| |
Улсын ерөнхий прокуророос 10 мянган хавтаст хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Цагдаагийнхан болон мөрдөн байцаагчдын мөрдөж шалгаж, хөдлөшгүй нотлох баримтаар илрүүлсэн хэрэг Прокурорын шатанд очоод хэрэгсэхгүй болгодог, хав дардаг гэсэн ойлголт олон нийтийн дунд байдаг. Яагаад хэргийг нотлох баримттай нь илрүүлж, шалгаж тогтоосон байхад хяналт тавих ёстой прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгочихдог юм болоо гэсэн асуултыг хохирогчид бие биенээсээ их асуудаг юм билээ.
Гэвч прокурор хэргийг хянаж үзээд хэрэгсэхгүй болгох эрхтэй гэсэн үгээр асуулт эрж тавьсан хүмүүсийн амыг тагладаг. Прокурорын шатанд хэрэгсэхгүй болгох юм бол мөрдөн байцаагчид цаг наргүй, нойр хоолгүй хэргийн араас хөөцөлдөж, олон сар өдрөөр зүтгэж ажилласаны хэрэг юу байна аа.
Нэг нь хэргийг илрүүлэхээр нөгөөх нь үгүйсгэж хэрэг биш болгоод байвал ямар уу. Тэгээд дандаа албан тушаал болон авлига хээл хахуультай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож, олон тэрбумын хохирол учруулж, эсвэл хүний эд хөрөнгө булааж сүйтгэсэн, амь нас, эрүүл мэндээр нь хохироосон гэмт этгээдийг дур зоргоор нь эрх чөлөөтэй нэгэн болгож өршөөгөөд байвал ямар уу.
Ер нь ихэнх хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгодог нь үнэн. Улсын ерөнхий прокурорын газраас энэ оны хагас жилийн байдлаар 10 мянган хэргийг хэрэгсэхгүй болгосон тоол баримт байна. Хавтаст хэргийг хэрэгсэхгүй болгох хэд хэдэн үндэслэл шалтгаан бий гэнэ.
Тухайлбал, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хохирогч сэжигтэн эвлэрэх, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, Өршөөлийн хууль гарсан, хэргийн хохирогч нас барсан гэх мэт үндэслэлүүдээр хавтаст хэргийг хэрэгсэхгүй болгож хаах тохиодол их бий.
Хагас жилд 10 мянган хэрэг гэхээр их олон хавтаст хэрэг байгаа юм. Тэдний бараг 50 хувь нь албан тушаал болон авлига, хээл хахуулын хэрэг. Уг нь томоохон, ноцтой, олны анхаарал татсан хэргүүдийг хянадаг гэдэг утгаараа прокурорын байгууллага олны анхаарлын төвд байдаг.
Прокурорын байгууллага хэргийг хэргэсэхгүй болгох, мөрдөн байцаалтад буцаах нь хэт ихэсч байгаагаас томоохон хэргүүд шүүхээр орж эцэслэн шийдвэрлэгдэхгүй байна гэх шүүмжлэл бий. УЕП-ын эх сурвалжийн ярьснаар "Мөрдөн байцаалтын явцад хэрэг үйлдсэн нь хөдлөшгүй баримтаар тогтоогдсон атал прокурорын байгууллага хэрэгсэхгүй болгодог гэвэл өрөөсгөл ойлголт.
Тодорхой нэр заасан хэрэгт асуудал байсан эсэхийг харин ярьж болох юм. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч прокурор, шүүгч бүгд л өөрийн дотоод итгэлээр үнэлдэг. Эдгээр хүмүүст өөр хэнтэй ч хуваалцах аргагүй дотоод итгэл гэж байгаа. Хэрэгт цугларсан нотлох баримтыг прокурор судлахдаа хэрэг мөн байна гэвэл шүүхэд шилжүүлнэ.
Хэрэв нотлох баримт хангалтгүй байна гэвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу хэрэгсэхгүй болгох нь прокурорын эрх юм. Энэ бол үнэлэмжийн асуудал. Гагцхүү прокурор хэргийг хянах явцдаа хууль бус үйлдэл гаргасан бол дараа дараагийн шатны прокуроруудаар хянадаг” гэсэн юм.
О.Сайхан
ZALUU.COM