахад тэрний морь гэхээсээ илүү "Өгөөмөр гал” гэж ярьдаг. Өгөөмөр галын морьд гэцгээдэг. "Тэгэхээр гал гэдэг сайхан нэршил. Гал гэдэг чинь хоорондоо эвтэй найртай, нэг санаатай, нэг зорилготой, хамт олон ч байж л гал болдог” хэмээн хуучилж байв.
Монгол адуунд унаанд сайн морь хэр олон байдаг юм бол хэмээн сонирхоход "Байгаа, хурдан морь, гоё морь, сайн морь, сайхан морь гэж байдаг. Сайхан морь болгон хурдан байхгүй. Ямар ч хүн харсан энэ их сайхан морь юмаа гэж дуу алдмаар морь ч байдаг. Сайхан алхдаг, толгой хаялдаг сайхан морь байна. Уналгаа эдэлгээнд чанартай, хаа ч явсан явгалахгүй сайн морь ч бий. Одоо морь, адууг эдлэх нь бага болжээ. Мотоцикль, машинаар малаа хариулаад явж байна. Манайх ёс заншлаа дээдэлдэг, мориор малаа хариулдаг. Хүүхдүүдээ ч үүнийг зааж сургадаг” хэмээн бусдад бас санаа авах олон сайхан зүйл хэлж байв.
ХҮҮГЭЭ ТҮРҮҮЛЖ ИРЭХЭД НЬ ТАНИАГҮЙ
Д.Галбадрахын эхнэр Ш.Мөнхжаргал Төв аймгийн Баянжаргалан суманд төрж, өссөн. Сумандаа наймдугаар анги төгсч, аймагт аравдугаар анги төгссөн. Худалдааны мэргэжлээр төгсч худалдагч хийж байгаад 2002 оноос нөхрөө дагаж хөдөө гарсан аж. Хөдөөний айл болоод 10 гаруй жил болж байна. Өмнө нь худалдаанд 10 гаруй жил ажиллажээ. Тэрээр "Уяач хүний эхнэр байх сайхан шүү дээ. Наадамд явна, наадам дөхөөд ирэхээр ажил ихтэй байдаг. Холын наадамд явбал адилхан нойртой, нойргүй хононо” хэмээн инээж суулаа. Зундаа морины 10 гаруй хүүхдэд 20-ын тогоогоор хоол хийгээд бужигнуулна. Морины ажил эхлэхээр нөхөр маань надад туслахтай манатай болно шүү дээ. Гэртээ ч ховор үзэгдэнэ. Зун хүүхдүүд амраад ирдэг болохоор бас гайгүй.
Манай бага хүү долоон настай морь унадаг, аймагт хязааланд түрүүлж байсан. Уралдаад түрүүлээд ирэхэд нь хүүгээ таниагүй. Ганцхан морь давхиад л байдаг. Хүүхэд нь малгайгаа буруу харуулаад өмсчихсөн болохоор таниагүй. Ийм хол явж байж юундаа морио гуяддаг байна аа гээд харсан чинь манай хүүхэд байсан. Тэгэхээр нь "Хүүе гуядаарай, гуядаарай" гэсэн чинь энэ хэд намайг шоолж байсан. "Би чинь нөхөртэйгөө Өмнөговь, Говь-Алтайн Цээл суманд морь уралдуулах гээд, арынх нь ажил албыг амжуулах гээд очиж байлаа. Замдаа олон хоног явахаар явдалдаа жаахан ядардаг юм билээ. Талдаа 2-3 хонож очсон. Ирж, очихтойгоо нийлээд 10 гаруй хоносон. Түүнээс хол газар нутаг үзээд явах сайхан. Бусад уяачийн гэр бүлтэй танилцаж, сайхан найзууд болдог. "Өгөөмөр гал”-д 10-аад айл байдаг. Бид нэг гэр бүл шиг л байдаг” хэмээн түүний гэргий хууч хөөрөх нь малчны хотонд өдөржин саатахад ч багадмаар санагдав.
Ийнхүү ажилч, хичээнгүй малчны хотонд зочилж, уран зураг мэт байгалийн сайханд саатаж, уяач айлын ажлын туршлага, уяа сойлго нь таарсан морьдын өнгө зүсийг харж, "Амьдралын тойрог”-тоо өнгө нэмэв. Ярих зүйл олон, ярих сэдэв хэдий сонирхолтой байлаа ч үд хэвийж бидний яриа өндөрлөж, хотын зүг хүлгийн жолоо залав. Хавар цагийн өнгө шар нартай хамт сүлэлдэж, малчны хотонд өвөлжөө тавлаг, сар шинэ айсуй, сайхан байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин