| |
Өглөө бүр бүтэн цагийн түгжрэл үүсгэдэг эрх ямбыг халмаар байна
Сайдтан ажилдаа саадгүй очиж байвал бид хэдэн цаг түгжирч, гадаа даарч зогсох энэ тэр бол огтоос хамаагүй аж. Үнэндээ МАН ялснаас хойш зам хааж давхидаг энэ үзэгдэл эрс нэмэгдээд байх шиг. Энэ гайхамшигтай эрх мэдлийн үр шимийг Хан-Уулчууд илүүтэйгээр хүртэж, өглөө бүр ажлаасаа хоцорч, орой бүр гэртээ амь тавихаас наагуур очиж байна.
2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр
Ядаж зам хааж давхидаг энэ "заваан” эрх ямбаа больчих л доо. Үнэхээр хааж давхимаар байвал оргил цагт бус бусад цагаар явж бай л даа. Яг ажлын цаг эхлэхтэй зэрэгцээд л түгжирч ядаж байгаа замыг цэлийлгэж, явж байсан автомашиныг замын хажуу шахаж зогсоож байгаад л давхиж одох юм. Тэгтлээ яараад байдаг юм бол өглөө эртхэн Төрийн ордон руугаа оччихож болдоггүй юм уу. Эсвэл оргил цагийн ачааллыг дуусах үеэр ч явсан болж л байна шүү дээ. Заавал бидэнтэйгээ зэрэгцэж, энэ их түгжрэл дундуур сайд даргын эрх мэдлээ эдэлж ард иргэдээ бухимдалд автуулах шаардлага байсан уу, эрхмүүд ээ. Өнгөрсөн зунаас хойш энэ мунхаглалыг тань тэслээ. Одоо үнэхээр тэвчишгүй нь. Ядаж байхад гадаа хүйтэн болчихлоо. Энэ үед таныг эрх ямбаа эдлэхийг тань хараад даарч зогсоход үнэхээр бэрх байна.
Аль нэг талдаа шийдвэр гаргая. Нэг бол сайд дарга нар минь өглөө эртхэн ажилдаа яв. Үгүй бол бидэнтэйгээ хамт замын хөдөлгөөний дүрмээ баримтлаад түгжрээд явж бай. Алийг нь ч шийдсэн нэгдүгээр ард түмний эрх ашиг гэдгийг бүү мартаарай.