|
Видео

Шинэ мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ямар заалтууд тусгагдсан бэ

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ямар заалтууд тусгагдсан бэ

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг энэ сарын 15-ны дотор батлана хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд мэдэгдээд буй. Гэвч уг хууль нь Ерөнхийлөгчийн сонгуульд зөвхөн МАН-аас л хүн нэр дэвших эрхтэй болох нь гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү эсэргүүцээд байгаа юм.

Тэгвэл тус хууль УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн ярьж буй шиг МАН-д зориулсан хууль болоогүй гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдэгдэв.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг УИХ-ын гишүүн Н.Энхболд тэргүүтэй хэдэн гишүүн УИХ-ын даргад өргөн бариад байгаа юм.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль нь бие даасан хууль болж байна 

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль нь нэгдсэн  хуулиасаа салгагдаж, бие даасан хууль болж байгаагаараа онцлог аж. Уг хуулийг салгаснаар өнгөрсөн сонгуулиар гарч байсан шиг төөрч будилсан асуудал гарахгүй гэдгийг СЕХ-ныхон хэлж байгаа юм.

Мөн нэгдсэн хуулинд орхигдуулсан зүйл заалт цөөнгүй байсныг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар нэмж оруулж байна. Тодруулбал, сонгууль өгөх эрх бүхий иргэдийг орхигдуулсаныг энэхүү хуулийн төсөлд нэмж оруулжээ. Мөн батлан хамгаалах яамны шугамаар алба хааж байгаа алба хаагчдыг бүртгэхээр хуульчилсан. Түүнчлэн хилийн цэргийнхнийг бүртгэх эсэх нь тодорхойгүй байсан асуудлыг ч шийдсэн байна.

Сонгуулийн тов, санал авах өдрийг нэг тогтоолоор шийднэ

Нэгдсэн хуулиар Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг зарлах, санал авах өдрийг тогтоохын тулд хоёр тусдаа хуралддаг байжээ. Өөрөөр хэлбэл, УИХ хоёр удаа хуралдаж, нэг удаад нь товоо тогтоодог. Дахин хуралдаж санал авах өдрөө тогтоодог байсан аж. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар нэг тогтоолоор дээрх хоёр асуудлыг шийддэг байхаар өөрчлөлт оруулсан байна.

Сонгуулийн товыг УИХ гаргана

Сонгуулийн тухай хуулийг энэ сарын 15-ны дотор батлана гэж буй. Харин тов хэзээ гарах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал байдаг аж. УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлагдсаны дараа сонгуулиа товлох юм байна.

УИХ-д суудалтай нам Ерөнхийлөгчид хүнээ нэр дэвшүүлнэ

Ерөнхийлөгчид сонгуулийн тухай хуулинд бусдын шүүмжлээд байгаа шиг зөвхөн УИХ-ын гишүүн л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй гэсэн заалт огт байхгүйг албаны хүмүүс хэлж байна. Харин УИХ-д суудалтай нам Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх эрхтэй аж. Мөн намууд хамтарч, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож болно. Гэхдээ бие даагч гишүүн нэр дэвшсэн гишүүн парламентад суудалгүй намд элсээд тухайн намыг парламентад суудалтай нам болгож, улмаар хүнээ Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжгүй.

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхэм 45 нас хүрсэн байх ёстой

Хуулиндаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхэм 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан байх ёстой, Монгол Улсын уугуул иргэн байх ёстой гэж заажээ. Гэхдээ энэхүү заалт нь шинэ заалт биш. Нэгдсэн хуулиндаа ч ингэж заасан байдаг юм байна. Учир нь Үндсэн хуулинд заасан энэхүү заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд шууд оруулжээ.

Тов зарлагдсанаас хойш Ерөнхийлөгчийн сонгуульд өөрчлөлт оруулахыг хориглоно

Тов зарлагдсанаас хойш Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заалтыг тусгажээ. Учир нь 2016 оны УИХ-ын сонгуулийг ажигласан Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын эцсийн тайлан СЕХ-нд ирсэн байна. Уг тайланд сонгууль товлон зарласнаас хойш сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж байгаа нь буруу юм. Ийм учраас үүнийгээ засч хуучин хэвэнд нь оруулах хэрэгтэй гэсэн зөвлөмж өгчээ. Уг зөвлөмжийн дагуу сонгууль товлон зарласнаас хойш Ерөнхийлөгчийн сонгуульд өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн заалтыг оруулсан аж. 

Б.Анир

http://www.zaluu.com/read/e8ab9hcc

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler