| |
Хуримтлалд төгрөг илүү, илүү
"...Тамирын голын мөсийг долоох шахам олсон хэдийг минь хоёр гуравхан хулгана идчихлээ гэж үү...” хэмээн нэгэн кинон дээр гардаг Энэ цаг үед олсон хэдийгээ бор авдартаа дангинатал баадагнан хадгалдаг байж. Харин өдгөө өрнөөс өрөнд, цалингаас цалингийн хооронд урд хормойгоороо хойдохоо нөхөж амьдарч буй энэ цаг үед хуримтлал үүсгэх нь давашгүй даваа гэлцэх хүн олон. Хэдийгээр эдийн засаг хүндэрч иргэдийнхээ халаасыг тэмтэрсээр байгаа ч хүсвэл хадгаламжтай болох боломж байна. Хэрэв дундаж давхаргынхан хуримтлалтай, хүчтэй байж чадвал эдийн засаг бүхэлдээ сайжирна хэмээн эдийн засагчид хэлж байна.
ДУСЛЫГ ХУРААВАЛ ДАЛАЙ...
Хадгална гэдэг нь нэг талаар хэмнэнэ гэсэн үг. Тиймээс хэмнэх нь хуримтлалтай болохын эхлэл юм. Үнийн өсөлт, инфляцид дарлуулахгүй цээж тэнэгэр алхах боломж бүх хүнд бий. Тиймээс ч хуримтлалтай дундаж давхаргатай болохын төлөө Засгийн газар төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Хүмүүс мөнгөө аль болох хурдан өсгөхийг хичээдэг. Мөнгө өсгөх олон арга бий. Тухайлбал, банкинд мөнгөө хадгалуулах, хувьцаа худалдан авах, хувиараа бизнес эрхлэх, үл хөдлөх хөрөнгө худалдан авах хэлбэрүүдээр өсгөж болох юм. Хэрэв банкинд мөнгөө хадгалуулбал гурван төрлийн хадгаламжтай байх боломжтой. Тодруулбал, төгрөгийн болон валютын хадгаламж гэж бий. Түүнээс гадна алтны хадгаламж хэлбэрээр ч хадгалуулж болох юм.
Ихэнхи хүмүүс "Төгрөгийн хадгаламж” нээдэг бөгөөд энэ нь валютын болон алтны хадгаламжаас илүү өндөр хүүтэй , өгөөж нь тогтвортой байдаг. Түүнчлэн "Валютын хадгаламж” нь төгрөгийн хадгаламжаас хүү багатай аж. Хүмүүс төгрөгийн ханшийн уналтаас шалтгаалан валютын хадгаламж нээлгэх нь бий. Гэвч гадаад валютын ханш тогтмол өсдөггүй гэдгийг эдийн засагч Л.Оюун хэлж байлаа. Харин ”Алтны хадгаламж” алтны үнийн хэлбэлзлэлийг даган мөн адил өсч, буурдаг. Гэхдээ уг хадгаламжийн хүү төгрөгийнхөөс бага байдаг ажээ. Үүнээс гадна "хувьцаа”-наас мөнгө босгон хуримтлал үүсгэх боломж байгааг "Карьер майнинг” компанийн захирал Ж.Баяраа хэлж байлаа. Тэрээр арилжааны банкны хүүнд дарлуулж суухаар хөрөнгийн зах зээлээс хүүгүй мөнгө босгох хэрэгтэй гэсэн юм. Хувьцааны онцлог нь ханшийн өсөлт бууралтаас гадна хувьцаат компаниас ногдол ашиг авах боломжтой. Товчхондоо төгрөгийн хадгаламж хүүгээрээ тогтвортой, баталгаатай өсдөг бол бусад мөнгө өсгөх сонголтууд байнга өсөх баталгаа байдаггүй байна. Хэдийгээр баталгаагүй гэж буй ч урьдчилан тооцож чадвал төгрөгийн хадгаламжаас илүү ашиг олох боломж нээлттэй гэдгийг судлаач, эдийн засагчид хэлж байлаа.
ХУРИМТЛАЛ БАГААС ЭХЭЛНЭ
Мөнгөн хуримтлал үүсгэх боломж бүх хүнд нээлттэй. Харин хэдийд, хаанаас, хэрхэн эхлэх вэ гэдгээс бүх зүйл хамаарна. Нэгэн түүх сөхье. Миний найзыг П.Одонтуяа гэдэг. Тэрээр өдөр бүр мөнгөний гахайд 1000 төгрөг хийдэг юм. Түүнээс хадгаламжийнх нь талаар асуухад "2012 оноос хойш өдөр бүр 1000 төгрөг тогтмол хийж байсан. Үүн дээр нэмээд заримдаа 5000, 100, 500, 10, 20 төгрөгийг нэмсээр л байгаа. Одоогоор задалж үзээгүй” гэв. Зөвхөн өдөр бүр хийж байсан 1000 төгрөгөөр тооцвол 1185000 /нэг сая нэг зуун наян таван мянга/ төгрөгтэй болж. Уг нь энэ мөнгийг банкинд хадгалуулбал хүү өснө. Гэвч П.Одонтуяа банкинд өдөр бүр очиж 1000 төгрөгийн орлого хийнэ гэдэг худлаа гэж байв.
Дэлхийн хамгийн алдартай хөрөнгө оруулагч, хөрөнгө орлогоороо тэргүүлэгч Уоррен Баффет хүмүүст хандаж "Юуны өмнө хадгалаад, үлдсэн мөнгийг нь үрж бай” гэж хэлсэн байдаг. Хүн болгон сонссон байж болох ч хэрэгжүүлсэн нь хэд бол. Энэ нь хадгаламж, хуримтлал урт хугацаанд өгөөжтэй, хүүгээс хүү бодуулж авах нь ашигтай гэдгийг тооцож мэддэггүйтэй холбоотой байж болох юм. Жишээлбэл, 35 настай хүн өнөөдрөөс эхлэн хадгаламжиндаа өдөр бүр 2000 мянган төгрөг хийж эхэлвэл 10 жилийн дараа тэрээр 7300000 төгрөгтэй болно. Энэ нь жилд 730000 төгрөгийн хуримтлал бий болж буй хэрэг. Мэдээж үүнд хүү тооцно. Манай арилжааны банкны хадгаламжийн хүү дунджаар жилийнх нь 14.1 хувь байна. Тэгвэл хүү тооцсон хэмжээ нь жилдээ хүүнд 102930 төгрөг авч нийт 832930 төгрөгтэй болно. Харин 10 жилийн дараа 17593000 /арван долоон сая таван зуун ерэн гурван мянга/ төгрөгийн хадгаламжтай болох нь. Дуслыг хураавал далай, дуулсаныг хураавал эрдэм гэдэг энэ дээ.
Д.ОЮУНЧИМЭГ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин