| |
Орон сууц худалдаж авах чадвартай өрхийн тоо буурсаар байна
Сүүлийн жилүүдэд барилгын салбарт хийх хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж энэ хэрээр нийлүүлэлт огцом өссөн байгаа юм. Нөгөө талаар гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлийн зэрэг дэмжлэгүүдийн нөлөөгөөр худалдан авалт харьцангуй нэмэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор худалдан авах хэрэгцээ болон худалдан авах чадвартай өрхийн тоо 2018 оныг хүртэл жил дараалан буурхаар харагдаж байгаа юм. Тоон үзүүлэлтээс харвал нийлүүлэлтийн илүүдэл бий болсон дүр зурагтай харагдаж байгаа ч худалдан авах чадвартай өрхөөр тооцвол зах зээлд зарим талаар хомсдол гарсан гэж харж болохоор байгаа юм.
"Монголын барилгын үндэсний ассоциаци”-аас гаргасан судалгаагаар 2016 онд орон сууцны худалдан авах хэрэгцээтэй өрхийн тоо өмнөх оноос бараг хоёр дахин буурхаар байгаа юм. Улмаар 2017 он гэхэд 7.8 мянган өрх буюу энэ оны таамаглалаас тав дахин буурна гэж үзсэн байна. Харин 2018 онд энэ хэмжээ 12.5 мянган өрх болж бага зэрэг өснө гэсэн таамаглалыг гаргасан байгаа юм. Гэхдээ орон сууц худалдан авах чадвартай өрхийн тоо 2017-2018 онд ердөө 2.3-2.7 мянгаар хэмжигдэж магадгүй гэж судалгааны дүн харуулж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд шинэ орон сууцны 1 метр кв-ийн үнэ тавдугаар сарын мэдээллээр 2 сая 40 мянган төгрөг байсан гэж Тэнхлэг зууч компани мэдээлсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс зургаан хувиар буурсан үзүүлэлт юм. Тэгвэл сүүлд барилга.мн сэтгүүлээс гаргасан үл хөдлөх судалгааны тайланд орон сууцны үнийг хэрхэн тогтоосныг харвал судалгаанд шинэ орон сууцны үнийн ангилалыг тус бүрт нь тооцож өгсөн байгаа юм. Тухайлбал, хамгийн түгээмэл байгаа стандарт ангиллын орон сууцны дундаж үнэ 1 метр кв нь 1 сая 775 мянган төгрөг, харин стандартаас сайн ангилалд багтаж байгаа орон сууцны хувьд дундаж үнэ 2 сая 363 мянган төгрөг гэж үзжээ.
Харин сонирхолтой нь тансаг зэрэглэлийн орон сууцны 1 метр кв-ийн дундаж үнэ 4 сая 30 мянган төгрөг байна гэж тооцсон аж. Ерөнхийдөө орон сууцны ханш тасралтгүй буурсан хөдөлгөөнийг харуулсан байгаа юм.
Түүнчлэн олон улсын "Property magazine” сэтгүүлийн гаргасан 2016 оны нэгдүгээр улирлын байдлаарх судалгаагаар Монгол улс орон сууцны үнэ хамгийн их буурсан таван орны нэгээр нэрлэгдсэн байна. Уг судалгаанд тусгаснаар Монголд орон сууцны үнэ өмнөх оноос бараг 12 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Энэ нь ОХУ-ын араас хоёрт бичигдэх бууралт болж байгаа юм. Нийтдээ 45 орны улс орны мэдээллийг нэгтгэсэн уг тайлангаас харвал нэгдүгээр улиралд дэлхийн 31 улсад орон сууцны үнэ өссөн үзүүлэлттэй байгаа юм. Тэр дундаа Турк, Хятад, Швед, Руминд үнийн хэмжээ даруй 10 хувиас дээш хэмжээгээр өссөн байна.
Хятад улсад шинэ орон сууцны борлуулалт тавдугаар сард 33 хувиар өссөнөөр 117 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь он гарсаар хамгийн бага түвшинд хүрсэн байгаа юм. Тухайлбал, дөрөвдүгээр сард борлуулалт 63.5 хувиар өсч байсан, харин сарын өөрчлөлтийг харвал борлуулалт тавдугаар сард 2.6 хувиар буурсан гэж Хятадын статистикийн товчоо мэдээлсэн байна. Шинжээчид цаашид борлуулалтын эрч буурна гэсэн таамгыг гаргаж байсан ба борлуулалтын хувь хэмжээ энэ оны эхний хагаст 3.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Г.Хулан