| |
АН-ын даргад нэр дэвшигчдийн зодоонтой сурталчилгаа Н.Алтанхуяг АТГ-т байцаалт өгснөөр өндөрлөв
Олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаад буй АН-ын даргын сонгууль явагдахад хоёрхон хоног үлдлээ. Ардчилсан намын даргад УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Ж.Батзандан, УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Л.Гантөмөр нар өрсөлдөж байгаа бөгөөд тэд сонгуулийн сурталчилгаагаа өчигдрөөр дуусгаж байгаа юм.
АН-ынхан өнгөрсөн 12 дугаар сард их хурлаа хуралдуулж дүрмээ шинэчилсэн бөгөөд намын даргаа бүх гишүүдийнхээ саналаар тодруулахаар тохиролцсон.Ээлжит сонгуульд удаа дараалан ялагдсан тэд өөрсдийн ялагдлын шалтгаанаа шинэчлэлээр залруулна хэмээн тохиролцож нэр бүхий таван гишүүнээ сонгуульд сойж, багцалсан сум гардуулж эвтэй найртай байхыг хүссэн билээ. Гэвч тэд хаа явсан газраа өрсөлдөгчийнхөө араас "хутга шааж" байсан бөгөөд улмаар тэр нь хэрүүл зодоондоо ч хүрсэн талаар эх сурвалжууд мэдээлж байв.
Тэгвэл өчигдөр сонгуулийн сурталчилгаа хаагдахтай зэрэгцэж намын даргад нэр дэвшигч Н.Алтанхуягийг АТГ-аас дуудаж байцаалт авав. Уг явдлыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Намайг намын дарга болчихно гэж байж байгаа юм байлгүй" хэмээн тайлбарласан бол түүнтэй намын даргад өрсөлдөж буй УИХ-ын гишүүн Ж.Батзандан АТГ-ын гадаа ирж санаа тавиад буцав. Түүнийг өмнө нь албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн хөрөнгө шамшигдуулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт байцаалт өгөхийг шаардаж байсан юм.
Ингээд намын даргын сонгуулийн сурталчилгаа хаагдаж, намын даргын сонгууль болоход хоёрхон өдөр дутуу байхад ийнхүү сонирхолтой үйл явдал өрнөлөө. Харин энэ үйл явдал нь намын даргын сонгуульд нөлөөлөх хэмжээний юу, үгүй юу гэдэг нь таашгүй юм. Ямартаа ч сонгууль нь хаяанд ирлээ. Үүнээс урьтаж нэгийгээ шоронд хийчихгүй бол нэр дэвшигчид бүгд л сонгуульд оролцох боломжтой байх. Ер нь шинэчлэл ярьж, шинэчлэл хийх гэж байгаа хүмүүс нь үнэхээр намаа шинэчилж чадах уу гэдэг л байна. Сонгуульд дараалан ялагдаж ард түмнээсээ хатуухан дүн авчихаад байхад л тэд бахь байдгаараа эрх мэдлийн төлөө тэмцэлдсэн хэвээрээ л байна. Намаа боддогүй, хүнээ боддоггүй тэдний нүдэнд эрх мэдэл, эд баялагаас өөр зүйл харагдахаа байжээ. Сүүлийн өдрүүдэд АН дотор дээр дооргүй шинэчлэл хийнэ гэж баахан цамнаж гарсан. Намын даргаа ҮЗХ-ны хурлаасаа сонгож чадахгүй болсон тэд аргаа барахдаа намын дүрмээ шинэчилж шинэ нам болохын тулд их хурлаасаа даргаа сонгоно гэж өөрсдийгөө болон ард түмнээ хуурсан. Аймаг, нийслэл тэргүүтэй 1210 төлөөлөгч сонгон авч их хурлаа хуралдуулж сүржин зураг авахуулахаас өөр үр дүнд хүрч чадаагүй. Шинэ дарга гарч ирсэн ч гэсэн энэ байдлыг өөрчилж чадна гэдэг юу л бол доо.
Б.Анир
zaluu.com