| |
Нийслэлчүүд энэ ондоо орон сууцаа таван хувийн хүүтэйгээр авна
Энэ удаагийн "Сайдын цаг” уулзалтад Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож, ипотекийн зээлийн хүү таван хувь болгон бууруулсан асуудал болон ипотекийн зээлийн хуримтлал, түүнийг хэрхэн зарцуулах талаар мэдээллийг өглөө.
Нийгмийн даатгал, тэтгэврийн санд төвлөрүүлэх мөнгөний 30 хувийг шилжүүлжээ
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд ипотекийн зээл хэрэгжсэнээр 77 мянга орчим айл өрх орон сууцны зээлэнд хамрагдаж, зээлийн төлбөрийн үр дүнд бий болсон үнэт цаасаар баталгаажсан мөнгөн хуримтлалыг Монголын төрөөс ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн хүрээнд эргэлтэд оруулж, зээлийн хүүг буулгах ажлыг эхлүүлж байна. Төрөөс нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын сан дээр төвлөрүүлэх ёстой 10 гаруй их наядын төлбөр байгаа. Уг төлбөрийн 30 орчим хувь буюу 3 их наяд төгрөгийг өнгөрсөн долоо хоногт тэтгэврийн даатгалын санд шилжүүлсэн байна. Ингэснээр 20 гаруй жилийн туршид бодит мөнгөн хуримтлал бий болж чадаагүй нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын сан дээр албан ёсоор мөнгө байршиж байна гэж С.Эрдэнэ сайд онцлов.
Энэхүү мөнгөн хуримтлалыг ипотекийн зээлийг хүүг бууруулах замаар үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажилд зарцуулах шийдвэрийг засгийн газар гаргасан. Ингэснээр 2030 он хүртэл Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн дагуу уг сан ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг хариуцах үүрэгтэйгээр ажиллах боломж нээгдэж байгаа аж Тус сангийн мөнгөн хуримтлал зөвхөн ипотекийн зээлийн хөтөлбөрийг санхүүжүүлээд зогсохгүй өөр бусад улс оронд ашигтай томоохон хөтөлбөрүүдэд зарцуулагдах аж.
Орон сууцны зээлийн хүүг таван хувь болгох гэрээнд гарын үсэг зуржээ
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн дараах асуултад хариулт өгсөн юм.
-Ипотекийн зээлийн хүүг таван хувь руу оруулах нь багагүй эрсдлийг дагуулна гэж эдийн засагч, судлаачид мэдэгдэж шүүмжилж байна. Үүнд та ямар тайлбар хийх вэ?
-Өнөөдөр өмнөх онуудтай харьцуулахад инцляци буурч хоёр хувьтай боллоо. Энэ нь бодлогын хүүг бууруулах тааламжтай орчин болж байна гэсэн үг юм. Мөн гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх боломж байна. Тиймээс эхлээд шууд хөрөнгө оруулалтууд хараахан орж ирээгүй, улсын гүйцэтгэл 100 хувь гарч амжаагүй байгаа энэ үед 8 хувийг 5 руу шилжүүлэх үе шатыг хоёр хэсэгт ангилж байгаа юм. Эхний удаад алслагдсан дүүрэг, 21 аймагт баригдсан орон сууцны хөтөлбөрийг хамруулахаар тусгасан. Монголбанк, Сангийн яам, салбар яам, холбогдох мэргэжлийн байгууллагууд судалгаа хийж үзсэн. Ингээд "Хэрэгжих бүрэн боломжтой” гэж үзсэн учраас хамтарсан шийдвэр гаргаад байна. Дөнгөж сая Монголбанкны Ерөнхийлөгч, Засгийн газрыг төлөөлж миний бие, мөн арилжааны банкуудтай ипотекийн зээлийг үргэлжлүүлэх үйл ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
-Тэтгэврийн даатгалын сангийн ашгийн тооцоолол яаж гарсан бэ?
-Одоогоор бүрдээд байгаа хуримтлал 1,8 их наяд орчим төгрөг байна. Цаашид ипотекийн зээл авч байгаа иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр үр өгөөж нь нэмэгдэнэ. Хоёрдугаарт, жилдээ 250-300 тэрбум төгрөгийн хүүгийн орлого орж ирэх төлөвлөгөөтэй байна. Энэ нь тэтгэврийн даатгалын санд бодит орлого болно. Ер нь 2030 он гэхэд Тэтгэврийн даатгалын сангийн хуримтлал 8-9 их наяд орчим болно гэж тооцоолж байна.
-Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрлах орон сууцыг хэзээ таван хувйн зээлээр авч болох вэ?
-Улсын төсвийн гүйцэтгэл 100 хувь гараад, Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирээд, хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэр шийдэгдээд эхлэх юм бол төвийн дүүргүүд таван хувь руу шилжинэ. Энэ онд багтааж шийдэх зорилт тавьж байна.
-Хүүхдийн мөнгө, халамжийн мөнгө хэвийн олгогдож байгаа юу?
-Хүүхдийн мөнгө цаг хугацаандаа олгогдож байна. Халамжийн сангийн тухайд одонтой ээжүүдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, ахмадын тэтгэвэр, нийтийн тээврийн зардал багтдаг. Эдгээр нь бүгд хэвийн олгогдож байна. Бусад халамжийн үйлчилгээ үзүүлж байгаа төсөв бол аймаг нийслэлийн Засаг даргын багцад байдаг учир орон нутгийн эх үүсвэрээс бүрддэг юм.
-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах уу?
-Тэтгэврийн зээлийг нийгмийн хамгааллын салбартай холбох шаардлагагүй. Энэ бол манайд хамаагүй. Хувь хүн өөрөө тэтгэврээ барьцаалаад, арилжааны банкнаас зээл авч байгаа асуудал. Тэрнээс манайд хамаарал байхгүй. Ер нь энэ бол сайн зээл биш. Бусад улс оронд энэ зээлийг хар зээл гэдэг. Тэтгэврийг эрсдэлд орсон хүмүүст өгч байгаа тэтгэмж юм. Гэтэл энэ тэтгэмжээ барьцаалаад зээл авахаар эрсдэлд орно. Тиймээс тэтгэврийн зээлийг төрөөс дэмжээд байх зөв бодлого биш. Нөгөө талдаа тэтгэврийн зээлийг зохицуулсан хуультай болох ёстой.
Д.ЖАРГАЛ