| |
УИХ-ын гишүүн Г.Уянга мэдээлэл хийлээ
УИХ-ын гишүүн Г.Уянга цаг үеийн асуудалтай холбогдуулан өнөөдөр /2016.05.16/ хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрээр өнгөрөгч долоо хоногт олны анхаарлыг татсан оффшор дансны асуудлыг цэгцлэх хуулийн гурван төсөл санаачлан боловсруулснаа мэдэгдлээ. Тодруулбал, Гадаад дахь банк, санхүүгийн данс болон үл хөдлөх эд хөрөнгийн тухай, Оффшор данс, оффшор компаниудын ил тод байдлын тухай болон Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг энэ долоо хоногт Засгийн газарт хүргүүлэхээр зэхэж буй гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдээлсэн юм.
УИХ-ын гишүүн Г.Уянга хэлэхдээ, "Гадаад дахь банк, санхүүгийн данс болон үл хөдлөх эд хөрөнгийн тухай хууль нь гурван бүлэг, долоон зүйлтэй бөгөөд төрийн албан хаагчид, албан тушаалтнууд гадаад дахь хөрөнгө орлогоо сайн дураар ил болгох, хөрөнгө орлогын эх үүсвэрээ тайлбарлах, зэргийг зохицуулахаар тусгасан. Уг хуультай холбоотойгоор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаарлагатай болох юм. Мөн Оффшор данс, оффшор компаниудын ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулсан. Энэ хуулиар мөн төрийн албан хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүдийн 3 сарын хугацаанд гадаадад буй үх төрлийн данс, үл хөдлөх хөрөнгөө ил болгох, заасан хугацаанд зохих мэдүүлгээ өгөөгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгасан” гэв.
Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн Г.Уянгын зөвлөх Х.Батсуурь байлцлаа. Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.