| |
Ипотекийн зээл олголтоос хамаарч орон сууцны борлуулалт буурчээ
Монгол банкны захилгаар үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн "Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааны өнгөрөгч сарын үр дүнг өнөөдөр танилцууллаа.
Судалгаагаар өнгөрсөн 10-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.1 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.16 хувиар буурсан үзүүлэлт юм. Ерөнхий индексийг эхэн үетэй харьцуулахад 4.1 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.6 хувиар буурсан байна.
Харин үнийн индексийг шинэ, хуучин орон сууцаар ангилж үзвэл, Шинэ орон сууцны үнийн индекс 14.4 хувьтай гарчээ. Энэ нь өмнөх сараас төдийлөн өөрчлөгдөөгүй үзүүлэлт бөгөөд оны эхэн үетэй харьцуулахад 3.9 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.7 хуваарь буурсан үзүүлэлт аж. Хуучин орон сууцны үнийн индекс -7.3 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх сараас 0.3 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад 5.9 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 8.5 хувиар буурсан үзүүлэлт юм.
Орон сууцны үнийн
индексийг тооцон гаргахдаа зах зээлд нийлүүлэгдсэн 4891 орон сууцыг хамруулжээ.
Түүнчлэн энэ үеэр ипотекийн зээл олголтоос шалтгаалан орон сууцны худалдан авалт буурч байгааг "Тэнхлэг зууч” компанийн гүйцэтгэх захирал Д.Должинсүрэн хэллээ. Тэрбээр "Орон сууцны борлуулалт ипотекийн зээлээс ихээхэн хамааралтай байдаг. Сүүлийн үед зээл олголт бага байгаа учраас орон сууцны борлуулалтад шууд нөлөөлж байна. Өнгөрсөн 10 сарын борлуулалтын байдлыг өмнөх сартай нь харьцуулж үзэхэд 30 гаруй хувиар буураад байна” гэлээ.