|
Видео

Шинэ мэдээ

Су.Батболд: Зөвшилцөл амжилттай болбол Сонгуулийн тухай хуулийг арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө батлах боломжтой

УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Су.Батболдтой ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Уг хуулийн төслийн талаар танилцуулахгүй юу?

-Өнгөрсөн наймдугаар сард МАН-ын дарга М.Энхболд санаачлан Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудтай зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан юм. Бүх намын төлөөлөлтэй зөвлөлдсөн тав дахь уулзалт байлаа. Уг уулзалтаар Сонгуулийн тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар ярилцсан. Парламентад суудалтай болон суудалгүй намууд Сонгуулийн тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд ямар асуудлыг зайлшгүй шийдвэрлэх ёстой вэ гэдгийг хэлэлцсэн юм. Улмаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулан тэндээс гарсан тодорхой саналуудыг УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн. Уг саналыг үндэслэн МАН-ын болон ИЗНН, "Шударга ёс” эвслийн нэр бүхий гишүүд хуулийн төслийг өргөн барилаа. УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан Сонгуулийн тухай хууль боловсруулах ажлын хэсэг ажилласан. Ажлын хэсэгт хоёр жил шахуу ажиллахдаа Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой олон асуудлыг хуульд тусгасан. Гэхдээ зарчмын хэдэн асуудлаар би санал нийлээгүй. Санал нийлээгүй асуудлууд дээр хууль санаачилж өргөн барих маягаар явна гэдгээ ажлын хэсэгт мэдэгдэж байсан.

-Таны өргөн барьж буй хуулийн төсөлд ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?

-Үндсэндээ найман асуудлыг өргөн барьсан. Нэгдүгээрт, сонгуулийн автоматжуулсан системийг халж гараар тоолъё гэж байгаа. Хэсэгт санал тоолох ажиллагааг 22 цагт эхлүүлж санал тоолох төхөөрөмжөөс гарсан саналын дүнг дахин гараар тоолж баталгаажуулах саналтай байгаа юм. Ингэхдээ дэлгэц, видео камер ашиглан ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан ил тод, нээлттэй тоолно. Иргэд, сонгогчид автоматжуулсан тооллогын системд төдийлөн итгэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр ингэж өөрчлөх хэрэгтэй. Хоёрдугаарт, Сонгуулийн тойрог хэсгийн бүрэлдэхүүнд сонгуульд оролцож буй нам, эвслийн төлөөлөгчдийг оролцуулах хэрэгтэй гэж үзсэн. Учир нь одоогийн төрийн албан хаагчдын бүрэлдэхүүнийг нэг намын төлөөлөл бүрдүүлж байгаа. Тиймээс тойрог, хэсгийн бүрэлдэхүүнд сонгуульд оролцож байгаа нам, эвслийн төлөөллийг оролцуулах хэрэгтэй. Дараагийн бас нэг өөрчлөлт нь нам, эвсэл УИХ-ын сонгуульд 48-аас илүүгүй хүнийг тойрогт нэр дэвшүүлэх юм. Өөрөөр хэлбэл, нэг тойрог нэг мандат гэх зарчмаар явна гэсэн үг. Үлдсэн 28 нь нам, эвслийн жагсаалтаар нэр дэвших юм.

-Гадаадад байгаа иргэдийг сонгуульд хэрхэн оролцуулах талаар өөрчлөлт хийсэн гэсэн. Хилийн чанадад байгаа монголчууд саналаа цахимаар өгөх үү?

-Гадаадад байгаа иргэдийн саналыг цахимаар авах өөрчлөлт орууллаа. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад ажиллаж амьдарч байгаа хүмүүс анх удаа санал өгөх болсон. Ингэхдээ тухайн улсынхаа дипломат төлөөлөгчийн газарт өөрийн биеэр очиж саналаа өгч байсан. Сонгуульд ингэж оролцох нь хилийн чанадад амьдарч буй монголчуудад хүндрэлтэй. Хэрэв цахим хуудсаар дамжуулан саналаа өгвөл идэвх сайжрахаас гадна иргэдэд хялбар байх болно. Мөн Сонгуулийн тухай хууль, тогтоомжийг зөрчсөн этгээдэд тооцох хуулийн хариуцлагыг өндөржүүлье гэж байгаа. Тухайлбал, төрийн албан хаагч Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн нь тогтоогдвол тухайн хүнийг төрийн албанд ажиллах эрхгүйгээр ажлаас нь хална гэж хуулийн төсөлд тусгасан. Улс төрийн намын төлөөллөөс сонгуулийн зохион байгуулалтад оролцож байгаа хүн хууль зөрчвөл хөдөлмөрийн хөлсний хэмжээг 50 дахин нугалсантай тэнцэх мөнгөн торгууль оногдуулна гэж оруулсан.

-Маргаан шийдвэрлэх асуудлаар ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?

-2012 оны сонгуулийн дараа хэд, хэдэн маргаан гарсан шүү дээ. Тухайлбал, Өвөрхангайн тойрогт гарсан маргааныг Хан-Уул дүүргийн шүүхэд шийдэж байх жишээтэй. Үүнийг болих ёстой. Тухайн нутаг дэвсгэр дээр үүссэн маргааныг харьяа шүүх нь шийдэж байхаар өөрчлөлт оруулж байгаа. Мөн маргаан шийдвэрлэх хугацааг богиносгох нь зүйтэй гэх өөрчлөлт оруулж байна. Тойргийн хорооны шийдвэр хууль зөрчсөн эсэх маргааныг эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээдийн гомдол, нэхэмжлэлийг санал авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор тухайн нутаг дэвсгэрийн харьяалах захиргааны хэргийн шүүх хүлээн авч шийдвэрлэнэ гэж заасан. Хяналтын журмаар гаргасан гомдлыг захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүх 21 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ гэж хуулийн төсөлд тусгалаа.

-Сонгуулийн тогтолцоог өөрчлөх үү?

-Сонгуулийн хууль тогтоомжийн тухайд одоогийн тогтолцоог хэвээр хадгалах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Тогтолцоог байсхийгээд өөрчилнө гэдэг тийм сайн зүйл биш. Учир нь сонгуульд улс төрийн намууд оролцохоос гадна санал өгч байгаа иргэдийн эрхийн тухай асуудалтай холбогддог. Дөрвөн жил болоод л сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөн иргэд, сонгогчдод ойлгомжтой биш байх нь сайн хэрэг биш. Ядаж нэг тогтолцоогоор гурваас дөрвөн удаагийн сонгууль явуулж байж иргэд дасдаг.

-Өргөн барьж буй хуулийн төсөлд цаг хугацаанаас хамааралтай зайлшгүй оруулах өөрчлөлтийг багтаав уу. Эсвэл ийм хэмжээний нэмэлт, өөрчлөлт оруулахад хангалттай гэж үзэв үү?

-Сонгуулийн тухай хуулийн өмнөх өөрчлөлтүүдийг хараад байхад арванхоёрдугаар сар гаргаж байж буюу хугацаа тулсан үед батлагддаг онцлогтой. Энэ хууль олонхи хүч түрэн баталдаг хууль биш. Парламентад суудалтай болон суудалгүй намуудын улс төрийн зөвшилцлийн үр дүнд олонхийн хүслийг харгалзан баталдаг хууль. Хэрэв Сонгуулийн тухай хуулийг улс төрийн хүчин дангаараа батлах юм бол сонгууль хүчин төгөлдөр байх, үр дүнг хүлээн зөвшөөрөх асуудал дээр маргаан гардаг. Тиймээс кнопын олонхиор шийдэхгүй. Улс төрийн намуудын хоорондын зөвшилцөл нэлээн хүчтэй явагдаж байж батлагдана. Хэрэв зөвшилцөл амжилттай болбол арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө батлах боломжтой гэж үзэж байгаа.

-Одоогоор Сонгуулийн тухай хуулиар хэд, хэдэн хуулийн төсөл өргөн бариад байгаа шүү дээ?

-Хугацаа маш бага байгаа ч гэлээ олонхийн зөвшилцлийг л барина. Надаас гадна ажлын хэсгээс, "Шударга ёс” эвслээс хуулийн төсөл өргөн барьсан байгаа. Эдгээр хуулийг харгалзан үзээд дундын хувилбар гарган зөвшилцлийн үр дүнд Сонгуулийн тухай хуулиа баталж болно.

С.Алтанцэцэг

Эх сурвалж:

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler