| |
Ж.Баасандаш: Арга барилаа өөрчлөхгүйгээр АН шинэчлэгдэхгүй
Ч.ҮЛ-ОЛДОХ
Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, эдийн засагч, судлаач Ж.Баасандашийг "Ярилцах цаг” булангийн зочноор урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ардчилсан хувьсгалын анхдагчид, АН-ыг үүсгэн байгуулагчид саяхан болсон ҮЗХ-ны 48 дугаар хуралдтөлөөлөл оролцуулах санал тавьсан ч цоожтой хаалганы гадна үлдсэн гэсэн. Үйл явдлын эргэн тойронд таямар дүгнэлт хийж байгаа вэ?
-АН-ыг үүсгэн байгуулагчдын холбоо нь бие даасан, олон нийтийн байгууллага юм. Ардчилсан намыг үүсгэн байгуулагч гэдэг маань 1990 онд байгуулагдсан дөрвөн улс төрийн хүчин, 1992 онд бий болсон МҮАН, тэднийг нэгтгэн 2000 онд АН-ыг үүсгэн байгуулсан ийм үе үеийн хүмүүсийн нэгдэл юм. Бид залуучууддаа нээлттэй. Одоогийн залуус бол тэр үеийн ардчиллыг үүсгэн байгуулалцсан хүмүүсийн үргэлжлэл шүү дээ. Тэгэхээр өнөөдөр АН-ыг үүсгэн байгуулагчид дандаа ахмад хүмүүс гэж яриад буй ойлголт буруу юм. Нөгөө талаар, бид намын ҮЗХ-д төлөөллөө оролцуулъя, тэнд үгээ хэлье гэж намын удирдлагууд, хурлын бэлтгэл ажлыг хариуцсан хүмүүстэй олон удаа ярьсан. Хамгийн сүүлд ҮЗХ-ны хурал болохын өмнөх өдөр хурал зохион байгуулагчдын нэг, ямар ч байсан намын тамга хадгалж байгаа хүний хувьд Д.Эрдэнэбат даргатай уулзаж, хоёр хүн үг хэлье гэж тохирсон. Д.Эрдэнэбат "Маргааш хариу өгье” гэсэн. Маргааш нь хүлээгээд байдаггүй. Хурал эхэлтэл хүлээсэн ч хариу өгөөгүй. ҮЗХ өөрийн дотоод дэгтэй. Дээр нь Төрийн ордонд хуралдсан учраас тийшээ нэвтрэх журам гэж бий. Бид тогтсон дэг журмыг эвдэж жагсаал хийгээд юм уу, дайрч орох байдлаар асуудалд хандах нь зохимжгүй гэж үзэж хүлээлтийн байдалтай өнгөрсөн.
-Үг хэлүүлэхгүй болсон шалтгаан нь юу байв?
-Гашуун үг сонсч магадгүй гэж бодсоных болов уу. Бид урьдчилаад үгээ бэлтгэчихсэн байсан юм. Бидний үгийг хэлүүлээгүйг мэдсэн хэвлэлийнхэн холбогдож, зарим нь иш татаж, зарим нь бидний хэлэхээр бэлтгэсэн үгийг бүрэн эхээр нь тавьсан байна лээ. ҮЗХ-ны хурлын хувьд нэгдүгээрт, олон түмнээс, нийт гишүүдээсээ зугтаж, төрийн тусгай хамгаалалттай газрыг ашиглаж, буутай цагдаагаар бүслүүлсэн маягтай болж өнгөрлөө. Тийшээ хэн ч ойртож, орж чадахгүй шүү дээ. Тийм байдлаар хурлаа хийж байна. ҮЗХ-ны бүтэц бүрэлдэхүүн гэж бий. Тэр нь дандаа албан тушаалаар ҮЗХ-ны гишүүн болдог. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, сайд, дарга, аймгийн Засаг дарга нар. Дор хаяж орон нутгаас сонгогдоход аймгийн ИТХ-ын төлөөлөгч, эсвэл сумын АН-ын дарга байх жишээтэй. Үүнийг манай АН-ын үүсгэн байгуулагчдын холбоо зөвшөөрөхгүй байгаа. ҮЗХ дарга нарын байгууллага байх ёсгүй. Намын нийт гишүүд, олон түмний төлөөлөл байх учиртай. Энэ нь АН-ын ҮЗХ-ны нэг дутагдал юм.
-ҮЗХ-оор ярьсан асуудлуудыг та юу гэж харж байна?
-Бидний хүсч байсан асуудлуудыг огт ярьсангүй. Жишээлбэл, өнгөрсөн сонгуульд ямар дүгнэлт хийж байна вэ гэдгийг хурлын явцаас ажиглахад өрсөлдөгч хүчний хар пиараас хамаарлаа, МАН сонгуульд их хөрөнгө хаяж, мөнгөөр худалдаж авлаа гэх юм уу, эсвэл манай намын дүрэм шударга явахад саад тээг боллоо, бид дүрмээ сайжруулах ёстой гэх мэтээр ярьж байна. Бидний үзэж байгаагаар АН 2016 оны УИХ-ын болоод орон нутгийн сонгуульд ялагдсан гол шалтгаан нь гадны хүчнээс биш бидний өөрсдийн арчаагүй, буруу, үр өгөөжгүй үйл ажиллагаанаас хамаарсан.
-Тухайлбал?
-Сонгогч олон түмэндээ хүрч чадаагүй. Намын хамт олон дарга нарын байгууллага болж хувирсан. Жирийн гишүүдээсээ тасарсан. Нам өөрийн эх биеэс тасарсан. Тэнд сууж байдаг, өөрсдийгөө их юм мэддэг гэж бодсон, жирийн гишүүдийнхээ дэмжлэгээр гарч ирж тэнд УИХ-ын гишүүн болсон хэдэн хүн сансрын нисгэгч, улсын баатрууд юм шиг үзсэн, энэ үйл ажиллагаанаас хамаарсан гэж бид үзэж байгаа. Тийм учраас энэ ҮЗХ нэгдүгээрт, сонгуулийнхаа ялагдалд бодитой дүгнэлт хийж чадсангүй. Хоёрдугаарт, ҮЗХ-ны хурал болохоос өмнө зарлагдаад байсан, Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах санал өгсөн хүмүүсийг хэлэлцэж намаас хөөнө ч гэх шиг юм ярьсан. Би хувьдаа тэр гишүүд намаас хөөгдөх биш харин ч намаас шагнал авах ёстой улс гэж харж байгаа. Яагаад гэвэл, Н.Алтанхуягийн Засгийн газар өөдтэй ажиллаагүй. Эрх мэдлээ ашиглаж янз бүрийн бизнес хийж олон түмэнд нэр хүндээ барсан учраас Засгийн газар нь огцорсон. УИХ-ын гишүүд дотор ч иймэрхүү нөхөд зөндөө бий. Би энд цөөнх болохын өмнөх үеийг ярьж байна. Их хурлын тэдгээр гишүүд, Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүстэй сонгуулийн ялагдлын хариуцлагыг тооцох ёстой. Гэтэл намын дарга нь Их хурлын нэг гишүүнд тамгаа өгчихөөд өөрийн сайн дураар яваад өгчихсөн. Намын тамгыг Д.Эрдэнэбатад шилжүүл гэдэг ямар ч шийдвэр намын байгууллагаас гараагүй. Сайн дураараа хүнд тамгаа өгчихөөд нуруугаа үүрээд алхаж байдаг. Тэгсэн атлаа намынхаа ҮЗХ-ны хуралд З.Энхболд ч, Ч.Сайханбилэг ч, хамаг будлианыг тарьсан С.Баярцогт ч, Н.Алтанхуяг нь ч ирээгүй. Бүгд өөрсдийн нь талаар хариуцлага яригдана гэж үзэж болгоомжилсон байх. Тэгээд гарц нь болохоор ҮЗХ-ны гишүүн хүн өөрийнх нь тухай яригдахад байхгүй бол болохгүй. Байхгүй учраас өнөөдөр энэ тухай ярих хэрэггүй гэсэн ийм манаас, хамгаалалт хийж байгаа юм болов уу.
-ҮЗХ-ны хурлаас дараагийн намын дарга сонгогдтол З.Энхболд намыг удирдаж авч явах ёстой гэсэншийдвэр гаргасан. Энэ зөв үү?
-З.Энхболд намын их хурлаас биш ҮЗХ-ны хурлын шийдвэрээр сонгогдсон дарга. Тиймээс бүрэн эрх нь намын их хурлаар баталгаажаагүй. Нөгөө талаас, ҮЗХ намын даргын түр орлон гүйцэтгэгчийг томилох эрхтэй. Энэ утгаараа З.Энхболд хэрэв намын дарга нь үнэн юм бол тамгаа дур мэдэн бусдад шилжүүлэх нь зохимжгүй.Иймд түүнийг Их хурал хүртэл ачаагаа үүр гэсэн болов уу. Энэ шийдвэрт гаргалгаа нь зөв байсан гэж харж байна. З.Энхболд намын их хурал хүртэл яваад тэндээс хариуцлага хүлээдэг бол хүлээж, шагнуулах бол шагнуулаад гарах ёстой. Тиймээс өнөөдөр завсрын хүнд хамаг ачаагаа үүрүүлчихээд хариуцлагаас зугтаах хэлбэрээ больж байгаа нь сайн хэрэг.
-Намын даргын тухайд, 5-6 хүний нэр гарч байгаа. Хэн нь АН-ыг даргалж чадах вэ?
-Хэд хэдэн хүний нэр гарсан сурагтай.Зарим нь өөрөө нэрээ дэвшүүлж байгаа юм гэсэн. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Иймд 18 нас хүрсэн, ухаан солиотой биш гэдэг нь эмнэлгээр тогтоогдсон хэн ч намын даргад нэр дэвших эрхтэй. Одоо сонсоод байхад нам доторх улс төрийн бүлэглэлүүд хоорондоо үгсэн тохирч, цөөхөн хүн дээр саналаа төвлөрүүлж явах юм гэнэ гэсэн яриа дуулдаад байгаа. Жишээ нь, Л.Болд, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар албан ёсоор нэр дэвших бололтой гэсэн мэдээлэл дуулдсан. Тэр бол тухайн нэр дэвшиж байгаа хүмүүсийн хувийн менежмент. Хэнтэйгээ үгсэж хуйвалдана, өөрөө бор зүрхээрээ явна уу. Ямар ч байсан ирэх сард болох Их хурлаар АН даргатай болж чадахгүй.
-Яагаад?
-ҮЗХ-ны ярьж тохирсноор бол марафон явуулж даргаа тодруулна гэж байгаа. Тэгэхээр 330 "бойнг” нисгэж байж арваадхан хоногт бүх суманд хүрч, нийт гишүүддээ хүрч очихгүй юм бол цас зудны байдлыг харсан ч, цаг хугацааны хувьд ч боломжгүй. Тиймээс манайхан Цагаан сараас өмнө намын даргатай болох болов уу гэж ярьж байгаа. Энэ нэг зүйл. Нөгөө зүйл нь одоогийн ҮЗХ-ны дүрэм, ажиллах загвар маань шалгарсан коммунист загвар явж байгаа. Өөрөөр хэлбэл, эрх мэдлийг хамгийн их төвлөрөл манай нам дотор байна. Дарга нар л эрх мэдэлтэй, шийдвэр гаргах бололцоотой. Сонгогдож, эрх мэдэл авч байдаг. Энэ сонгодог коммунизмын шилдэг арга. Жинхэнэ ардчилалд шилжинэ гэвэл тэр төвлөрлийг задлах ёстой. Хууль тогтоох, Гүйцэтгэх засаглалын хувьд ч ялгаагүй. АН-д өөрт нь ч ялгаагүй, гол эрх мэдэл олон түмэнд байх ёстой. АН эрх мэдлийн төвлөрөлд автагдчихаад байна. Зүй нь АН бүх эрх мэдлээ анхан шатны нэгждээ шилжүүлэх ёстой. Шийдвэрийг олон түмнээс, нийт гишүүдээс гарч ирсэн загвар дээр ярьж байж зөв болно.
-АН ҮЗХ-ны хурлаараа хоёр ажлын хэсэг байгуулсан. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Намын их хуралд бэлтгэх, үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах гэсэн хоёр ажлын хэсэг гаргасан нь зүйтэй. Гэхдээ намаас баримтлах бодлогын баримт бичиг гэсэн баахан цаас ҮЗХ-ны гишүүдэд тарааж өөрийгөө рекламдсан үйл ажиллагаа нэлээдгүй явсан. Тэр нь тухайн хурлаар хэлэлцэх асуудал биш байсан учраас энэ үйлдэл нь намын даргад өрсөлдөх хүмүүсийн өөрийгөө харуулах гэсэн шоу болсон байх. Яагаад гэвэл, ҮЗХ-ны хурлаар дүрмийн төслийг яриагүй, намын хэтийн бодлого, үзэл баримтлалын тухайд юу ч яриагүй. Бас нэг асуудал нь ҮЗХ жил бүр гишүүдийн дөрөвний нэгээр ротаци хийж шинэчлэгдэж байх дүрэмтэй байсан. Ротацийн тэр дүрмийг бодлогоор үгүй болгож, шинэчлэл хийж цусаа сэлбэлгүйгээр хуралдаж байгаа нь буруу. Цус сэлбэлт гэдэг нь хөрөнгө мөнгөтэй бүлэглэлийн төлөөллийг аль болох намын ҮЗХ-д оруулж суулгах ийм бодлогод захирагдсан хэлбэрээр өнгөрсөн дөрвөн жил явж ирлээ. Энэ утгаараа манай ҮЗХ намын жирийн олон мянган гишүүдийн эрх ашгийн илэрхийлэл, тэдний сонголт биш байсан учраас хуулийн чадамжгүй, эрх зүйн хувьд хүчин төгөлдөр биш юм. Тиймээс бидний барьж ирсэн байр суурь бол одоогийн ҮЗХ нь Их хурлаа товлоод баталгаажуулчих, хоёрдугаарт Их хуралд бэлтгэх ажлын хэсгийг тусад нь томилж бүрэлдэхүүнийг нь батал, өөр юм ярих эрх зүйн чадамжтай субьект биш учраас дээрх хоёр зүйлийг хийчихээд өөрсдөө сайн дураараа тарах ёстой гэж үзэж байсан. Гэтэл тарах байтугай нэлээн бэхжээд хурал дуусах шиг боллоо.
-АН шинэчлэл ярьж байгаа. Шинэчлэгдэж чадах болов уу?
-Ямартай ч энэ удаагийн ҮЗХ нь одоо байгаа цөөнх буюу хэсэг бүлгийн эрх ашгийг төлөөлсөн нөлөөгөө улам батжуулж, цаашдаа АН-ын үйл ажиллагааг өнгөрсөн дөрвөн жилийнхээ арга хэлбэр, механизмаар цаашдаа үргэлжлүүлж явах ийм шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Ийм байдлаар АН шинэчлэгдэхгүй. Шинэчлэлийн ач холбогдол бол намын хүрээгээр хязгаарлагдахгүй төрийн бодлого, Монголын ардчиллын хувь заяанд хамаатай. Алдагдсан төрийн бодлого, ард түмнийхээ эрх ашгаар тоглоом наадам хийсэн төрийн тогтолцоог цаашид яаж өөрчлөх вэ. Энд одоогийн АН арга хэмжээ авч чадахгүй юм байна. Хуучин хэлбэрээр, өмнөх механизмаа барих гэж байгаа юм байна гэсэн дүгнэлтийг бид хийж байна. Тиймээс манай АН-ыг үүсгэн байгуулагчдын холбоо АН-ыг ийм арчаагаа алдсан, хуучинтайгаа зууралдсан, хувийнхаа эрх ашгийг гүйцэлдүүлэхийн төлөө явсан байдлаас салж чадахгүй гэж үзсэн учраас өөр аргаар шинэчлэлийг хийх ёстой гэж үзэж байгаа.
-Тэр нь юу билээ?
-Тэр бол Онц их хурал хуралдуулах юм.
-Яагаад тэгж онцлох ёстой гэж?
-Намын Онц их хурал бол намын хуучин дүрмийн хүрээнд захирагддаггүй. Өөрөө өөрийнхөө үйл ажиллагааны журмыг тогтоож, бодлогоо аваад явдаг. Хэрэв, зүгээр ээлжит их хурал хийнэ гэвэл одоо үйлчилж байгаа үндсэн дүрмийн хүрээнд ажиллагаа нь явна гэсэн үг. Ийм байдлаар өнөөдөр нам шинэчлэгдэж чадахгүй гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Тиймээс намын их хурлыг Онц их хурал болгон зарлан хуралдуулах ёстой. Үүнийг бид шаардаж байгаа.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин