|
Видео

Шинэ мэдээ

KFC, “PIZZA HUT” зайсангийн иргэдийг бухимдуулж байна

KFC, “PIZZA HUT” зайсангийн иргэдийг бухимдуулж байна 
"KFC, Pizza Hut”-ын шинэ салбар Зайсан толгойн чанх урд нээгдээд сар ч болоогүй байгаа. Гэвч иргэдэд үйлчлэхээсээ илүү, тэр хавийнхны гомдолд дарагдаад байгаа аж. Учир нь KFC, "Pizza Hut”-ын салбар автобусны буудлыг эзэгнэн, зэрэгцэн оршиж байгаа юм. Үүнээс болоод өмнө нь автобусны буудал байсан задгай талбай, хоёр урсгалтай зам өнөөдөр нийтийн тээвэр зогсох нь битгий хэл, хоёр машин зөрөх зайгүй болсонд иргэд бухимдалтай байна.

 

Иргэдийн хэлж буйгаар KFC, "Pizza Hut”-аар үйлчлүүлж байгаа хүмүүс автобусны зогсоол дээр зайгүй болтол нь машинаа байрлуулж, иргэдийн зарим нь замын ирмэг дээрээс, зарим нь KFC, "Pizza Hut”-ын шатан дээр шахцалдан байж автобусанд суудаг гэнэ. Дээрээс нь ресторанууд замын тойрог дээр байгаа учраас давчуу зайнд машинууд зөрөхийн тулд нэгэндээ заавал зам тавьж хүлээж түгжрэл үүсгэх, мөн нийтийн тээврийн автобуснууд тойрог дээр машин шүргэх нөхцөл бүрджээ.

Биднийг өнгөрсөн бямба гаригт очиход KFC, "Pizza Hut”-ын урдах талбай буюу зориулалтын автобусны буудал үйлчлүүлэгчдийн машинаар дүүрэн байв. Настай, хүүхдээ тэвэрсэн хүмүүс  KFC, "Pizza Hut”-ын довжоон дээр автобус хүлээн сууж байна. Хүнээ авахаар ирсэн автобуснууд зогсоолоосоо бүр өмнө, эсвэл зогсоол өнгөрч зогсоод иргэдийг гүйцэж очтол хүлээж байлаа. Унаандаа суух гэж холоос гүйлдэх, хүүхдээ чирч гулдарсан, бусдыг царайчилж ядах настай хүмүүс гээд бүгд бухимдаж байна. Тэндхийн оршин суугч Н.Насанбаяр "Анх KFC, "Pizza Hut”-ын салбар нээгдлээ гээд хүмүүс ам сайтай байсан. Гэвч сүүлдээ автобусны зогсоолгүй болж иргэдийн амь нас, аюулгүй байдал ямар ч баталгаагүй боллоо. Саяхан нэг автобус хуучин буудал дээрээ зогсоод хүмүүсээ авах гэсэн чинь битүү машин тавьснаас зайгүй болж, нэг залуу автобусанд чирэгдэх дөхсөн. Харанхуйд бол машин зөрөхгүй зайнд автобус зогсохоор ард нь түгжирсэн машинууд сигналдаад, сандарсан жолооч хүнээ дутуу буул­гах гээд маш эрсдэлтэй болдог. Өмнө нь хоёр буудал өөрөө яваад ирдэг байсан хүүхдээ заавал хүнтэй явуулж байна. Заримдаа энд машин мөргөлдчихсөн байдаг” гэлээ.

Хотын төвөөс Зайсан чиглэлд амралтын өдөр 15 минутын зайтай 50 гаруй, ажлын өдөр 8-10 минутын зайтай 70 гаруй  автобус явдаг байна. Нийтийн тээврийн жолооч нар ч иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл ойрхон байгааг хэлж байна. Дэнжийн 1000-Зайсан чиглэлийн автобусны жолооч "Энд баахан машин зайгүй зогсчихно. Ер нь бол аваар осол хийх эх үүсвэр тавигдчихлаа. Өглөө 6:45 гээд эргэхэд пиццаны машинууд нэг урсгалыг нь бүрэн хаагаад зогсчихсон байдаг. Орой ч  мөн адил. Тэгээд л нэг урсгал нь нам түгжирчихнэ. KFC, "Pizza Hut”-ынхны хувиа бодсон үйлдлээс болж автобуснаас хүн унах юм бол бид л хариуцна. Тиймээс бидний аюулгүй ажиллах нөхцлийг хангаж өгөх хэрэгтэй. Хүнээ хаанаас ачихаа мэдэхгүй, багцаалдаад зогсоно. Өвөл хальтиргаа гулгаа үүссэн үед автобус гулгаад ороход хэдэн машин мөргөөд, хэдэн хүний амь нас хохироохыг мэдэхгүй. Дээшээ эргэхэд хөндлөн тавьсан машинуудыг бөгсөөрөө мөргөнө. Орой 19.00 цагаас хойш үйлчлүүлж байгаа хүмүүс машинаа зам дээр хөндлөн тавьчихна. Тиймээс буудлын "халаас”-ыг чөлөөтэй болгох хэрэгтэй” гэсэн юм.

Харин бид KFC, "Pizza Hut”-ын менежерээс иргэдийн гомдлын талаар тодруулахад "Бид энэ талаар мэдэхгүй. Иргэдэд чирэгдэл учруулж байгаа эсэхийг мэдэхгүй байна” гэсэн хариултыг өглөө.

С.Уянга

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler