| |
Зээлээс хуримтлалд шилжихэд төрийн бодлого хэрэгтэй
Цаг үрэлгүй, мөнгө хуримтлуулах амархан юм билээ. Ингэж хэлэх хүний тоо сүүлийн нэг жилийн хугацаанд нэмэгджээ. Учир нь Монгол орон даяар хэрэгжиж буй "Үндэсний хуримтлал”-ын хөтөлбөрт 44 мянга гаруй иргэн нэгдсэн гэх тоо бий.
Энэ нь үндэсний хуримтлалын түвшинг нэмэгдүүлж байна гэсэн үг. Мэдээж эдгээр иргэдийн ихэнх нь тодорхой хэмжээний хуримтлал үүсгэхдээ тодорхой хэмжээгээр эргэлзээ, тээнэгэлзэлтэй байсан биз. Үүнд хэд, хэдэн асуудал бий. Эхнийх нь тухайн хүний орлого хэр байгаа нь шалтгаална. Тодорхой хэмжээний орлого олдог хүн гэнэт түүнээсээ хэсэгхэнийг ч болтугай цааш хуримтлуулна гэдэг бараг л идэж, уух, өмсөх, зүүхээ хасах гэж байгаа мэт бодогдон шаналах нь бий.
Тэр ч байтугай хуримтлалгүй хүмүүсийн ихэнх нь "хэзээ үхнэ гэж хадгалах вэ”, "нүцгэн ирээд нүцгэн буцна” гэх сэтгэлгээгээр хандах нь цөөнгүй. Түүнчлэн тодорхой хэмжээний хуримтлал үүсгэхийн тулд заавал банк орох шаардлага гарч, түүнийгээ аваачиж орлого хийхэд банкны ажилтнууд ч нүд нь орой дээрээ гарах хэмжээнд хүртэл гайхахаар байсан. Гэхдээ одоо бол боломж нээлттэй болжээ.
Арваад жилийн өмнө урд хөршид очих үед банкны урт дугаарлалтыг хараад ихэд цочирдож байлаа. Яагаад тийм их дугаарлалттай байгааг асуухад "Хүн зөөдөг тэрэгчид хүртэл 50 мо ч байсан банкинд хийдэг. Тэгээд л ийм урт дараалал үүсдэг” хэмээн хамт явсан хүн маань тайлбарлаж өгсөн юм. Тэдэнд мөнгөө хадгална гэдэг хамгийн чухал асуудал. Түүгээр ч зогсохгүй илүүгээ түрийвчиндээ бус банкинд тодорхой хэмжээний хүүтэй хийх нь ашигтай гэж үздэг хэмээж байлаа.
Би ч тухайн үед мэргэн санаа байна хэмээн хэрэгжүүлэхийг зорилоо. Монголдоо ирээд 14 хоногт 5000 төгрөг банкинд хийхээр тооцож, хадгаламжийн данс нээлгэсэн. Эхний хоёр долоо хоногтоо мөнгөө хийж л орхилоо. Гэтэл гурав дахь удаад нь нөгөө банкны теллер эмэгтэй над учиргүй гайхангуй харж байна аа. Тэгэнгүүт би жаахан ичмэр аядаад. За яадаг юм бэ гэж бодоод өнгөрлөө. Дараагийн долоо хоногт мөн л ялаагүй. Нэлээд төвөгшөөсөн янзтай харилцаж байна. Уг нь өөр салбарт очих боломж байсан ч ажилтай ойрхон учраас би тэр л банкийг зориод байсан хэрэг. Ингээд л би гэдэг хүн хажууханд байдаг банкныхнаас ичсэн нэрэндээ хуримтлал үүсгэх гэсэн эхний санаагаа бүтэлгүйтүүлж орхив. Харин одоо бол хэн хэдэн төгрөгийн хуримтлал үүсгэж, хэзээ түүнийгээ хийх зэрэг нь хэнд хамааралгүй төдийгүй, заавал цаг зав шаардаж, банкны салбарт дугаарлах ч шаардлагагүй болжээ. Хэрвээ хэн нэгэн хуримтлал үүсгэхээр болсон бол захиалгат гүйлгээ ашиглах боломжтой. Тэгэхээр тухайн сарын хэдний өдөр гэдгээ гэрээндээ тусгаад өгчихвөл "ок” гэсэн үг. Энэ бол хуримтлал үүсгэхийг хүссэн хүнд хамгийн амар арга юм билээ. Харин банкны ажилтнуудын хувьд цөөн хэдэн төгрөгийг байнга аваачиж өгч буй хүнийг төвөгшөөх шаардлагагүй. Үндсэндээ мөнгө, цаг хугацаагаа хуримтлуулах амархан болчихсон.
Мэдээж иргэн ийн өөрт болон өөрсдийн ахуй, амьдралдаа санаа тавин хуримтлал үүсгэж байгаа үед улсаас тодорхой хэмжээгээр бодлогын зохицуулалт хийх нь чухал асуудал хэвээр байгаа. Уг нь Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт нь "Төгрөг” гэдэг боловч "ноён ногоон” монголчуудыг сөхрүүлэх магадлал өндөртэй валют болж хувирчихаад байна. Ам.доллараар худалдаа, гүйлгээ хийдэг байгууллага ч цөөнгүй байсаар байна. Энэ нь Монгол Улсын хуулийг илт зөрчиж буй хэрэг. Үүнийг хориглож, хуулийн хариуцлагыг цаг тухайд нь ногдуулж байвал хэнбугай ч төгрөгөөр л гүйлгээ хийдэг болно. Нэгэнтээ валютын тэр тусмаа долларын ханшийг барьж дийлэхгүй, ханшийн огцом өсөлт зэрэг нь иргэдийг төгрөгийн хадгаламж нээлгэхэд ихээхэн чөдөр болж байгаа нь судалгаагаар харагддаг. Өдгөө олон нийт төр засгийн удирдлагуудыг бодлогын алдаатай шийдвэр гаргадаг хэмээн буруутгасаар байгаа. Тэгвэл энэ алдааг тун энгийнээр засах боломж нээлттэй байгаа нь ч харагддаг.
Учир нь 1990-ээд оны дундуур Өмнөд Солонгост валютын ханшийн өсөлт гаарч, эдийн засаг нь хямарсан гэдэг. Тухайн үед төр, засгийнхан нь алтны нөөц бүрдүүлэх зорилгоор ард түмэндээ хандан уриалга гаргасан байна. Энэ нь бидний юм бол жишээ татах дуртай нөгөө "солонгосчууд алтан ээмэг, бөгж, гинжээ мултлан, улсдаа хандив өргөхөөр дугаарлан зогссон” гэдэг үе. Ингэж байж солонгосчууд ам.долларын ханшийг унагаж, дотоодын эдийн засгийн хямралаас гарсан. Тэдэнд ердөө нэг санааны төлөөх бодлого хэрэгтэй байсан төдийгүй иргэдийнх нь халуун сэтгэл ихээхэн нөлөө, дэм үзүүлсэн явдал.
Харин одоо манай улсад бол валютыг л аргамжих шаардлага байсаар байна. Хэрэвзээ ийн валютын тогтворжуулж чадвал иргэдийн төгрөгт итгэх, байгаагаа өсгөх боломж нээлттэй болсон энэ цагт үндэсний хуримтлал улам бүр нэмэгдэнэ. Бид өөрсдийгөө алтан дээр суусан гуйлгачин хэмээх нь цөөнгүй. Тэгвэл заавал тэр алт, зэсийг ухаж авч улсаараа баяжна хэмээн тэнгэр өөд ширтэж суухын оронд хийж, бүтээж байгаа иргэдийнхээ хуримтлалаар үндэсний эдийн засгаа аврах гарцыг нээх нь чухал.
Саяхан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ахмад настнуудад тэтгэврийн зээлийг урт хугацаагаар олгодог байдлыг дахин судлах талаар гишүүд хэлж байсан. Энэ нь тухайн үедээ олны дургүйцлийг хүргэж байсан. Гэхдээ тийн хэлж байсан гишүүдийнхээр бол ахмадууд ач, зээ үр хүүхдэдээ тэтгэврээ бөөнөөр нь зээлж авч, өгчихөөд өөрсдөө хоногийн хоолгүй үлдэх үе бишгүй байна хэмээж байв. Үнэхээр ч үр хүүхдийнхээ төлөө бүхний зориулдаг хөгшчүүдийн хувьд ийм нөхцөл үүсч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ тэтгэврийн зээлийг урт хугацаагаар олгохгүй байхыг анхаарахыг уламжлахын оронд валютын ханшийг тогтоон барих, эсвэл төгрөгийн хуримтлал үүсгэхэд бодлогоор дэмжлэг үзүүлэх нь нэн чухал. Нэгэнтээ хуримтлал үүсгэчихсэн тохиолдолд сургалтын төлбөр, аливаа баяр ёслол зэрэгт зээл гэж дуугарахын оронд хуримтлалын хугацаагаа харж, дэвтрээ нээдэг уламжлалтай болох болов уу.
Эх сурвалж: