| |
“Үл үзэгдэгч" станцууд
Нэг станцын шав тавих ёслолыг гурван удаа сурвалжилсныгаа танил сэтгүүлч маань саяхан хуучлав. Дахиад шав тавибал, ахиад л явна даа хэмээн нуг нуг инээж байна.
2010 оны зургадугаар сарын 18. Энэ өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт "Могойн голын дулааны цахилгаан станц”-ын анхны шанг татсан байдаг. Монгол орны баруун хойд хэсэгт байрлах "Могойн гол”-ын нүүрсний уурхайг түшиглэн 60 мегаваттын дулааны цахилгаан станц барихаар болжээ. Хөвсгөлөөр тогтохгүй хаяа залгадаг Завхан, Говь-Алтай аймгийн сумдыг илч, гэрлээр хангах энэ станцын шан татах ёслол сүржин болсон нь мэдээж. Улбар шар тайз засаж, улаан тууз хайчлав. Лам хувраг, төрийн түшээд цуглан, ном хур айлдаж, найр наадам ч хийж амжсан. Сүр, дуулиантай болсон энэ үйл явдлаас сэтгүүлчид хоцорсонгүй. Тэдний дунд нийтлэлийн эхэнд өгүүлсэн мөнөөх сэтгүүлч маань явж байсан юм.
Үүнээс хэдэн жилийн дараа ийм мэдээ сонинд хэвлэгджээ. ..."Могойн голын дулааны цахилгаан станц”-ын шав тавив. Танил өгүүлбэр сонсогдож байж мэднэ.
Энэ удаа байршлыг нь өөрчилж, Завхан аймгийн Тэлмэн суманд тууз хайчилсан. Ёслол ч сүржин болж өндөрлөжээ. Энэ станц 2016 онд ашиглалтад орно хэмээн албаны хүмүүс тухайн үед амалж байсан байх юм. Тэгвэл энэ онд илч, гэрлээ түгээх учиртай станцын шавийг cap гаруйн өмнө дахин тавилаа. Завханы Тэлмэн сумын Хүрэн талын хөндийд станцын шанг хатсан байна. Хүчин чадлаа 100 мегаватт болгон өсгөснийг нь эс тооцвол бүх юм янзаараа. Сүржин нээлтийн удиртгалыг мэдээж аймгийн удирдлага, төрийн түшээд хөтөлсөн.
Одоогоос зургаан жилийн өмнө шавыг нь тавьсан "үл үзэгдэгч” станцын түүх ийн хөвөрнө. Энэ завсар хэдэн ч хөрөнгө оруулагчийн нүүр үзэв, хэчнээн ч удаа бууриа сэлгэв. Угтаа энэ нь Монголын баруун хойд талын хэд хэдэн аймгийг дамнан оршдог "Могойн гол”-ын уурхайн нүүрсийг ашиглаж, гэрэл, дулаан түгээх туйлын зорилготой ганцхан төсөл. Гэтэл гадна "зүс”-ээ хувиргасаар, танигдахын аргагүй болчихоод байгаа нь энэ.
Үнэндээ энэ түүх манай эрчим хүчний төслүүдийн бодит төрх. Цаасан дээр хэдэнтээ сүндэрлэж, шав тавих ёслол нь цөөнгүй болсон ч нүдэнд торох юмгүй, "үл үзэгддэг” төслүүд Монголд олон байна. Уншигчдын сайн мэдэх нэгэн жишээг өгүүлье. Энэ бол Шивээ 0воогийн том чадлын цахилгаан станцын төсөл. Монгол Улс урд хөрштэйгээ экспортын чиглэлийн станц барихаар сүүлийн 10 гаруй жил хэлэлцэж байна. Гэтэл дэлгээд харуулчих ахицтай ажил ганц ч алга.
Харин цаасан дээр боссон эрчим хүчний станцуудын хүчин чадал манай хэрэгцээг хэд нугална. Албаны хүний хэлснээр манай эрэлтээс 20 дахин их хүчин чадал бүхий станцууд хэдийнэ "сүндэрлэчихэж”. Монгол Улсын цахилгааны хэрэгцээ жилд дунджаар 1000 мегаватт гэж тооцвол бараг 20 мянган мегаваттын бэлэн төсөл, хөтөлбөр байна гэсэн үг. Ингэж бодвол Монгол Улс хилийн чанадаас цахилгаан царайчлахгүй. Харин илүүдэл эрчим хүчээ экспортолж, валют олоод суухаар улс, уг нь. Харамсалтай нь, илүүдэх нь бүү хэл дутаж байна. Эдүгээ монголчууд цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хувийг хоёр хөршөөсөө худалдаж явдаг. Тэр дундаа ОХУ-аас авдаг эрчим хүчний импорт сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөж байгаа. Газрын доор, дээрээ эрчим хүчний арвин нөөцтэй Монгол Улс ийнхүү цахилгаан импортолж суух нь ичмээр ч юм шиг. Импорт ийн тэлэх завсар төсөөллөөс хэтрээгүй эрчим хүчний төслийн TOO өсөн, үржиж байна.
..."Хоёр тал эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар боллоо”. Ийм мэдээг ч уншигч та олонтаа сонссон гэхэд эргэлзэхгүй байна. Сайхан санаа сэдэж, харилцан хэлэлцдэг. Гэхдээ ярихаас хэтэрсэнгүй.
Төслүүдийн зогсолтыг ашиглан мөнгө олох арга ч дэлгэрээд эхэлжээ. Салбарын хүний тайлбарласнаар энэ аргыг сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд түлхүү ашигладаг аж. Манай "ногоон” эрчим хүчний эрх зүйн орчин нэн таатай болохыг хөрөнгө оруулагчид ч хүлээн зөвшөөрдөг. Төр сэргээгдэх эрчим хүчийг бодлогоор дэмждэг. Нүүрснээс гаргаж авсан цахилгааны орлогоос "ногоон” эрчим хүчинд илүүчилдэг. Бас байгаль дээлтэй эрчим хүч үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг тэг хувийн импортын татвартай оруулж ирдэг. Энэ бол төр, засгаас эрчим хүчний шинэ эх үүсвэрт нээлттэй бодлого баримталж буйн баталгаа. Гэтэл энэ ховор боломжуудаар "бамбай” хийн, эрчим хүчний төсөл бичээд, мөнгө босгох сонирхолтой хүмүүс байгааг мэргэжилтнүүд хэлсэн юм.
Өөрөөр хэлбэл, уул уурхай уруудснаар цэвэр эрчим хүчийг мөнгөний "уурхай” болгон харж эхэлсэн нь энэ. Сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрхэн өссөнийг илтгэх ганцхан жишээ дурдъя.
Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хүчин чадал бараг 800 мегаваттыг давсан. Энэ нь манай эрчим хүчний нийт эрэлтэд дөхөж очихоор дүн. Зөвхөн сэргээгдэхэд олгосон зөвшөөрлөөр бид дотоодын цахилгааны хэрэгцээгээ хангахад ойрхон байна гэсэн үг.
Дашрамд хэлэхэд. энэ нийтлэлээр сэргээгдэх эрчим хүчний төслүүд өсөн, нэмэгдэж байгааг шүүмжлэх гэсэнгүй. Зөвхөн эдгээр төслийг "амь” оруулах шаардлагатай болохыг сануулах гэсэн юм.
Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддорж хөрөнгө оруулагч болон банкны шаардлагыг давах төсөл тун ховор байгааг өгүүлэв. "Төсөл санаачилж, станц барих зөвшөөрөл авч болно. Харин эдийн засгийн тооцоо, судалгаагаа нарийн хийх, гэрээний нөхцөл шаардлагыг биелүүлэх, санхүүжилт татах, барьж, ашиглалтад оруулах нь хамгийн чухал. Зах зээлээ сайтар судлах учиртай. Одоогоор бүрэн хэмжээний судалгаа хийсэн төсөл цөөн байна” гэв. Нөгөө талаас эрэлт буурч эхэлсэн нь төслүүд зогсох шалтгаан болжээ. Иймд дахин хэрэглээний төлөвөө тооцох нь чухал байгааг санууллаа. Үүнийг шийдвэрлэхээр салбарын яам ажиллаж байгаа юм билээ.
Эрчим хүчний яамны мэдээлснээр 66 төсөл яриа, хэлэлцээний шатандаа байна. Үүнээс 37 нь станц барих тусгай зөвшөөрлөө авчээ Зузаан гэгч төслийн баримт бичгүүд салбарын яаманд өрөөстэй байгааг үүнээс харж болно. Харамсалтай нь, эндээс сугалаад авчихаар төсөл цөөн байгаа нь анхаарах асуудлын нэг.
Төслүүд нь тооцоо судалгаатай, Монголын төр тууштай байж чадвал асар их мөнгөө бидэнд тушаахад бэлэн орон олон бий. Учир нь бид эрчим хүчний томоохон хэрэглэгчидтэй зэрэгдэн оршдог. 2030 он гэхэд урд хөршийн эрчим хүчний хэрэглээг хангахын тулд 8.5 триллион кВт.ц цахилгаан шаардлагатай гэсэн судалгаа ч бий.
Тиймээс урд хөрш эрчим хүчний эрэлд гарсан. Тус улс тив алгасан эрчим хүчний салбарт хамтран ажиллаж байна. Францын Төрийн өмчид "Areva” цөмийн станцыг шийэчлэхэд БНХАУ оролцох сонирхолтой байгаагаа энэ долоо хоногийн эхэнд илэрхийлэв. "Areva” цөмийн станцыг шинэчлэхэд эхний ээлжинд 5.4 тэрбум ам.доллар шаардлагатай. Хоёр улс 2015 онд хамтын ажиллагааны боломжуудыг судлах санамж бичиг байгуулсан. Үүнээс жилийн дараа ажил хэрэг болгоод эхэлж буй нь энэ. Улс орнууд ингэж хамтран ажиллаж байна. Гэтэл бид олон төсөл, том тоон дунд төөрсөөр...
Эрчим хүчний салбарыг сонирхогчид олон байгаа нь мэдээж сайн хэрэг. Гагцхүү урагшилдаггүй олон төсөл, уртаас урт мөрөөдлийн жагсаалт нь өнөөгийн Монголыг эрчим хүчний гуйлгачин хэвээрээ үлдээж буй нь халагламаар.
Г.БАЙГАЛ
[ЗГМ]