|
Видео

Шинэ мэдээ

Хотын дарга аа, сайжруулж чадахгүй бол битгий "муужруул"

 

"Галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө”. Нийслэлийн удирдлагууд Солонгос улсыг дуурайж байгаа нь энэ гээд иргэдээ хөлдөө чирч дууслаа.

Наадмын дараахан "Арслантай гүүр”-ний усан хөшиг гэж хогийн ажил хийсэн. Түүнийхээ горыг хангалттай амсч сонин хэвлэлээр Хотын дарга хангалттай шүүмжлүүлсэн. 70 саяын өртөгтэй уг бүтээн байгуулалтын ажил нь Сөүлын Вапро голын гүүрэнд байрлах усан хөшгийг дуурайсан гэсэн. Гэвч дуурайх нь байтугай хүний урманд дөхөж ч очсонгүй. Дэмий л иргэдийг бухимдуулж, татвар төлөгчдийн халаасны мөнгөнөөс "хумсалсан” төдий ажил болов.

 

Өнөөдөр хотын удирдлагууд автобусны богино эргэлт гэгчийг нэвтрүүллээ. Уг нь өнгөрсөн жил энэ системийг туршиж үзсэн. Харин иргэд "үгүй” гэдэг хариултыг өгсөн. Харин хотын дарга Э.Бат-Үүл хэлэхдээ "Дугаарын хязгаарлалт хийхийн тулд нэг асуудал тулгарсан нь нийтийн тээвэр байсан. Машин нь явдаггүй өдөр хүмүүс автобусанд сууна. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээ хэрэгцээг нь хангаж чадахааргүй байлаа. Үүнийг бодолцож,  нийтийн тээврийн шинэ үйлчилгээг автомашины хязгаарлалттай зэрэг нэвтрүүлж, туршиж үзсэн юм. Сэтгэл хангалуун байгаа. Өнөөдөр нийтийн тээврийнхэн хүний төлөө бус ашгийн төлөө давхидаг гэсэн муу нэр зүүдэг” гэв.

 

Энэ санаа бас л Солонгосыг дуурайсан ажил болов. Кондуктор билет тасалдаг байсныг өөрчилж цахим карт гэдэг зүйлийг хэрэглэдэг боллоо.

Эдгээр өөрчлөлт манайх шиг жижиг, төв зам нь түгжрэл ихтэй, үзвэр үйлчилгээ гээд бүх төвлөрөл нь төвдөө чиглэсэн газар автобус богино эргэлтээр явна гэдэг дэндүү эрсдэлтэй.

 

Өнгөрсөн хагас сайн өдрөөс хойш автобусны буудлаар дүүрэн будилсан хүмүүс. Өмнө нь тогтсон нэг хаягтай, нэг чиглэлтэй автобусанд суудаг байсан иргэд ямар автобусанд суугаад хэд дамжихаа мэдэхгүй байна. Өнгөрсөн сард цахим картыг нэвтрүүлэхдээ 30 минутын дотор сэлгэж суухад үнэгүй гэж байсан. Харин одоо "компаниудад ашиггүй алдагдалтай учраас мөнгөнөө төлөөд сэлгээд суугаарай” гэж байх юм. Эсвэл шийдвэр нь хараахан гараагүй байна гэж хариулсаар бараг бүтэн сар боллоо.

 

Нэгэн иргэн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан нийтийн тээврийн шинэчлэлийн талаар саналаа илэрхийлжээ.

Тэрбээр"Нийтийн тээврийн шинэчлэл гэдгийн ачаар өглөөнөөс эхлээд толгой эргэв. Өглөө орой харих гэж 3000 төгрөг төлдөг болов. Ядахад гэр маань Орчлонгийн арын гэр хороолол. Тэр лүү явдаг автобус байхгүйгээс 21 дээр буугаад 1500-аар такси барина. Үүл баатар энэ бантангаа арилгавал яаж байна. Дамжин суултаа цэгцэлвэл зүгээрсэн. Эс тэгвээс авсан хэдэн төгрөг маань автобусны богино рейсийн ачаар 14 хоногтоо ч хүрэхгүй дуусах гээд байна. Халаасандаа багтаж ядсан мөнгөтэй бол бас яах гэхэв. Хөдөөнөөс ирсэн оюутнууд төөрнө. Дээрээс нь нийтийн тээврийн шинэчлэлээ ойлгоогүй иргэд нь төөрнө. Өглөөнөөс эхлээд автобусны чиглэл хайсан, сурагласан хүмүүс. 10 дугаар хороолол дээр 30 минут зогсоход тэр хооронд ямар олон Таваншар-Офицеруудын ордон ирж байна аа. Ар араасаа залгаад зогсчихсон л байх юм. Шинэчлэлийг буруутгах гэсэнгүй. Энэ мэт завхралаа арилгаач ээ" гэжээ.

 

Өмнө нь хотын нэг захаас нөгөө захад хүрэхийн тулд 500 төгрөг төлдөг байсан. Харин одоо нэг талдаал 1500 төгрөг. Ирж, очихын 3000 төгрөг болж байна. Иргэн сардаа 60000  төгрөгөөр нийтийн тээврээр үйлчлүүлэх гэнэ. Өмнө нь тэд 15000 төгрөгөөр л үйлчлүүлдэг байсан.

 

Дашрамд дурдахад эх сурвалжийн мэдээлснээр Хотын захиргаан дээр "карт аваагүй хүмүүс 1000 төгрөгөөр үйлчилдэг байлгах” гэсэн санааг хэлэлцэж байгаа гэсэн. Хэрвээ уг саналыг "урагшгүй ноёд” дэмжихвэл сардаа бараг авсан бүх цалингаараа автобусанд суух хэрэг гарах нь.

 

Улс орны эдийн засгийн байдал тогтворгүй байгаа энэ үед Нийслэлийн удирдлагууд иргэдээ хохироосон ажил хийхээ хэзээ болих вэ. Олсон хэдэн бор төгрөгийг нь Хотын дарга нь чуулганы хуралд оролцож байгаад "Заавал татвар авахгүй бол болохгүй нь” гэсээр байгаад хууль батлуулсан. Нийслэл хотын татвары гэгчийг иргэн бүр тун удахгүй төлж эхэлнэ.

 

Далайн цаана байгаа Солонгос улсын бүтээн байгуулалтыг дуурайгаад нөгөө татварын мөнгийг нь үргүй зарцуулдаг. Тэднийг дуурайж чадахгүй зүйлээрээ оролдож байхаар ядаж авто замынхаа ус зайлуулах системийг сайжруулчих. Даншиг наадам нэртэй найр хийгээд бас л өчнөөн саяаар нь салхинд хийсгэдэг. Хаана байна тэр хотын даргын хэлээд байсан сая жуулчин.

 

Одоо нийтийн тээврийг орвонгоор нь эргүүллээ. Иргэд бухимдаж байна. Өмнө нь туршиж үзэхэд нь "Хэрэггүй. Бүтэхгүй юм байна. Хүүхэд, хөгшчүүдэд зохицохгүй өөрчлөлт байна” гэж хэлээд байхад хийдэг нь ямар учиртай юм бэ.

 

Э.Бат-Үүл баатрын чихэнд ямар гэгчийн "алтан шумуул” буруу, зөв ая тоглоод байгаа юм бол. Сайжруулж чаддаггүй юм бол ядаж битгий муужруулаач. Жоохон тэвчээд юу ч хийх гэлгүй зүгээр суучих удахгүй сонгууль боллоо.

 

 

 

Г.Ган /ZALUU.COM/


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler