|
Видео

Шинэ мэдээ

С.Зориг агсны хэргийг 18 жил мөрдчихөөд ногоочин, малчин хоёрыг буруутгана гэж үү?

С.Зориг агсны хэргийг 18 жил мөрдчихөөд ногоочин, малчин хоёрыг буруутгана гэж үү?

 

-Энэ хэрэг улс төрийн аллага мөн ч бай, биш ч бай хамаагүй, харин улс төрийн ашиг хонжоо олох арга хэрэгсэл болсоор өнөөг хүрсэн-

Ардчиллын алтан хараацай хэмээн нэрлэгддэг С.Зориг агсныг амиа алдсанаас хойш манай хууль хяналтынхан бүхэл бүтэн 18 жилийн турш хэрэгтнийг барих гэж өдөр шөнөгүй хүчин зүтгэсэн хэмээн ярьдаг. Тэгвэл өнгөрсөн оноос эхэлж уг хэргийг үйлдсэн гэмт этгээдүүдийг олж илрүүлэн хэрэгтнийг шүүхийн өмнө аваачих л үлдлээ гэх үгийг хуулийнхан амнаасаа унгаачихсан.

Яг үнэндээ уг хэргийг үйлдсэн гээд байгаа малчин, ногоочин хоёр ямар зорилгоор С.Зориг агсны амь насыг хөнөөх болов гэдэг үг одоо ч асуултын тэмдэг хэвээрээ байсаар л байна.

Түүнчлэн УИХ-ын сонгуулийн дараа гэнэтхэн л Хотын дарга асан Э.Бат-Үүлийг уг хэрэгт сэжиглэж нийгэм даяар шуугиан тарьж Э.Бат-Үүл ч өөрийгөө энэ хэрэгт ямар ч холбогдолгүй хэмээн хэдэн өдөр дараалан хэвлэлийн бага хурал хийж олон ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгч байсан удаатай.

Юутай ч Үүл баатар андынхаа амь насыг хөнөөгөөгүй байжээ гэдгийг хууль хяналтынхан тогтоосон бололтой. Ийн хэлэхийн учир нь өчигдрөөс эхлэн зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр Э.Бат-Үүлийг холбогдуулан шалгаж байсан зүйл ангиуд нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй учраас прокурорын шатанд хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ гэх мэдээлэл гарсан юм. 

Уг нь өнгөрсөн есдүгээр сард сүрийг үзүүлэн Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татсан тухайгаа хуулийнхан мэдэгдэж байсан. Гэтэл сар гаруйхан хугацааны дотор түүний гэм буруутай эсэх нь тогтоогдохгүй байна хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгож байгаа нь хэн хүний сонирхлыг татна. Угтаа бол талийгаачийн эхнэр Д.Булганыг бүтэн 11 сар цагдан хорьсны эцэст хэрэгт холбогдолтой хүмүүсийг олж тогтоосны үндсэн дээр Э.Бат-Үүлийг яллагдагчаар татжээ гэсэн ойлголт нийгэмд тарж байсан юм. 

Э.БАТ-ҮҮЛ: ЯЛЛАГДАГЧААР ТАТАХАД ТОДОРХОЙ НОТЛОХ БАРИМТТАЙ БАЙХ ЁСТОЙ 

Түүнчлэн Э.Бат-Үүл "сонгуулийн сунгаа дуусч, улс орны торгон жолоог МАН-ынхан атгаснаар баривчилгаа ихэслээ гэх утгатай тайлбарыг ч өгч байсан юм. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сарын 12-ны өдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө ийн ярьж байсан юм. 

Тэрбээр "Намайг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт хууль бусаар дахин яллагдагчаар татлаа. Маш ноцтой, эргэлзээ төрүүлсэн үйл явц болж байна. Намайг шалгах ёстой бол шалгаж болно. Гэхдээ хуулийн дагуу шалга. Би түүнд нь хэзээ ч саад болохгүй. Дуудсан цагт нь очиж, мэдүүлэг өгнө.

Хууль зөрчөөд хийж байна гэдэг чинь өөр зорилготой байна, хэлмэгдүүлэх зорилготой байна гэсэн үг. Тэгээд дандаа сонгуультай үед. Сонгуулийн дараагаас намайг С.Зоригийг алж байхад нь хажууд нь байсан гэсэн мэдээлэл гарах болсон. Үүнийг шалгуулахаар прокурорт хандсан боловч шалгаж өгөхгүй байгаа. 

Яллагдагчаар татахад тодорхой нотлох баримттай байх ёстой. Гэтэл яллагдагчаар татсан хойноо нотлох баримт хайгаад байна. Өнгөрсөн тав дахь өдөр /2016.09.09/ хэрэг болсноос хойш анх удаа миний хурууны хээ, үс, цусны шинжилгээг авлаа. Хэзээ ч өмнө нь ийм шинжилгээ авч байгаагүй. 16 жилийн өмнө мөн л ингэж байсан.

16 жилийн дараа ирээд нөгөө асуудаг зүйлсээ асууж байна. Гэхдээ энд хэргийг илрүүлэхээс өөр сонирхол байна. Намайг байцааж байгаа мөрдөн байцаагчид "Наад хүнээ хорь" гэсэн дарамт дээрээс нь үзүүлж байгаа. Өнөөдөр ч гэсэн миний энэ мэдээллийг тасалдуулах вий гэж би зориуд цаг үеийн асуудлаар гэсэн зарыг та бүхэнд хүргэсэн” хэмээж уг мэдээллийг хийж байсан юм. 

Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн сарын 25-ны өдөр Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат "С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Булганаас гадна нэг бус хүнийг холбогдуулан шалгаж байгаа. Хэрэг нууцын зэрэглэлтэй тул нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй.

Хэргийн мөрдөн байцаалт дууссан учраас удахгүй шүүхэд шилжүүлнэ” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл түүний хийсэн энэхүү мэдээлэлд Э.Бат-Үүлийн нэрийг дурдаагүй учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож малчин, ногоочин, ял эдэлж буй гурван хүн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн онц ноцтой хэргийг үйлдсэн болж таарах нь хэмээх үгс цахим ертөнц төдийгүй хэвлэл мэдээллээр ч гарч байсан.

Угтаа бол прокурорын байгууллагаас Э.Бат-Үүлд холбогдох зүйл заалтыг хэрэгсэхгүй болгосон уу гэх үгийг хэлэх гээд байгаа хэрэг. Ямартай ч хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх үгийг албаныхан одоогоор амнаасаа унагаагүй байгаа ч Үүл баатар С.Зориг агсны хэрэгт ямар ч холбогдолгүй байжээ гэх ойлголтыг олон нийт авчихлаа. 

ГЭМГҮЙ ХҮМҮҮС ХЭЛМЭГДСЭН БОЛ ЯАХ ВЭ? 

Уг нь аливаа нэгэн хэрэгт яллагдагчаар татагдсан хэн нэгэн этгээдийг зайлшгүй нотлох баримтад үндэслэж байж яллагдагчаар татах ёстой. Гэтэл хуулийнхан маань яаран сандран түүнийг яллагдагчаар татсанаа зарласнаас болж олон нийт төөрөгдөлд ороод зогсохгүй Улсынхаа баатар хүнийг ч сар гаруйн хугацаанд хүнд байдалд оруулаад авлаа.

Эцэст нь хэлэхэд энэ хэрэг улс төрийн аллага мөн ч бай, биш ч бай хамаагүй, харин улс төрийн ашиг хонжоо олох арга хэрэгсэл болсоор байгааг ард түмэн нүдээрээ харж, чихээрээ сонсож байна.

Тэднийг ийнхүү шоудсаар байтал жирийн нэгэн малчин, ногоочин хоёр л буруутай болж үлдэх нөхцөл байдал бий болчихлоо. Угтаа бол гэм зэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж, хэргийг хаах гэсэн башир арга гэдгийг хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийн ар гэрийнхэн олон нийтэд мэдээлсэн. Тэгэхээр тэд яагаад С.Зориг агсныг зэрлэгээр хөнөөнө гэж, зорилго нь юу байв аа гэх асуулт одоог хүртэл тайлагдаагүй байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler