|
Видео

Шинэ мэдээ

Оффшорын хууль батлагдвал ХОМ гаргагч 38900 албан хаагч хамрагдана

Оффшорын хууль батлагдвал ХОМ гаргагч 38900 албан хаагч хамрагдана

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар "Оффшорын хууль" гэгдэж буй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж төрийн дээд албан тушаалтан оффшор бүсэд данс нээлгэх тухай хуулийн төслийн зүйл заалтууд нь түүхий, Монголын хөрсөнд буухааргүй байна хэмээн шүүмжиллээ.

Тэрээр "Оффшор данс эзэмших тухай бие даасан хууль гаргаж ирсэн. Гэхдээ ийм байдлаар цааш асуудал явахгүй. Эхлээд энэ оффшор бүс гэдгийг ойлго. Оффшор бүс гэдэг бол Монгол байтугай хүн төрөлхтний гар хүрэхээргүй газар авч нуудаг. Гэтэл Монголын хуулийн байгууллага Буянт-Ухаа, Алтанбулагаар дуусна. Оффшорын алтан зарчим мэдээлэл гаргаж өгөх. Гэтэл манай улс зөвхөн 15 улстай туслалцааны гэрээтэй. Туслалцааны гэрээгүй улсууд тэр тусмаа оффшор бүстэй улсууд мэдээллээ гаргаж өгөхгүй. Ямар ч улс төрч оффшорт данс нээж үйл ажиллагаа явуулдаггүй. Дандаа ойр тойрны хүнийхээ нэр дээр нээлгэдэг. Хуулийн төслөөс харахад гэр бүлийнхээ нэр дээр данс нээлгэж болно гэдгийг бараг зөвшөөрсөн утгатай байна" гэдгийг шүүмжиллээ.  Харин хөрөнгө санхүү захиран зарцуулдгаас эхлээд мөнгө завших магадлалтай албан тушаалтныг салган авч үзэх нь зүйтэй" гэсэн юм. 

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан хуулийн төслийг хойшлуулах, дахин бодож нягтлах гэсээр цаг алдаж болохгүй, одоо хэлэлцээд нэг тийш нь болгох нь зүйтэй. Төрийн өндөр алба хашиж буй хүмүүс гадна нуусан хөрөнгө мөнгөө оруулж ирвэл өршөөх, ил тод байдлын тухай хуульд хамруулах заалтыг төсөлд нэмж тусгахад болохгүй зүйлгүй гэсэн саналтай байгаагаа хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан манай улсад орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын 80-аад хувь нь оффшор бүсээс орж ирдэг гэсэн баримт байдаг тул болгоомжтой хандаж, гадны хөрөнгө оруулалтад муугаар нөлөөлөхгүй байхад анхаарах нь чухал гэлээ.

Байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Л.Энхболд танилцуулсан юм. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар ажлын хэсэг гишүүдээс гаргасан саналыг төсөлд аль болохоор тусгаж чамбайруулах чиглэлээр олон талаас нь харж нухацтай хандсан. Мөн УИХ-ын Тамгын газарт захиалга өгч судалгаа хийлгэн 10 гаруй улсын туршлага, жишигтэй танилцсан. Судалгаанаас үзэхэд Европын ихэнх орнууд гадаадад данс эзэмшихтэй холбоотой асуудлыг ил тод байдлын тухай хуулиараа зохицуулсан байдаг. Үүнд холбогдох албан тушаалтнуудын жагсаалт гаргасан байх бөгөөд тэдгээр албан тушаалтнууд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, данс, хөрөнгөтэй холбоотой мэдээллийг ил тод бүртгэж, мэдээлдэг байна. Иймээс ажлын хэсэг хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 38900 төрийн албан хаагчийн тоог хумих замаар гадаадад данс эзэмшихийг хориглох албан тушаалтнуудын жагсаалтыг Хууль зүйн байнгын хороо гаргадаг байх нь зүйтэй гэж үзсэн гэдгийг хэллээ. 

Оффшор гэхээр татвараас зугтдаг, мэдээлэл нууц гэж ерөнхий ойлгодог. Гэтэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ийм бүс хэд хэд бий. Олон бизнесийн байгууллага ч энд данс нээдэг. Тэгэхээр хавтгай хориглох биш бүс нутгаар нь ангилах шаардлага байгааг гишүүд хөндсөн юм. Хуулийн төсөлд хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч 38900 албан хаагчдыг хамруулахаар тусгажээ. Гэтэл бүгдийг хавтгайгаар нь багтаах учир дутагдалтай. Оффшор данс гэдгээ ялгаж салгаж ойлгох хэрэгтэйг гишүүд хэлэв.

Гадаадын банкинд данстай байж болохгүй гээд ерөнхий заалт байж болохгүй. Цэвэр хөдөлмөрөөрөө хөрөнгө олж хууль ёсны банкинд хадгалуулсан хүмүүсийн эрх ашиг хөндөгдөнө. Дээр нь оффшор бүс дэлхий дээр хэд хэдэн янз бий. Панамаас эхлээд мэдээлэл нь нууц, татвар төлдөггүй нэг хэсэг байхад бүх мэдээлэл нь ил тод, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг банк ч байгаа. Тэгэхээр хаана нь хадгалж болохгүй, хаана нь болох гээд зааг ялгаа гаргах хэрэгтэйг гишүүд хөндлөө. 

Ингээд оффшор данстай холбоотой хуулийн төслийг дахин судлах нь зүйтэй гэж үзээд хуулийн төслийг ажлын хэсэгт буцааж дахин чамбайруулах долоо хоногийн хугацаа өглөө.

У.Маргад
Эх сурвалж: Breakingnews.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler