| |
Улстөрчид, хуулийнхан С.Зориг агсны үхлээр 18 жил шоудчихаад ядарсан иргэддээ хэрэг үүрүүлэх гэж үү?
Тэртээ 18 жилийн өмнө бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн С.Зориг агсныг яагаад юунаас болж хөнөөсөн бэ гэх хэргийн шүүх хурал ирэх сард болох гэж байна. Хэдийгээр олон жилийн дараа эл хэргийн гэмт этгээдүүдийг тогтоосон нь сайшаалтай ч нөгөө талаараа баригдсан гэх гурван этгээд талийгаачийн амь насыг үнэхээр хөнөөсөн нь мөн үү гэх хардлага нийгэмд давалгаалж буй. Ийн хэлэхийн учир нь хэрэгт холбогдож хэдэн жилийн ял авахаа ч мэдэхгүй байгаа Орхон аймгийн харьяа Т.Чимгээ, Содномдаржаа нар яагаад юуны учраас С.Зориг агсныг хөнөөнө гэж хэлж буй юм.
Хэрвээ уншигчид санаж буй бол эл хэрэг гарсны дараа талийгаачийн эхнэр Б.Булганы өгсөн мэдүүлгээс үүдэж Батаа, Оюунаа гэх нэртэй 200 гаруй хүнийг ээлж дараалан шалгаад зогсохгүй аман зураг гарган улс орон даяар эрэн сурвалжилж байсан.
Гэтэл яагаад Батаа, Оюунаа нар биш зүгээр нэг жирийн ядарсан иргэд энэ "том” хэргийг үйлдсэн болох гээд байгаа нь хачирхалтай. Хэрвээ үнэхээр малчин, ногоочин хоёр С.Зориг агсныг хөнөөсөн юм бол энэ олон жилийн хугацаанд яагаад хуулийнхан мэдээгүй явсан юм бол гэдэг асуулт урган гарч ирнэ.
Түүнчлэн талийгаачийн хэрэгт Франц улсад амьдарч байсан Д.Энхбатыг гэрчийн мэдүүлэг авах нэрийдлээр монголд авчирч, түүнийг удаан хорьсны эцэст тэрээр шоронд нас барж байсан билээ. Мөн талийгаачийн хэрэг дээр ажиллаж байсан олон хүн нас барж байсныг хэвлэлүүд олонтаа бичиж байсан удаатай. Хамгийн гол нь амиа алдсан хүмүүс бүгд ямар нэгэн байдлаар талийгаачийн хэрэгтэй холбогдсноос болж цаг бусаар энэ хорвоогоос хальсан гэж олон ч хүн ярьдаг юм. Тиймээ л энэ хэргийн жинхэнэ эзэд нь малчин, ногоочин хоёр мөн үү гэсэн асуулт одоог хүртэл байна. Угтаа бол энэ хэрэг улс төрийн аллага мөн ч бай, биш ч бай хамаагүй, харин улс төрийн ашиг хонжоо олох арга хэрэгсэл болсоор байгааг ард түмэн нүдээрээ харж, чихээрээ сонсож байна. Хамгийн гол нь манай хууль хяналтынхан бүтэн 16 жил энэ хэргийн хойноос мөрдөж шалгачихаад ядарсан иргэдээр туг тахих гэж байгаад олон нийт гайхсан хэрэг.
байгууллагынхан хэргийг илрүүлэх бус хэн нэгэнд үүрүүлэх гэсэн процесс явагдаж байна
Эл хэргийг шалгах явцад төрийн нууцтай холбоотой мэдээ, баримт авагдсан учраас төрийн нууцад хамааруулан шалгаж байгаа тул хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ тайлбарласаар өнөөг хүрсэн учраас олон нийт ийн гайхсан хэрэг. Хэрэгт яллагдагчаар татагдаад буй хүмүүсийн ар гэрийнхний хэлж буйгаар хуулийн байгууллагынхан хэргийг илрүүлэх бус хэн нэгэнд үүрүүлэх гэсэн процесс явагдаж байна гэж хэлснийг ч бас бодох л хэрэгтэй.
Тодруулбал, яллагдагч Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаатар "Миний дүүг ажилдаа явж байхад нь шууд баривчилсан гэдэг. Би бол өөрөө Улаанбаатарт амьдардаг. Тухайн үед ар гэрийхэнд нь тагнуулаас баривчилсан гэх мэдээллийг өгсөн байсан.
Баривчилсан шалтгаан нь гэвэл хүн амины хэргээр ял эдэлж буй Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр ийн хүн амины ноцтой гэмт хэргийн гэмт хэрэгтэн болгочихлоо. Дүүг баривчилснаас нь хойш биднийг тоотой хэдэн удаа л уулзуулсан. Гэтэл манай дүү энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Тухайн үед Чимгээ нялх биетэй байсан. 1998 онд хамгийн бага хүүхэд нь хоёр настай байсан. Дунд хүүхэд нь Дорноговь аймагт амьдардаг манай ээж дээр байсан. Тийм хүн энэ том хэргийг хийх гээд явна гэдэг ямар ч эрүүл хүний ухаанд багтахгүй. Бядтайхан юм уу эсвэл нэлээн том хүн л тийм хэрэг хийх болов уу.
Тэгэхээр ямар ч үндэслэлгүй, зөвхөн Ц.Амгаланбаатар гэх хүний гүтгэлгээр хорьчихож байгаа юм. Бид жил шахам хуулиа хүндэтгэж, хүлээлээ. Учир нь хэрэг хийгээгүй учраас гаргачих болов уу гэж итгэж байв. Мөн Тагнуулын ерөнхий газраас биднийг хэвлэлд мэдээлэл өгөхийг хориглосон. Бид чухам яагаад нууц гэдгийг нь одоог хүртэл ойгохгүй байна” хэмээсэн юм. Ямартай ч эл хэргийн жинхэнэ захилагч нь хэн байсан бэ. Үнэхээр улс төрийн аллага мөн байсан уу үгүй юу гэдэг нь тогтоогдохгүйгээр хэрэг шийдэгдэх болчихлоо.
Гэхдээ учир мэдэх хуулийн зарим хүний ярьж буйгаар "Уг хэргийн шүүх хурал нэлээд адармаатай явагдсны эцэст хэргийг дахин мөрдөн байцаалт руу шилжүүлж магадгүй” хэмээн ярьж байсан юм. Ямартай ч аллага болсон цагаас хойш С.Зоригийн хэрэг удахгүй илэрнэ хэмээн шоудаж байсан улстөрчид маань жирийн нэгэн ядарсан иргэдээ хийгээгүй хэргийнх нь төлөө аймшигтай том шийтгэл хүлээлгүүлж тэдний ар гэр үр хүүхдийнх нь хувь заяагаар жинхэн утгаар нь тоглочих шиг боллоо. Хэдийгээр хэн нэгэн этгээд гэмт хэрэг хийсэн бол эцсийн дүгнэлт шийдвэрийг шүүхийн байгууллага гаргана. Тиймээс шүүх энэ хэргийг хэрхэн дэнсэлж ямархуу шийдвэр гаргах бол гэсэн хүлээлт бий болоод байна.
Эх сурвалж: